Та өөрийн идэж байгаа хүнсний бүтээгдэхүүний талаар хэр мэдлэгтэй вэ? Орчин цагт хүний эрүүл мэнд идэж буй зүйлээс нь ихээхэн шалтгаалдаг болсон. Энэ удаагийн дугаартаа Орос, Украины хүнсний мэргэжилтнүүдийн гаргасан хүмүүс өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулж байна. Жагсаалтад орсон хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь хүний биед харшил өгөх, хордлого өгөх, зэрэг нөлөө үзүүлдэг аж.
Чипс болон хийжүүлсэн ундаа
Чипс буюу шарсан төмс хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг урьд нь тэр бүр мэдээлдэггүй байсан. Нүүрс ус, өөх, тос, амт оруулагч, хүнсний будаг зэргийг хольж, чипсийг гарган авдаг байна. Түүнчлэн чипс нь карцероген бодис ихээр агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ус төрөгчийн агууламж ихтэй тос нь хлостериний хэмжээг нэмдэг учир зүрхний өвчин, цус харвалтыг эрсдэлийг нэмдэг.
Харин хийжүүлсэн ундаа нь чихэр болон химийн хий зэргийг агуулан хиймэл амтлагчийг бий болгодог юм. Хийжүүлсэн ундаанд агуулагддаг фенил бодис нь хүний биеийн даралтыг бууруулж, уур уцаартай болох, сэтгэл санаагаар унахад нөлөөлдөг байна. Үүнээс гадна хийжүүлсэн ундааны хиймэл амтлагч нь амны цангаа гаргадаггүй байна. Тиймээс их хэмжээний хийжүүлсэн ундаа уусны дараа ус уух хэрэгтэй. Натрийн бензолат агуулсан ундаа нь бодисын солилцоог алдагдуулан таргалалтын эхийг тавьдаг аж.
Түргэн хоол
Шарсан хайрсан бүтээгдэхүүний хамгийн сөрөг нөлөөтэй зүйлийн нэг нь түргэн хоол юм. Энэ төрлийн хоолнууд нэг хэрэглэсэн тосоо дахин дахин хэрэглэдэг бөгөөд үүний үр дүнд карцероген их агуулсан бүтээгдэхүүн бий болдог. Ийм төрлийн хоол байнга хэрэглэх нь шар хөөрөх, ходоодны шархлаатай болох зэрэг дотрын өвчтэй болгодог байна.
Зайдас болон утсан махан бүтээгдэхүүн
Олон хүн зайдас, хиам гэх мэт бүтээгдэхүүнд дуртай байдаг. Гэвч энэ бүтээгдэхүүн нь химийн олон төрлийн бодис агуулдаг гэдгийг сайн мэддэггүй. Утсан мах болон загас зэрэг нь карцегорен хамгийн их агуулдаг байна. Зайдасны төрлийн бүтээгдэхүүний 80 хувь нь холилдсон гентэй давс хэрэглэдэг аж. Их хэмжээний утсан зайдас хэрэглэх нь утаатай хотод амьдардаг хүнд улам л сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой.
Консерватив агуулсан хүнсний ногоо болон жимс
Байгалийн гаралтай жимс, хүнсний ногоо хүний биед сайнаар нөлөөлөх ч хэрэв зам, барилга, үйлдвэрийн ойр ургах нь эсрэгээрээ нөлөөлдөг байна. Ийм нөхцөлд хүнсний ногоо, жимс нь натрийн глютамины хүчил агуулах боломжтой аж. Химийн энэ нэгдэл нь толгой өвтгөх, бодисын солилцооны өвчтэй болгодог юм.
Маргарин, нарийн боов, амуу тариа
Маргарин холимог генийн өөх, тос агуулдаг бөгөөд энэ нь таргалалтад ихээр нөлөөлдөг. Ийм төрлийн өөх, тос агуулсан бүтээгдэхүүн нь хүний биед ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд нарийн боов, бялуу зэрэгт уг бүтээгдэхүүнийг ашигладаг байна. Амуу тариа ялангуяа цагаан талх нь хэвлийн хөндийн өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Кофе, сэргээгч ундаа, сүү
Кофе их уух нь тийм ч сайн биш бөгөөд өдөрт хоёроос ихгүй аяга кофе уух хэрэгтэй аж. Кофе нь цусны даралт нэмэгдүүлж, зүрхний цохилтыг хурдасгадаг байна. Залуучуудын дуртай энержи дринк буюу сэргээгч ундаа нь маш хортой гэнэ. Ийм төрлийн ундааг байнга хэрэглэх нь үхэлд ч хүргэж магадгүй аж. Өнгөрсөн хэдэн жилд ийм тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна. Түүнчлэн сүү ч гэсэн сөрөг нөлөөтэй гэнэ.
Гар аргаар дарсан хүнсний ногоо, мөхөөлдөс
Хүмүүс гэрийнхээ хэрэглээний хүнсний ногоог өөрсдөө дарж, хүнсэндээ хэрэглэдэг билээ. Үүнийгээ эрүүл ахуйн шаардлагатай орчинд дарсан бол тийм ноцтой биш. Харин шаардлага хангаагүй дарсан хүнсний ногоо хэрэглэх нь мөөгөнцөр, нянгийн хордлого авах эрсдэлтэй. Харин мөхөөлдөс хийхэд өтгөрүүлэгч, үнэр оруулагч бодис хэрэглэдэг бөгөөд энэ нь хүний биеийн бодисын солилцоонд нөлөөлдөг байна.
Мэдээ бэлтгэсэн А.Тамир