Screenshot

Роботууд Хятадын үйлдвэрлэлийг өөрчилж байна

 

Хятад улс үйлдвэрлэлийн салбарын автоматжуулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, дэлхийн аж үйлдвэрийн роботын гол төв болж байна. Тус улсын үйлдвэрүүдэд хоёр сая гаруй робот ажиллаж байгаа бөгөөд дэлхийн аж үйлдвэрийн роботуудын талаас илүү хувийг Хятад улс үйлдвэрлэж байна. Энэ өөрчлөлт үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон сая хүний ажлын байранд нөлөөлөх магадлалтай гэж судлаачид үзэж байна.

                                                                                                                                                    

Автоматжуулалтыг хурдасгаж буй гол хүчин зүйл нь ажиллах хүчний хомсдол болон хүн амын насжилт юм. Албан ёсны тооцоогоор 2035 он гэхэд Хятадын хүн амын гуравны нэгээс илүү нь 60-аас дээш насныхан болно. Мөн ойрын арван жилд тус улсын хүн ам хэдэн арван саяар буурах төлөвтэй байгаа нь үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүчний дутагдал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хятадын үйлдвэрүүдэд роботууд гагнах, будах, өргөх, угсрах зэрэг давтагддаг ажлыг хүний оролцоо багатайгаар гүйцэтгэж байна. Зарим автомашины үйлдвэрт үйлдвэрлэлийн тодорхой хэсгүүдийн автоматжуулалт бараг 100 хувьд хүрчээ.

Гэвч робот нь ажлын байрны эрсдэлийг мөн дагуулж байна. Хятадын үйлдвэрлэлийн салбарт ойролцоогоор 120 сая хүн ажилладаг тул автомат ажиллагаа нь хэт хурдан явагдвал олон сая ажилчин ажлын байраа алдах эрсдэлтэй аж.

Хятад улс энэ өөрчлөлтөд үйлдвэрүүдээ шинэчлэхээс гадна боловсролын салбараар дамжуулан бэлтгэж байна. Hangzhou Technician Institute зэрэг мэргэжлийн сургуулиудад залуучуудыг робот техник, хиймэл оюун ухаан, инженерчлэлийн чиглэлээр сургаж, ирээдүйн технологийн ажиллах хүчийг бэлтгэж байна.

Хятадын гол давуу тал нь робот үйлдвэрлэхэд шаардлагатай мотор, батарей, мэдрэгч, электрон эд ангийн өргөн нийлүүлэлтийн сүлжээ тус улсад бүрдсэнд оршдог. Харин роботын хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээр АНУ одоогоор тэргүүлсэн хэвээр байна.

Гэсэн ч DeepSeek зэрэг Хятадын хиймэл оюун ухааны компаниуд хурдацтай хөгжиж, энэ ялгааг багасгаж байна. Ирээдүйн технологийн өрсөлдөөн зөвхөн хамгийн хүчирхэг хиймэл оюун ухааны загварыг хэн бүтээхээс бус, түүнийг бодит үйлдвэрлэлд ажиллах сая сая машин, роботод хэн хамгийн хурдан нэвтрүүлэхээс шалтгаалах аж.

Ийнхүү Хятад улс роботжуулалтыг хүн амын насжилт, ажиллах хүчний хомсдлыг шийдвэрлэх арга төдийгүй эдийн засгийн өсөлт, технологийн өрсөлдөөний гол стратеги болгож байна. Гэвч энэ хувьсгал Хятадын ажилчдад шинэ боломж авчрах уу, эсвэл улам олон хүнийг ажлын байргүй болгох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Н. Энхтуул

Санал болгох мэдээ

Шөнийн цагаар чанга дуу чимээ гаргах мотоциклд хяналт хэрэгтэй

Оройн цагаар хотын гудамжаар яндангийн дуу чимээ ихтэй мотоцикл хурдтай давхих нь оршин суугчдын амгалан …