Монголын залуучуудын ууган байгууллага болох Монголын Залуучуудын холбоог А.Мөнхбат толгойлж буй.
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн А.Мөнхбат 2012 онд “гэнэтхэн” Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон. Хуучин ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаа өгөх болсон тул тус холбооны Ерөнхий зөвлөл, тэргүүлэгч гишүүдийн өргөтгөсөн хурлаар түүнийг томилсон байна. Тэгвэл саяхан буюу 2015 оны 03 сарын 28-нд 12 жил завсарлаад байсан МЗХ-ны тавдугаар их хурал болж, дахин МЗХ-г удирдахаар сонгогдсон.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын “хуурай дүү”, “Ардчилсан намын угшилтай” А.Мөнхбат өнгөрсөн хугацаанд аймаг, дүүргийн Залуучуудын холбоог шинэчлэн зохион байгуулж, өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг бүрдүүлж чадсан. Тэгвэл 5 дугаар их хуралдаа тойрон хүрээлэгчдээ цуглуулж, 50-200 мянган хүнтэй аймаг бүрээс 2 төлөөлөгчийг чуулган нэртэй өөрийгөө сонгуулах компанит ажилд татан оролцуулж, чимээгүйхэн МЗХ-ны Ерөнхийлөгчийн суудалд “дахин тухаллаа”.
МЗХ-гоор дамжуулан улс төрд шургалах “төлөвлөгөө”-гөө аль хэдийн боловсруулсан А.Мөнхбат ажилгүйдлээр хүртэл бизнес хийж сурчээ.
Өнгөрсөн 2 жилд МЗХ-ноос Хөдөлмөрийн яамтай хамтран “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нэрээр зөвхөн 2013 онд л гэхэд улсын төсвөөс 600 сая төгрөг гаргуулж чадсан байна. Түүний хийсэн ажил дотроос ганцхан жишээг дурьдахад А.Мөнхбат дарга веб сайт хийхэд зориулан 38.0 сая төгрөг зарцуулсан гэжээ. Гэтэл вэб сайтыг 2-5 сая төгрөгт багтааж хийгээд, дээр нь бүтэн жил хөгжүүлэх үнэ үүнд хамаардаг гэдгийг интернэт ойлгодог захын хүн мэднэ. Тэд ингэж л төсвийн мөнгөөр “гараа” угаадаг юм байна.
Г.Эрдэм