Screenshot

Хятад улс 4 сая гаруй автомашиныг эргүүлэн татах шийдвэр гаргажээ

Хятад улс автомашины далд хаалганы бариултай холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор дөрвөн сая гаруй автомашиныг эргүүлэн татахаар болжээ. Эргүүлэн татах автомашинуудын дийлэнхийг Tesla үйлдвэрлэсэн бөгөөд тус улс 2027 оноос шинэ автомашинд механик яаралтай онгойлгох систем заавал байхаар шинэ журам хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хятадын Зах зээлийн зохицуулалтын улсын захиргаа (SAMR) наймдугаар сарын 21-нд Tesla болон дотоодын томоохон автомашин үйлдвэрлэгч Xiaomi, XPeng, Geely зэрэг компанийн нийт дөрвөн сая гаруй автомашиныг эргүүлэн татах шийдвэр гаргасан байна.

Үүний дотор Tesla компани бараг гурван сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Тус компани Model S загвараа 2014 оноос Хятадын зах зээлд далд хаалганы бариултайгаар худалдаалж эхэлсэн байна.

SAMR-ийн мэдээлснээр зарим автомашины хаалганы бариул нь машины доторх өнгөлгөөтэй ижил төстэй өнгөтэй тул яаралтай үед танихад хүндрэлтэй байж болзошгүй. Мөн цахилгааны систем доголдсон тохиолдолд хаалгыг хурдан онгойлгоход саад болж, ослын дараах аврах ажиллагаанд хүндрэл учруулах эрсдэлтэй гэж үзжээ.

Далд хаалганы бариул нь автомашины гадна үзэмжийг илүү минималист болгохоос гадна салхины эсэргүүцлийг бууруулах давуу талтай. Гэвч ослын үед цахилгаан систем ажиллахгүй болсон тохиолдолд зорчигчид болон аврагчдад хаалгыг онгойлгоход хүндрэл учруулж болзошгүй талаар мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хятадын автомашины зах зээлд энэ төрлийн загвар өргөн тархсан бөгөөд хамгийн их борлуулалттай шинэ эрчим хүчний автомашины эхний 100 загварын ойролцоогоор 60 хувьд нь далд хаалганы бариул ашигладаг байна.

Шинэ зохицуулалтын дагуу 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс Хятадын зах зээлд шинээр загварчлагдсан автомашинууд хаалганы дотор болон гадна талд цахилгаан ажиллагаанаас үл хамааран ажиллах механик онгойлгох механизмтай байх шаардлагатай болно. Мөн хаалгыг яаралтай үед хэрхэн онгойлгохыг харуулсан тэмдэглэгээ автомашины дотор байрлуулах юм.

Tesla-гаас гадна Xiaomi, XPeng болон Geely компаниуд нийт 750 мянга гаруй автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Зарим автомашинд ослын үед цонхыг автоматаар буулгах програм хангамжийн шинэчлэл хийхээр төлөвлөж байна.

Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд зөвхөн анхааруулах тэмдэглэгээ болон програм хангамжийн шинэчлэл нь аюулгүй байдлын асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй гэж үзэж байна. Ялангуяа ослын дараа цахилгаан тасарсан үед зорчигчдыг машинаас гаргах болон гаднаас аврагчид нэвтрэх боломжийг механик системээр баталгаажуулах шаардлагатайг онцолжээ.

Одоогоор АНУ болон Европын орнуудад Хятадынхтай адил өргөн хүрээний эргүүлэн таталт хийх эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ Европын зохицуулагчид далд хаалганы бариултай холбоотой эрсдэлийг анхаарч, цахилгаан тасарсан үед ч хаалга ажиллах боломжтой байх шинэ стандартыг боловсруулж байгаа аж.

Мэргэжилтнүүд автомашин үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд зориулан ижил загвар үйлдвэрлэдэг тул Хятадад хэрэгжих шинэ аюулгүй байдлын шаардлага цаашид бусад улс оронд ч нөлөөлөх боломжтой гэж үзэж байна.

Н. Энхтуул

Санал болгох мэдээ

Израилаас Ливанд цохилт өгчээ

Израилаас Ливаны өмнөд нутагт агаараас цохилт өгсний улмаас 29 хүн, тэдний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа …