Өчигдөр буюу 2-р сарын 20-ноос орон нутгийн замууд цасанд боогдон нийслэлээс Дархан. Эрдэнэтийг зорьсон иргэд цасан шуурганд боогдон замын хөдөлгөөн нэлээн хүндэрч зарим зам хаагдсан билээ.
Тэгвэл цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр хаагдсан Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын замыг өнөөдөр өглөө тус чиглэлийн замыг нээжээ. Харин өнөөдөр өглөө 07.00 цагаас эхлэн Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Багахангай, Багануур чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ.
Тиймээс нийт жолооч, зорчигч та бүхэн цаг агаарын аюултай байдлаас урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнөө зөв сонгон орон нутгийг зориорой.
2015 оны 02 дугаар сарын 22-ноос 2 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-24 нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хүйтний эрч сулавтар байна.
Эх сурвалж: www.dorgio.mn