Цагаан сарын өмнөхөн Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Баярын үеэр эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, хүнсний аюулгүй байдалд анхаарах, зөв зохистой хооллолт, хүнсийг хадгалах, архины хэрэглээнээс сэргийлэх, осол гэмтлээс сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөв. Сар шинийн баяраар монголчууд ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг хоолноос авдаг төдийгүй хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундаа хэрэглэдэг. Зохисгүй хооллолтыг дагаад жингийн илүүдэл болон цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдварт өвчин, хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. П.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Д.Эрдэнэболд “Сар шинийн үеэр хоолны хордлогоос гадна хоол боловсруулах өвчин сэдэрч, нойр булчирхайн хурц үрэвсэлт өвчин нэмэгддэг. Нойр булчирхайн өвчтэй хүмүүс өөх тос багатай, ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь чухал. Хамгийн их анхаарах зүйл нь архи хэрэглэхгүй байхад оршино. Зайлшгүй шаардлага гарвал багаар тохируулж хэрэглээрэй. Өөх тостой хоолыг тохируулж хэрэглэх, архийг өөх тостой хоолны дараа уухгүй байхыг ард иргэддээ зөвлөж байна” гэв. Мах, өөх дагнасан цагаан сарын буузны нэг ширхэг нь ойролцоогоор 185-215 (~200) ккал агуулдаг. Сар шинийн баярын гол зоогийн илчлэгийг тооцоход дунд зэргийн бууз ойролцоогоор 200 хүртэл ккал, нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал гэх тооцоо гарчээ. Монголчууд золгуутаар явахдаа өдөрт хамгийн багадаа гурван айлаар орж, айл болгонд 3-5 бууз, нэг таваг салат идэж, гурван хундага архи тогтоолоо гэхэд өдөртөө хамгийн багадаа 4000 ккалори илчлэгийг хоол хүнсээрээ авдаг байна. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар эрүүл чийрэг биетэй, дундаж насны эрэгтэй хүний хоногт дунджаар авах илчлэгийн хэмжээ 2500 ккал, эмэгтэй хүнийх 2000 ккал байдаг. Эндээс харахад сар шинийн үеэр бидний дээр тооцсон илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их гарч байна. Гэтэл бидний дунд гурав бүү хэл олон айлд бууз, амттан идэх хүн бишгүй бий. Ингэснээр маш их илчлэгийг хуримтлуулахад хүрнэ. Тиймээс Сар шинийн баярын үеэр иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, ногоон навчит ногоо давамгайлсан салатыг түлхүү бэлтгэж идэх, бэлтгэсэн салат, зуушаа тасалгааны хэмд биш хөргөгчинд тагтай саванд хадгалах, найдвартай ундны ус хэрэглэх, усаа буцалгаж, шүүж хэрэглэх зэргээр хүнсний аюулгүй байдлыг ханган зөв зохистой хооллохыг Эрүүл мэнд, спортын яамныхан зөвлөв. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд иргэд угаартаж хордон амь насаа алдах тохиолдол гарч байна. Иймээс автомашинаа халаахдаа дотор нь суухгүй, гараашид машин халаахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинд удаан суухгүй байх, зуухны ам онгорхой эсэх, бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй юм байна. Гал ихээр түлсэн үед угаартаж, түүндээ мансууран удаан хугацаагаар унтдагийг ЭМСЯ-ны удирдлагууд санууллаа. Баярын үеэр дээрх сануулга, зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлэхийг иргэддээ давтан сануулахад илүүдэх юун.
Түлхүүр үгэрүүл мэнд
Санал болгох мэдээ
Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ
Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ. Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …