Түм түжигнэж, бум бужигнасан улсын нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, өндөр байшин барилга сүндэрлүүлэн барьсаар. Их хотод байшин барих газар их өртөгтэй байдаг гэдэг. Орон сууц барьж байгаа хувийн хэвшлийнхэн нэг метр квадрат талбайн үнэ өндөр байгаагаа газартай холбож тайлбарладаг нь ч үүнтэй холбоотой байдаг биз. Иргэд олон нийтийн дунд хотын төвийн газруудыг эрх мэдэлтнүүд өндөр үнээр өвөр зуураа наймаалцдаг гэсэн яриа ч дуулддаг.
Гэтэл хотын төвд, тодруулбал 13-р хороололд, Нарантуул зах руу явах замд ийм нэгэн байшин, сургууль баригдаад дуусаж байгааг хараад гайхах, эргэлзэх зэрэгцлээ. Юунд гайхсан вэ? гэвэл хотын төвийн А зэрэглэлийн бүсд, худалдааны гудамж гэмээр газарт яаж ийм том талбайд 5 давхар дээд сургуулийн барилга барих зөвшөөрөл олгогдов уу, хэн энэ зөвшөөрлийг өгөв, хэдэн саяар наймаалцав гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.
Манайхан л болсон хойно гадныханд ихээхэн “саймширдаг”. Гэлээ гэхдээ хотын төвийн А зэрэглэлийн газарт дээд сургууль барих зөвшөөрлийг Солонгосын Христийнхэнд олготлоо “сүжирнэ” гэж байх уу. Ингэж хэлэхийн учир юу гэвэл угаас 13-р хороололд Улаанбаатар дээд сургууль нэртэй байсан Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай, оюутнууддаа шашны хичээл заадаг гэдгээрээ олонд танигдсан Улаанбаатар дээд сургууль, “чоно борооноор” гэгчээр одоо нийслэлийн нэрээр маань нэрлэгдсэн Их сургууль болж байгаа юмуу даа янз нь. Уул нь Баянзүрх дүүргийн Монгол Кино үйлдвэрийн хойно байрлах Улаанбаатарын Их сургууль гэж байсан. Төрийн бодлогоор, уржнан жил эл сургуулийг МУИС-ийн салбар сургууль болгож өөрчилсөн. Энэ нь харин Солонгосчуудад том “олз” болсон бололтой. Дээд сургуулиа Их сургуулийн статустай болгоод зогсохгүй Улсын маань нийслэлийн нэрээр Солонгосчууд сургуулиа нэрлэчихэж байгаа юм байна.
Эргэлзэхийн учир юу байв гэвэл аливаа улс орны нийслэл хотын нэрээр нэрлэгдсэн их сургууль улсдаа хамгийн их нэр хүндтэй, тухайн улс орны мэргэжил боловсролын цөм нь байдаг. Тухайлбал, Москвагийн Их сургууль, Токиогийн Их сургууль, Сөүлийн Их сургууль гээд олныг дурьдаж болно. Харин манайд бол Улаанбаатар Их сургууль нь Солонгосын хөрөнгө оруулалттай, Солонгос захиралтай, Солонгос хэл дээр хичээл нь заагддаг, Солонгосчууд багшилдаг сургууль байх юм даг уу даа. Энэ сургууль “Итгэл-Найдвар-Хайр” /Faith-Hope-Love/ урианаасаа эхлээд шууд л Христын шашны чиглэлтэй гэдэг нь хэн бүхэнд ойлгогдоно. Оюутны тэтгэлэг, солилцоо, магистрын докторын сургалт, хөнгөлөлт гээд Солонгос улсад сургах, улмаар шашны зүтгэлтэн болгох ажлыг Монголд гардан хэрэгжүүлдэг сургууль гээд хэлчихэд хилсдэхгүй л болов уу.
Удахгүй сурагчдын дунд Ерөнхий шалгалт болж, тэд их дээд сургуульд элсэнэ. Энэ сургууль олон сайн сайхан зүйл ярьж эцэг эхчүүд, хүүхдүүдийг өөртөө татна. Гэвч үнэн хэрэгтээ манай томчуудын толгойг хүртэл эргүүлж чадсан чадварлаг хөрөнгө чинээтэй Солонгосчууд л энэ сургуулийг авч явж байна. Угаас тэд улс орны засаг төрийнхнийг бага багаар урхиндаа оруулж улмаар “барьцаа” чангалан өөрийн бодлого хэрэгжүүлдэг гэдэг. Тэд бодлогоо нэгэнт хэрэгжүүлдэгээ хэрэгжүүлээд, авдаг газараа аваад, барьдаг сургуулиа бариад, Монголчуудыг итгүүлэх ятгах ажлаа амжилттай явуулж байгаа юм байна. / www.ulaanbaatar.edu.mn – гэсэн хаягаас эл сургуулийн тухай мэдээллийг харж болно/.
Сургуулийнхаа сайт дээр захирал нь гэх хөгшин Солонгос эр “Оюутан залуусаа бүргэд мэт дүүлэн нисэцгээе” гэчихэж ээ, Бүргэд байдаггүй Солонгосчууд хэдийгээс Бүргэдийн тухай бидэнд, тэр тусмаа манай залууст заадаг болоо вэ, Бүргэд бол Христын шашны нэгэн томоохон бэлгэ тэмдэг гэдгийг энэ дашрамд хэлчихье. Түүний энэ уриа нь Монгол залуусын шашин соёлдоо итгүүлэх үйлсийг уриалсан уу гэлтэй.Ингэж байхаар энэ Солонгосчууд хайр, итгэл, найдварын Их сургууль гээд сургуулиа нэрлэчихмээр юм
Монгол төрд “хар хайрцаг”-ны бодлого гэж байна уу, Улаанбаатар хотынхоо нэрээр гадны хөрөнгө оруулалттай сургуулийг нэрлэх болтлоо төрийн бодлого, боловсролын бодлого мухарджээ.
Ц.Мөнх.ugluu.mn