Улаанбаатар хотоор нэрлэгдсэн Солонгосын их сургуульд тавтай морил

IMG279 Улаанбаатар их сургууль хэмээн Монгол  улсын нийслэлийн нэрээр нэрлэгдсэн сургуулийг Солонгос захиралтай, Солонгос хөрөнгө оруулагчидтай сургалтын байгууллагад өгсөн байх юм. Ингээд бодохоор манай төр засгийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст  алсын хараа, холч бодлого гэж байна уу?  Хэдий болтол бид гадныхныг царайчилж, тэднээс горьдож, тэдний өмнө хойно “гүйх” юм  вэ?  Хошин шогийн жүжигчдийн хэлдгээр “дошин  дээрээ жаахан атаман”  байцгаая л даа.

Улсынхаа  нийслэлийн нэрийг Солонгосчуудын сургуульд өгтлөө “ядуурах” гэж үү бид. Та бодоод үз дээ, хэрвээ бид Солонгос улсад очоод  хувийн дээд сургууль байгуулаад, тэднээс Сөүл хотын нэрээр чинь сургуулиа нэрлэх гэсэн юм зөвшөөрөл өгөөч гэвэл юу болох бол, бараг л тэр улсаас хөөгдөх биз.  Харин манайд бол үгүй.

Улс орон маань ядуу тарчигхан байсан  тэртээх 1993 онд  анх П.Очирбат ерөнхийлөгчийн ил далд дэмжлэгээр энэ сургууль байгуулагдаж байсан түүхтэй юм билээ.  Хожим    эл сургуулийн гадны хөрөнгө оруулагчид  манай  үе үеийн улс төрийнхний “гарыг барьж” сургуулиа өнөөдрийн дайтай болгосон гэдэг. Хамгийн сүүлд гэхэд л УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр УИХ-ын сонгуулиар энэ сургуулийг “Их Сургууль”-ийн статустай болгох баримт бичигт гарын үсэг зуржээ.  Ё.Отгонбаяр сайд сонгуулийнхаа сурталчилгаанд эл сургуулийн оюутан, багш нарыг дайчилсан гэсэн яриа ч чих дэлсэж байгаа нь анхаарал татаж байна.

Энэ сургууль одоо Баянзүрх дүүргийн 13-р хороололд, Нарантуул зах руу явах замд 6 давхар хичээлийн шинэ байрны өргөтгөл барьж ашиглалтанд оруулж байгаа аж. Гэтэл үнэн хэрэгтээ Монгол улсын иргэнд  өмчлөх 0.7 га газар нь  нийслэл хотод олдохгүй байхад, хөрөнгө мөнгөтэй Солонгосчууд  хотын төвийн А зэрэглэлийн газар 2-3 га газар авч байшин барьж байгаа нь ихээхэн авлигын хэрэгтэй  холбоотой байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Авлигатай тэмцэх газар  энэ асуудлын хүрээнд шалгалт хийвэл  олон ч асуудлын учгийг  тайлах “шижим” эндээс олох байх даа.

 Мөн Улаанбаатар Их сургуулийн хичээлийн өргөтгөлийн шинэ барилга нь холбогдох газрын зөвшөөрөлгүйгээр баригдсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар бид  эргэн  сурвалжилж мэдээллэх болно. Ямартай ч аливаа асуудлыг мөнгө төгрөгөөр   түрий барьж, ядуу монголчууд биднийг дээрэлхээд сурчихсан ямаан  омогтой Солонгосчууд Монгол улсын нийслэлээр нэрлэгдсэн Их сургуулийг удирдан авч явж  байна.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоор нэрлэгдсэн Солонгосын их сургуульд тавтай морил  гэвэл танд ямар сонсогдож байна вэ, үнэн хэрэг дээрээ ийм л юм болоод байна шүү дээ.

Ц.Мөнх.ugluu.mn

Санал болгох мэдээ

МҮЭХ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ЭМД-ын сангаас 800 сая төгрөгийг гаргаж авсан зөрчил илэрсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар …