Олон улсын маргааныг шийдвэрлэх шинэ гарц: Хөгжиж буй орнуудад нээгдэж буй боломж

Дэлхийн засаглалын тогтолцоо шинэчлэгдэж, олон улсын харилцааны орчин эрчимтэй өөрчлөгдөж буй өнөө үед хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, хил дамнасан өгөгдлийн урсгал зэрэг шинээр хөгжиж буй салбаруудад улс орнуудын хамтын ажиллагаа улам өргөжиж байна. Гэвч үүнийг дагаад эрх зүйн зохицуулалтын зөрүү, дүрэм журмын тодорхойгүй байдал, улс орнуудын ашиг сонирхлын зөрчил, маргаан ч нэмэгдэх болжээ.

Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд олон улсын маргааныг уламжлалт шүүх болон арбитрын журмаар шийдвэрлэхэд зардал өндөр, ажиллагаа төвөгтэй, талуудын харилцааг сөргөлдөөнд хүргэх зэрэг хүндрэл тулгардаг.

Ийм нөхцөлд Хонконгт төвтэй Олон улсын зуучлалын байгууллага (International Organization for Mediation – IOMed) байгуулагдсан нь олон улсын маргааныг шийдвэрлэх илүү хүртээмжтэй, шуурхай, харилцан ойлголцолд тулгуурласан шинэ боломжийг бий болгож байна.

Уламжлалт саад бэрхшээлийг даван туулж, хөгжиж буй орнуудын хэрэгцээнд нийцэх нь

Олон улсын маргаан шийдвэрлэх тогтолцоо олон жилийн турш барууны орнуудын эрх зүйн уламжлал, практикт тулгуурлан хөгжиж ирсэн. Үүний улмаас эрх зүйн нарийн төвөгтэй ажиллагаа, өндөр зардал, мэргэшсэн хуульчдын хүртээмж зэрэг асуудал нь хөгжиж буй олон орны хувьд бодит саад болдог.

Харин олон улсын маргааныг зуучлалын аргаар шийдвэрлэх зорилготой, Засгийн газар хоорондын эрх зүйн байгууллага болох IOMed нь энэхүү тогтсон хандлагад шинэ хувилбар санал болгож байна.

Тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим нь “Энх тайван нэн тэргүүнд”, “Харилцан ашигтай, хамтдаа хожих” үзэл санаанд тулгуурладаг.

Уламжлалт шүүх, арбитрын ажиллагаа нь маргааныг хууль зүйн үндэслэлээр шийдвэрлэж, аль тал нь буруутай эсэхийг тогтоохыг гол зорилгоо болгодог бол зуучлал нь талуудын харилцан хүндэтгэл, эрх тэгш байдал, сайн дурын оролцоонд үндэслэн харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдэлд хүрэхийг эрмэлздэгээрээ онцлог.

Энэ арга нь маргааныг шийдвэрлэхэд зарцуулах цаг хугацаа, эдийн засгийн зардлыг бууруулахаас гадна талуудын урт хугацааны хамтын ажиллагаа, итгэлцлийг хадгалах давуу талтай.

Ялангуяа дэд бүтцийн бүтээн байгуулалт, олон улсын худалдаа, дижитал эдийн засгийн хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэхийг зорьж буй хөгжиж буй орнуудад энэ нь чухал ач холбогдолтой юм.

Хонконгийн давуу талд тулгуурласан мэргэжлийн, шуурхай үйлчилгээний платформ

Олон улсын зуучлалын байгууллагыг Хонконгт төвлөрүүлсэн нь санамсаргүй сонголт биш юм.

Хонконг нь олон улсын худалдаа, санхүүгийн томоохон төв төдийгүй нийтлэг эрх зүйн тогтолцоонд нийцсэн эрх зүйн орчин, олон улсын арбитрын салбарт хуримтлуулсан туршлага, мэргэшсэн хуульчдын нөөц бололцоогоороо дэлхийд танигдсан.

Тус хотын Зүүн, Өрнийн соёл, эрх зүйн тогтолцооны уулзвар болсон онцлог нь олон улсын маргааныг шийдвэрлэхэд чухал давуу тал бий болгодог.

IOMed нь энэхүү боломжийг ашиглан олон улсын маргаан шийдвэрлэх мэргэжлийн, үр ашигтай үйлчилгээний платформыг бүрдүүлэхийг зорьж байна.

Тус байгууллагын нэг онцлог нь зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон тохиолдолд арбитрын журмаар үргэлжлүүлэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн, уялдаа холбоотой үйлчилгээний тогтолцоо юм.

Мөн Хонконгт дэлхийн шилдэг 100 хуулийн фирмийн талаас илүү хувь нь үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл нь олон улсын эрх зүйн мэргэшсэн хүний нөөц, туршлагад тулгуурлах боломжийг илтгэнэ.

Ялангуяа шинэ технологи, оюуны өмч, хил дамнасан өгөгдөл, дижитал худалдаа зэрэг нарийн төвөгтэй салбарын маргааныг шийдвэрлэхэд олон улсын туршлагатай, олон улсын эрх зүйн тогтолцоог мэддэг мэргэжилтнүүдийн оролцоо чухал юм.

Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, хүртээмжтэй дэлхийн засаглалыг төлөвшүүлэх нь

Олон улсын зуучлалын байгууллага байгуулагдсан нь олон талт хамтын ажиллагааны үзэл санааг бодитоор хэрэгжүүлэх нэгэн алхам болж байна.

2025 онд тус байгууллагын тухай конвенцод гарын үсэг зурснаас хойш нэгдэн орох улс орнуудын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнууд ч энэхүү үйл явцад оролцож байна.

Тус байгууллага нь улс орнуудын бүрэн эрхт тэгш байдал, сайн дурын оролцоог үндсэн зарчмаа болгож, аль нэг улс гүрний дангаар нөлөөлөхөөс ангид, илүү хүртээмжтэй олон улсын зуучлалын тогтолцоог бий болгохыг зорьдог.

Энэ нь хөгжиж буй орнуудын хувьд олон улсын шинэ дүрэм, зохицуулалт бүрэлдэн тогтох үйл явцад өөрсдийн байр суурь, дуу хоолойгоо хүргэх боломж юм.

Тухайлбал, хиймэл оюун ухаан, өгөгдлийн аюулгүй байдал, дижитал худалдаа зэрэг ирээдүйн эдийн засгийн чухал салбаруудад цөөн хэдэн хүчирхэг улс орны ашиг сонирхолд тулгуурласан зохицуулалт давамгайлах эрсдэл бий. Харин олон талт, эрх тэгш оролцоонд суурилсан механизм нь улс орнуудын хууль ёсны эрх ашиг, байр суурийг хамгаалах боломжийг нэмэгдүүлнэ.

Шинэ боломжийг ашиглаж, олон улсын эрх зүйн орчинд байр сууриа бэхжүүлэх нь

Өнөөдрийн байдлаар Олон улсын зуучлалын байгууллага нь далайн тээвэр, худалдаа болон бусад салбарын маргааныг шийдвэрлэсэн туршлага хуримтлуулж, үйл ажиллагааны бодит үр дүнгээ харуулж эхэлжээ.

Цаашид хиймэл оюун ухааны ёс зүй, мэдээллийн аюулгүй байдал, хил дамнасан өгөгдлийн зохицуулалт зэрэг шинэ салбаруудад үүсэж болзошгүй маргааныг шийдвэрлэхэд энэхүү байгууллагын үүрэг, оролцоо улам чухал болох төлөвтэй.

Иймд хөгжиж буй орнууд Олон улсын зуучлалын байгууллагын үйл ажиллагааг анхааралтай судалж, нэгдэх боломж, эрх зүйн болон эдийн засгийн үр өгөөжийг бодитой үнэлэх шаардлагатай юм.

Энэ нь зөвхөн олон улсын маргаанд өөрийн эрх ашгийг хамгаалах нэгэн арга зам биш. Мөн дэлхийн засаглалын шинэчлэлд идэвхтэй оролцох, олон улсын эрх зүйн орчинд хөгжиж буй орнуудын байр суурийг бэхжүүлэх чухал боломж билээ.

Дорно дахины харилцан ойлголцол, энх тайвныг эрхэмлэсэн уламжлалт үзэл санааг орчин үеийн олон улсын эрх зүйн зарчимтай хослуулсан зуучлалын тогтолцоо нь улс орнуудын сөргөлдөөнийг бус хамтын ажиллагааг дэмжих шинэ гарц болж байна.

Эцсийн дүндээ олон улсын маргааныг хүчээр бус, харилцан ойлголцлоор; сөргөлдөөнөөр бус, хамтын шийдлээр зохицуулах нь илүү шударга, тогтвортой дэлхийн дэг журмыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

 

Эх сурвалж: medium.com

Санал болгох мэдээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

​Газраа чөлөөлсөн иргэн хоосон батламж өвөртлөн үлддэг, байр захиалсан иргэд залилангийн хохирогч болдог байсан тогтолцоог …