Сүхбаатарын талбайд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд шатрын тэмцээн болж байна. Нийт 310 хүүхэд оролцож буй тус тэмцээнээр бага ангийн сурагчид шатрын ур чадвар, логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, шийдвэр гаргах чадвараа сорин өрсөлдөж байна.
Тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон захын гурван дүүрэг, нийт есөн дүүргийн сурагчид оролцож байна. Дүүрэг бүрээс 50 хүүхэд оролцож, багачууд оюуны спортоор дамжуулан мэдлэг, ур чадвараа сорьж байгаа юм.
Тус тэмцээнийг Боловсролын яам болон Монголын Шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдийг бага наснаас нь шатрын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, оюуны хөгжил, анхаарал төвлөрөл, сэтгэн бодох чадварыг дэмжих зорилготой.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад шатрын хичээл, сургалтыг нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийн сурсан мэдлэг, ур чадварыг бодитоор сорих, цаашид шатрын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Дэлхийн шатрын холбооноос Монгол Улсад 10 мянган иж бүрдэл шатар хандивласан бөгөөд эдгээрийг нийслэлийн дүүрэг, орон нутагт хүлээлгэн өгч байна. Үүний зэрэгцээ нэмэлтээр 10 мянган иж бүрдэл шатрын хэрэгслийг сургууль, хүүхдийн байгууллага болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.
Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар энэ талаар хэлэхдээ:
“Багш нараа зуны турш бэлтгэж, 10 мянган иж бүрдэл шатрын эхний хэсгийг нийслэлийн дүүргүүд болон аймаг, сумдад хүлээлгэн өгч байна. Мөн нэмэлтээр 10 мянган шатрын иж бүрдлийг зөвхөн сургууль, хүүхдийн байгууллагуудад тарааж байна. Энэ нь хүүхдүүдийг бага наснаас нь шатрын спортоор хичээллүүлэх, оюуны хөгжлийг нь дэмжихэд чухал ач холбогдолтой” гэв.

Түүнчлэн 10 мянган иж бүрдэл шатрын дээжийг нийслэлийн есөн дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт гардуулан өгчээ.
Шатрын спортыг сургуулийн орчинд түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ хүүхдүүдийн оюуны хөгжил, ёс суртахуун, тэвчээр хатуужил, зөв шийдвэр гаргах чадварыг төлөвшүүлэхэд анхаарч байгаа аж. Тухайлбал, Нийслэлийн 84 дүгээр сургуульд “Их нүүдэл” шатрын тэмцээнийг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа нь сургуулийн орчинд шатрын спортыг тогтвортой хөгжүүлж буйн нэг жишээ юм.
Шатар нь хүүхдийн анхаарал төвлөрөл, тэвчээр, логик сэтгэлгээ, аливаа шийдвэрийг урьдчилан тооцоолох чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс шатрын спортыг сургуулийн орчинд түгээн дэлгэрүүлэх нь хүүхдийн оюуны хөгжилд чиглэсэн чухал алхам болж байна.
Өнөөдөр өндөрлөж буй тэмцээнээс шилдэг хоёр багийг шалгаруулж, дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцуулах юм.




Г.Энхбаяр
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл