Хүн үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?

1367Бид энэ удаа үхлийн дараах 49 хоногийн тайлалыг өгүүлсэн “Бардо Тойдол” хэмээх ховор нандин судрыг та бүхэнд толилуулж байна. Энэ судар нь хүний оршихуйн нууцад хүрэх түлхүүр юм.

“Бардор Тойдол” -ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.

Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэ сударт тэмдэглэснээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол”-оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья.

ЧИКАЯ БАРД БУЮУ ҮХЛИЙН МӨЧИЙН БАРД
Энэ нь нэг дэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч.
Энэ үед доорхи үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ хэмээвээс, Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана.
Нэг бол халуу оргиж нэг бол хүйт даана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэн үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдэнд чинь гал бадран Чикайя Бардад шилжинэ. Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кайя буюу Дхарма Кайя /үйлийн үр/, Самбхог Кайя /цэцэн ухаан/, Ниймана Кайя /төрөл хувирах/ -ийг харж мэдрэхийг хичээ.
Хамгийн сүүлийн амьсгалаа авахгүй. үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи орь ганцаар өд мэт хөнгөхөн хөвөх болно. Гэвч үүнд бүү баяс, бас битгий ай, энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла, энэ бол аугаа их боломж…
Хэрэв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан, ариусан цэвэршиж, гялтганан гялалзах бөгөөд энэ нь чиний ухамсар юм.
Оюун ухаан, ухамсар хоёрын нэгдэл чинь мөнхийн Дхарма Кайя үйлийн үр мөн. Одоо чиний оюун ухаан төрөх үхэхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл Будда Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараад түүнийг Энэ байна гэж хүлээж ав. Энэ бол мөнхийн үнэн Дхарма Кайятай уулзаж байгаа нь тэр.
Түүнийг олж хараад, танин мэдэж чадвал үнэн хэрэгтээ чи юу хүснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтэрвэл, үхэл амьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм.

Хоёр дахь шат:
Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн Бардад шилжихийн өмнө хоёрдогч гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ.
Хэрвээ харж, нэрлэж, хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээн мэт хүлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн үе амьсгал зогссоны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна.
Найз нөхөд, төрөл төрөгсдөө харах төдийгүй тэдний яриаг  ч сонсоно. Өөрийн орхисон бие махбодио, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч, тунгалаг болсоноо мэдэрнэ. Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид л аврал ирнэ.
Энэ бол хоёрдогч мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч, хүлээж авснаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна. Тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухааран сэргэсэн бол, хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ.
Юутай ч тааралдсан толгой гудайлган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов унш, итгэж шүтэж явсан зүйлдээ мөргө. Замчин тааралдваас түүнд бишрэн мөргө. Их зам өмнө чинь нээгдэнэ. Энэхүү Чикайя Барда 3-5 хоног үргэлжилнэ.

ХОНИД БАРД БУЮУ КАРМУУДЫН ХИЙ ҮЗЭГДЛИЙН БАРД.
Энэ Бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн гурван Бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодио орисон оюун ухаан чинь Чикайя Бардыг дамжаад Хонид Бардад шилжинэ. Хонид Бардад шилжээд бүү ай, битгий яар, анхаарал болгоомжтой бай.
Чи үхсэн өнгөрсөнтэйгээ бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аймшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө чинь дүүжигнэнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март.
Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд. Энэ бол сүүлчийн чинь мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч, ойлгож, хүлээж авч чадахгүй бол чамайг аймшиг нөмөрнө. Мөс цөмрөх мэт гай зовлонгийн өөр ертөнц рүү унаж мэднэ. Бодлогогүй мэдрэмжээсээ болгоомжил.
Ингээд Хонид Бардад шилжсэний дараахи өдрүүдийг дараалан өгүүлье.

Нэг дэх өдөр.
Гурван өдрийн турш өөрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгджээ. Бүх юмс өөрчлөгдөж, чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйлээ үзэж, сонсч байгаагүй зүйлээ сонсох болно.
Аль алиных нь эх үүсвэр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм. Энд чи гэгээрэх боломжтой.
Эхний өдрийн энэ газар бол Цагаан Бадда-Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй их дөлтэй тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд  итгэж өөртөө хүлээн авна тэр Бардагийн аугаа их өвчин зовлонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй, замаасаа төөрнө гэсэн үг.

Хоёр дахь өдөр.
Энэ өдөр бол нэвтрэхийн жаргал болон Толины цэцэн зөнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамын хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно, халуун дулаан санагдана. Гэвч энэ дотно мэт хар гэрэл рүү бүү хар.
Муу үйл уур уцаар чинь чамайг там уруу түлхэж чадна. Тамд нэг унаваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий.
Газар дээр үлдэгсэд чиний өмч хөрөнгийг хуваан маргаж, эсвэл хань чинь чамайг мартсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчид л дүрсхийн уурлавал тамд уналаа гэсэн үг.
Зургаан тэнгэрлиг тэмдэг солонгын өнгөөр үзэгдэнэ. Дорнын ялагдашгүй Төгс Будда хурц цагаан, нүд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан төгс төгөлдөр дагалдана. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрлээс нүд гялбан бууруулж, хүн айдаг болохоор ийнхүү хар гэрлийг дагана. Энэ мөчид ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй, ирээдүй уруу хөтөлнө гэсэн үг.
Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг дага сонго.

Гурав дахь өдөр.
Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратнасамбаха буюу өмнийн Будда шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж, түүнтэй сүлэлдэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг дахин амсч сонгох аргагүй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.

Дөрөв дэх өдөр.
Энэ өдөр бол цэвэр улаан галын өдөр. Эргэцүүлэхүй, цэцэн ухаан хоёрт захирагддаг өрнө зүг ноёрхоно. Өрнийг эзэгнэгч, бүхнийг мэдэгч Будда-Амитаба хүлцэл, ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ.
Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана. Энэ бүдэг улаан гэрлээс зугт. Учир нь энэ гэрэл нүглээ наминчлаагүй, заяа муутай сүнснүүдийн оронд аваачина. Энэ өдөр өс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хоргодсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа Бардыг туулж авралд хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго.

Тав дахь өдөр.
Хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зүгийн Будда-Амогасидхи буюу Чин зоригт, гүйцэлдүүлэгч Будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атаа жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонговол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бүү ай, зоригтой хүлээж ав.

Зургаа дахь өдөр.
Бүх тэнгэрлиг тэмдэгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцууд нэг нэгээрээ чамд цувран үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж, ямар байсан тэр хэвээрээ үлдэж чадлаа.
Энэ зургаа дахь өдөр ус, гал, хий, шороон махбодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна. Тэдэнтэй нэгд, тэднийг хайрла, тэдний салшгүй нэг хэсэг нь бол. Өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд оруул, чамд ямар ч эхлэл дүгнэлт, тодорхойлолт  байхгүй.
Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж, өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрла. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт, автвал итгэл аврал үгүй өөр ертөнц рүү унана.
Ийнхүү бурхантай өөрөө өөртэйгөө нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. Зургаа дахь өдөр бол өөрийн сэтгэлийн Чарамыг танин мэдэх сүүлчийн өдөр юм.

