Ардчилалсан намд бид итгэсэн, тиймдээ ч тэднийг бид сонгосон.
Ардчилагчид Шинэчлэлийн Засгийн газар гэсэн “сүржин нэр”-тэй Засаг байгуулан ажиллахад бид дуугүй л байсан, Ерөнхий сайд хүргэн Дэнзэнээ төрийн өндөр албан тушаалд томилоход бид бас л зөөлөн хандсан, Н.Алтанхуяг 20 мянган төгрөгийн дүрмийн сантай, байгуулагдаад 3 сар болж байсан ТББ-д 250 сая төгрөг тендергүй шилжүүлснийг мэдсэн ч бид асуудал болгоогүй, УИХ-ын дарга “Улаанбаатарын утаанд хордож байгаа бол RT хийгээрэй” гэж ард түмнийг “тавлан жиргэхэд нь ” бид зүгээр л өнгөрүүлсэн, Эрүүл мэндийн сайд нь эмнэлгийн эмч нараа “эргүү зүүлэг”-ийг нь шалгуулахаар эмч илгээхэд инээгээд л өнгөрсөн, Соёлын сайд нь ганц сэтгүүл гаргахад 450 сая төгрөг гаргаж өгснийг сонсоод гайхаад хоцорсон, Боловсролын сайд нь өөрийн найзынхаа эдийн засгийн чиглэлийн хувийн сургуульд хүний их эмч бэлтгэх зөвшөөрөл олгоход тэгсгээд л орхисон, төрөх эмнэлэг хүрэлцээгүй байхад Хууль зүйн сайд нь олон давхар шорон бариулж байгааг бид мэдээд дуугүй л байсан…
Одоо харин та нар битгий давар…, Яалаа яалаа гэнээ үү…, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс “Уран зохиол”-ын хичээлийг хасна гэнэ үү…, та бүхэн хэн болчихоод монгол хэл, утга зохиол, соёлын эсрэг үйлдэл хийх эрхтэй юм бэ?
Монгол хэл, уран зохиолын хичээлээр хүүхэд багачууд эх хэл соёлдоо суралцдаг. Монгол хэлний хичээлээр хэлний дүрэм журмаа мэддэг бол уран зохиолын хичээлээр монголын эх хэл бичиг, утга зохиолын агуу мастерүүдийн шүлэг, найраглал, өгүүлэл, тууж зохиолоор дамжуулан монголын соёл уламжлалтайгаа танилцдаг. Тэгвэл
Монголын уран зохиолын хичээлээс сурагчдын хөтөлбөрөөс хасна гэдгийг монгол хэлний яруу тансаг байдлыг, монгол соёл уламжлалыг бидний үр хүүхдэд танин мэдүүлэхээс татгалзаж байгаа явдал гэж ойлгож болох юм. Хүүхэд багачууд монголын уран зохиолын хичээлээр дамжуулж монгол хэлээ төгс сайн сурч, эх хэл соёл уламжлалаа нэвт шингээсэн их зохиолчдын зохиол бүтээлтэй танилцаж, тэр хирээрээ хэл, соёлоороо бахархах сэтгэлд суралцдаг.
Харамсалтай нь харанхуй төрийн, бурангуй бодлогын балгаар та бидний үр хүүхэд одооноос эхлэн Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Б.Ренчингийн “Монгол хэл”, Ч.Чимэдийн “Би монгол хүн” шүлгийг, Ц.Дамдинсүрэнгийн “Буурал ээж”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” гэхзэрэг яруу тансаг найраглалыг сонсохгүй, мэдэхгүй өсөх нь ээ. Ийнхүү бидний үр хүүхдүүдэд Монголын сор болсон зохиолчдын зохиол бүтээлийг таниулахгүй, мэдүүлэхгүй өсгөх нь хэнд ашигтай вэ, хэний гаргасан “зөв” шийдвэр вэ.
Ажиглаад байх нь ээ, Монгол хэлний хичээлийг дунд сургуулийн хөтөлбөрөөс хасах тухай мэдээллийг БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өгч байх юм. Энэ хүнийг дэлхий нийтэд хориглогдсон Солонгосын Мүүнийн шашны пастор, итгэгч гэдгийг бид мэднэ. Монгол төр гадны шашин соёлд хэтэрхий итгэдэг ийм хүнд боловсролын алс хэтийн төлөвлөгөөгөө хариуцуулж, бодлогоо тодорхойлуулж байгааг мань мэт нь ойлгож үл чадна.
