УИХ-ын дарга З.Энхболдын зүгээс нэг талаас АН-ын даргын хувьд УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт нэр дэвшигч АН-ын журмын нөхдөдөө дэмжих, нөгөө талаас Увс аймгийн уугуул, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсаныг улс төрийн хилс хэргээс цагаатгасан УИХ-ын тогтоолыг Увсчуудад хүргэх гэж иргэдтэй уулзалт зохион байгуулах үеэр ийнхүү Увс аймгийн МАН-ынхан түүнийг эсэргүүцэж шуугиан тарьсан байна.
Улаангом хотын бөхийн өргөөний үүдэнд согтуу голдуу хүмүүс олноор цугларч, үймээн самуун үүсгэж, УИХ-ын даргын эрүүл мэнд, амь насанд халдаж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн тул аймгийн Цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлэн УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хамгаалалтанд авахаар болсон юм байна.
Яг одоо Увс аймагт өрнөж байгаа олон нийтийг хамарсан энэ үймээн самууны шинжтэй үйлдэл буруугаар эргэж 2008 оны 7 сарын 1-нд Улаанбаатар хотод болсон үйл явдал шиг болчих бий гэж олон хүн болгоомжилж байна.
Ийнхүү төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан Ю.Цэдэнбалыг цагаатгасан тогтоолыг түүний төрсөн нутаг Увсчууудад хүлээлгэн өгөх гэсэн УИХ-ын даргын уулзалтыг аймгийн МАН-ынхан таслан зогсоохыг оролдож байгаад эгэл жирийн олон увсчууд дургүйцлээ илэрхийлж эхлээд байгаа гэнэ.
Ц.Мөнх
Эх сурвалж: Undesten.mn