“Прада өмссөн чөтгөр 2” Box Office-ыг тэргүүлжээ

Анхны анги нь дэлгэцнээ гарснаас хойш 20 жилийн дараа үзэгчдийн хүртээл болсон “Прада өмссөн чөтгөр” (The Devil Wears Prada) киноны үргэлжлэл анги нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүддээ шуугиан тарилаа.

“Walt Disney” компанийн “20th Century Studios”-ийн бүтээл болох тус кино Хойд Америкийн 4150 кино театрын дэлгэцнээ гарч, АНУ, Канадын зах зээлээс 77 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 156.6 сая ам.долларын орлого олжээ.

Ингэснээр “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ыг тэргүүлж, өмнөх долоо хоногт тэргүүлж байсан “Michael” киног гүйцсэн байна. Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн тус намтарчилсан кино нээлтээ хийсэн хоёр дахь долоо хоногтоо 54 сая ам.долларын орлого олсон байна. Хэдийгээр орлогын хэмжээ нь өмнөх долоо хоногоос 44 хувиар буурсан боловч үзүүлэлт нь тогтвортой байгаа бөгөөд дэлхий даяарх нийт орлого нь хэдийнэ 423.9 сая ам.долларт хүрчээ.

“PostTrak”-ийн судалгаагаар “Прада өмссөн чөтгөр-2” киног үзэгчдийн 76 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлсэн ба тэдний 74 хувь нь уг бүтээлийг бусдад үзэхийг “гарцаагүй санал болгоно” гэж хариулсан байна.

Энэ амралтын өдрүүдээр Холливудын киноны зуны улирал эхэлж байгаа бөгөөд “Labor Day” буюу Хөдөлмөрчдийн өдөр хүртэл үргэлжлэх 18 долоо хоногийн чухал үе юм. Энэ хугацаанд жилийн нийт орлогын 40 орчим хувийг бүрдүүлдэг байна.

Одоогийн байдлаар Хойд Америкийн зах зээлийн жилийн нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар өсөж, 2.8 тэрбум ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

БУЛГАН: Отроор мал сүргээ тогтвортой өсгөж буй малчид “Алтан хурга”-ны эзэд боллоо

​  Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Г.Энхбаяр, түүний гэргий Б.Алимаа нар Монголын радиогийн …