Арга ядахнаа боловсролын яамны энэ задарсан хүүхэний “ар талд” арай манай Ерөнхийлөгч байгаа юм биш биз хэмээн хардаж сууна. Ерөнхийлөгчийг Солонгосын Мүүнийхэнтэй холбоотой, тэднээс санхүүжилт авсан гэдэг мэдээлэл нэг хэсэг гараад чимээ алдарсан. Тэгвэл Солонгосчууд манай Нэгдүгээр хүнд энэ Мүүнийст Б.Насанбаяр гэдэг хүүхнийг ийм ажилд тавьж өг гэж ятгаж боловсролын яаманд оруулаагүй л байлтай. Тийм эс бөгөөс Боловсролын сайд Л.Гантөмөр юуны тул энэ мүүнийст Б.Насанбаяр гэгчийг дураар нь дургиулж, монгол төрийн боловсролын бодлогоор тоглох эрх олгоно вэ?…
Хэрэв боловсролын сайд Л.Гантөмөр та энэ асуудлыг мэдсээр байж дэмжсэн бол маргааш өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хэрэгтэй. Учир нь Уран зохиолын хичээлийн хөтөлбөрийг сургалтын хөтөлбөрөөс хасна гэдэг бол Монгол боловсрол, соёл уламжлал руугаа “нулимаж” байгаагаас ялгаагүй үйлдэл. Энэ бол Монгол үндэстний бичиг соёлын эсрэг явуулж буй соёлын “геноцит” үйлдэл мөнөөсөө мөн…, Монгол хүнээс монгол хэл, соёлыг холтгох гэсэн увайгүй үйлдэл. Үүний төлөө Л.Гантөмөр сайд та сайдын суудлаасаа огцрох ч багадна. Улс төрийн соёлтой газар бол ийм зүйл болсны дараа салбарын сайд нь хүсэлтээрээ огцорч, Ерөнхий сайд ард түмнээсээ уучлалт гуйж асуудлыг байранд нь үлдээдэг.
Хэрэв та энэ асуудлыг төдийлөн анзаарч мэдээгүй байсан бол яамныхаа Боловсролын стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Мүүнист Б.Насанбаярыг нэн даруй албан тушаалаас нь чөлөөлөх хэрэгтэй.
Үгүй бол эрхэм Боловсролын сайд та Засгийн газрыг ганхуулан, удахгүй нуран унах нөхцлийг бүрдүүлчихэж байгаа юм. Ард түмэн та бүхэнд улс орноо хөгжүүл гэж итгэсэн, эрх мэдэл өгсөн, гэхдээ уламжлал соёлоо “устга” гэж хэлээгүй л байлтай. Сонгож чадсан ард түмэн бас буулгаж чаддаг гэдгийг ардчилагчид маань санахад илүүдэхгүй биз ээ.
“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян…”, гэтэл эх хэлээс нь хүүхэд багачуудыг холтгох нь улмаар эх соёлоо мэдэхгүй өссөн хүмүүс олширч, тэр хирээр эх түүхээ шүүмжилж, уламжлалт нүүдлийн соёлоо буруутгаж, эх орноо голж, харийн улс орныг шүтэн дээдлэх, бусдын соёл уламжлалыг даган дуурайх хандлага давамгайлна. Товчхондоо Монголыг монголоор нь устгуулах гадны орны далд бодлого энд явж байхыг үгүйсгэх аргагүй болжээ.
Бид олон зүйлийг тэвчиж өнгөрүүлж болох ч “Хэл, хил, мал гуравтайгаа байхдаа баян байдаг” хэл соёлыг устгахаар “заналхийлж” байгаа эл үйлдлийг яагаад ч тэвчиж, тэсэж болохгүй зүйл…
“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би…” Б. Ренчин “Монгол хэл” шүлгээс /удахгүй сурагчийн хичээлийн хөтөлбөрөөс хасагдах уран зохиолын номоос ишлэв/
Холбоотой мэдээлэл:
http://www.ugluu.mn/48063.html – Монголын боловсрол дах “Бермудын гурвалжин”
http://www.ugluu.mn/59401.html – Боловсролын салбарт Мүүнийхэн “шургалсан” уу…