Долоо дахь өдөр.
Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ. Янз бүрийн өнгөөр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ. Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн өнгө, чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд бүжнэ. Тэд сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ.
Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл тэвчин тайван цэнхэр гэрэл цацарч буй руу тэмүүлбээс олон зовлонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс бүү ай, хамт бүжиглэ. Тэднээс туслалцаа, өглөг гуй. Өөртөө гялалзагч таван галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд, түүнд хувил чи чөлөөлөгдөнө.
Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илрэх вэ гэвэл, хурц тод нар, анхилам хүжийн үнэр, нууцлаг, агаарт эгшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд Дхарма Кайяд хүрнэ.
Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч Бардо Тойдол-ыг унших шаардлагагүй болно. Хонид Бардад ухаарч сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан, дэлхий дээр ирвэл хүн төрөлхтөнийг гэгээрүүлэх гэж ирэх бөгөөд Самбхог Кайяд хүрнэ.
Хэрвээ Сидна Бардад хүрч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нирман Кайя төвшинд байна гэсэн үг. Гэвч хичээвэл энд ч сайн төрөл олох, асур буюу хүмүүсийн дунд төрж, үхлээр тасалдсан амьдарлаа үргэлжлүүлэн, хөгжин дэвших боломж байдаг.
Хонид Бардад байх 8-14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болмой.

3.СИДНА БАРД БУЮУ ТӨРӨН МЭНДЛЭХЭЭ ХҮЛЭЭХ БАРД
Хонид Бардын амьд тэмдэгүүдийг таньж мэдээгүйн учир чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ Бардад төрөх нь дэлхийнхээс тэс өөр. Чиний ухасар сэргэж, нэг мэдэхэд чи байна.
Чи урьд амьд үеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтэй хөдөлнө. Кармын жирийн биш хүчний нөлөөгөөр Бардад байгаа амьтдыг бүгдийг харна. Чиний бие урьдынхтай адил боловч илүү төгс, учир нь хүсэл мөрөөдөл итгэл найдвар, ирээдүйн билэгдлүүдээс төрсөн болоод тэр. Ирээдүйд төрөх газар орон, хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Тэдэнд бүү авт. Энэ бол Бардын хүнд бэрх, урт удаан зам.
Хонид Бардад чи өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй. Тиймээс Сидна Бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шунал тачаалгүй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм.
Хэрэв өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидна Бардад байгаагаа хэзээ ч бүү март. Чи Кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хана, хэрэм, уул, хадыг нэвт гарах чадвартай. Чи Кармынхаа хүчээр дуртай газраа очиж, дуртай зүйлээ үзэх чадвартай.
Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи  бүх ертөнцийг хэрэн хэсч чадах боловч хоёрхон газарт нэвтэрч чадахгүй.
Тэр нь сүнсний аугаа их төв болох эхийн умай. Газар дээрх хүмүүс, садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж яривч тэд чамайг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна.
Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс /сүнснүүд/ Сидна Бардад 22 хоногийг өнгөрүүлдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн, үхэх төрөх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидна Бард, аз жаргал, баяр баясгалангаар угтана. Гэхдээ энд хууртаж хөөрч болохгүй.
Сидна Бардад үзсэн сайн муу аймшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна Бардад хэн ч чамд туслахгүй, хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ.
Дахин төрөл авах гэж бүү яар, аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовохын тулд төрвөл яана. Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно.
Түүнтэй цуг нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хэлж хашгичиж эхэлнэ. Тэгэнгүүт үхлийн ноён /Эрлэг номун хаан/ гартаа хувь тавилангийн толийг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана.
Чи өөрөө энэ толинд хараад л үнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тасдаж зовоох бөгөөд бие чинь дороо бүтэн болж, дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжилнэ.
Чи бүгдийг ухааран ойлготол, чи өөрөө өөрийгөө шүүж байгааг, энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлготол чинь үргэлжилнэ.
Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ.
Энэ бүхэн хий хуурамч үзэгдэл боловч Бардын ертөнцөд хий үзэгдэл болон чи өөрөө нягтаараа адил тул, өвдөхийн зовлон жинхэнэ юм.
Нүгэл буянаа дэнслүүлэхдээ битгий худлаа ярь, эрлэгээс битгий ай, түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир, тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдана гэж мэд.
Дахин төрөхдөө зургаан ертөнцийн хаана нь ч төрж болно. Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ.
Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц.
Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц.
Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц.
Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтдын ертөнц.
Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертөнц.
Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц.

Төрөх дөрвөн арга зам бий.
Үүнд: Өндөгнөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас.
Там, Асур, Тэнгэр, Бирд нарын ертөнцөд жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцөд төрөл олбол умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцөд бурхны замыг засахаар өнгөрсөн болон ирээдүйгээ мэдэх чадвараа орхилгүй мэндлэх нь бий.
Хэрэв өчүүхэн төдийн уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа, дэлхий дээр орхисон зүйл, эд юмандаа хоргодвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багшдаа итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэр ч бүү хэл, чи тамын ертөнцөд төрөх тавилантай ч энэрэнгүй сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай.
Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал. Энэ зургаан ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж, амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдгэрч, ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж, өөрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод.

Чиний очихыг хүсээгүй умайн амсрыг хаах таван арга байдаг. Үүнд:
Чамайг умай руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүүцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үйлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ.
Эр эмийн ажил үйлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул, анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг эх хэмээн үзэж тэдэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахад бэлэн байсан умай хаагдана.
Мөн эр эмийн ажил үйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож, хайраас хөндийрөн, хүсэл таашаалаа багасга.
Хэрэв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр, дуу чимээ, умай энэ бүхэн хий хоосон зүйл гэж бод. Тэр ч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл санасанаар болно.
Хэрэв мөн л урьдынхтай адил чамайг хүлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж, байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн “өөр” дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл, тэр төрөөгүй болохоор үхэж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч, өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана.

Умайг сонгох нь:
Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умайн ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа сонгохыг хичээгтүн. Нэн тэргүүнд чи төрөх тивийнхээ тэмдгийг олж үзнэ.
Хэрэв дорнод тивд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд тивд төрөл авах болбол гоёмсог орд харшийг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрнө тивд төрөх болбол эргээр нь үхэр бэлчсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хүлээж байвч, итгэл  бишрэл сул тул бүү ор.
Асур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрье гэвэл алт мөнгө, үнэт эрдэнэсээр дүүрсэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр.
Хэрэв амьтдын ертөнцөд төрөл авъя гэвэл манан, утаанд умбасан гүнзгий нүх, агуйнууд харагдана битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүүц. Чи энд олон зууны турш зовж шаналах болно. Битгий ор. Одоо чи урьдах Кармаасаа саллаа. Хувь заяаны хүч, түүний тоо томшгүй хүчдэл шуурга үүсгэнэ. Энэ бол Кармын шуурга.
Чиний ард асар хүчтэй, аймшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал эрэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал нуга, нуур ой, цэцэг навч, өмнө чинь харагдан аварга том бадамлянхуа цэцгэнд ороход тэрбээр дэлбээгээ хумхина.
Дотор нь амар амгалан тул чи эндээс аймшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямарч сонголт хийж чадалгүй тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ Кармын шуурганд автаж, эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багшдаа эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүхий бурхдад залбирч мөргө.

Дахин төрөлт.
Хэрэв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарни уншвал тэд чамд садаа болохоо больж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд, эсвэл хүний ертөнцөд төрөл авах боломж байна.
Хэрэв дэлхий дээр төрөл авахаар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа тивийг сонгоорой Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүс.
Сайтар нягталж бодсоны эцэст чамайг дуудсан саванд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умай чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчид бурхны тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ умайгаа сонгож чадахгүй бол мөргө, залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд.
Нэг мөчид түүнд шингэ. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртэйгөө дөрвийг нэг болгон нэгд, тэгвэл эцсийн мөчид аугаа их хүч орно. Тэгвэл алт, алмас эрдэнээр чимэглэсэн өндөр сүм дуган бүхий тивийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч, хүсвэл бурхан болно.
Үүгээр үхэгсдийг чөлөөлж, амьдыг сургагч Бардын тухай сургаал өндөрлөмой.

Ugluu-logo3

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …