Лүнрэг Эш Төмөр: Шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулна

016442ae030335a25633fb5c020fcefb_x3“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор Лүнрэг Эш Төмөрийг урьж ярилцлаа. Тэрбээр шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. 

-Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

-Миний бие Лүнрэг буюу Эш Төмөр гэж хүн байна. “Монгол шүтээн” цогцолборын тэргүүн, айлдлын багш, шашин судлаач. Сүүлийн жилүүдэд “Даян дэлхийг засах Монгол ухаан” хэмээх дөрвөн бүлэг бүхий 100 цуврал лекцийг Монгол орныхоо 21 аймаг, сум, тосгод, Улаанбаатар хотноо гээд орон даяар толилуулж эхлээд байна. Ер нь бол монголчуудын маань сайн сайхан, амар амгалангийн төлөөх айлтгал, сургаалууд байгаа юм.

-Шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаа. Энэ талаарх мэдээллийг өгөөч? 

-“Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн шинийн найман буюу хоёрдугаар сарын 26-нд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүн зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ маань хоёр дахь жилдээ болох гэж байна. Үүгээр бид зурхайн зурлага гэж юу вэ, зурхайн зурлага орчин үеийн хүний амьдралын хэмнэлд ямар нөлөөтэй вэ гэдгийг хэлэх юм. Цаашлаад “мухар сүсэг” гэх ойлголтын талаар тайлбар айлтгахаар бэлтгээд байна. “Монгол шүтээн” цогцолборын маань зүгээс шашин номын арга хэмжээг үнэ төлбөргүйгээр хэд хэдэн удаа зохион байгуулсан. Оноос өмнөхөн буюу 2014 оны аравдугаар сард “Буян заяа нь дэлгэрэхүй” хэмээх цэнгүүн, 11 дүгээр сард “Говийн Лха бурханы сан тахилга оршвой” хэмээх шашин номын цэнгүүнийг үнэ төлбөргүйгээр Эрдэнэт хот, Говьсүмбэр аймагт тус тус зохион байгуулаад ирсэн. Одоо энэ цувралын 16 дахь лекцийг шинийн найманд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.  2

-Шинийн наймны лекцийг зорьж ирэх гэж байгаа хүмүүс юу сонсож, мэдээд буцах вэ. Энэ талаар жаахан дэлгэрүүлж болох уу? 

-Энэ өдөр ирсэн хүмүүсийн хувьд тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр тасалбар авна. Хамгийн эхлээд миний бие хонь жилийн өнгө нуруу, хонь жил ямар хүмүүст ээлтэй вэ, ямар хүнд харш муу болоод хэрхэн засал номоо хийх талаар сургаал айлдвараа толилуулна. Дараа нь мухар сүсгээс зүйлээс ангид байх тухайд, сарны 28 од, тэр нь хүмүүсийн аж амьдрал, ахуйд хэрхэн нөлөөлөх тухай шашин болон шинжлэх ухаан талаас нь тайлбар өгнө. Мөн дараагаар нь сүсэгтэн олны маань хийлгэх дуртай засал номын ажлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Шашин номын цэнгүүнийг зорьж ирсэн хүмүүс  СТА, дуучин Ж.Хишигдэлгэр, Ж.Хишигсүрэн, морин хуурч, СТА М.Алтанбат, Д.Болд тэргүүтэй уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дууны цэнхэр хадаг өргөн барина. Мөн хүрэлбэн ирсэн хүмүүсийнхээ засал номыг хийж, үйлдээд арга хэмжээ дууссаны дараагаар “Дончидийн эрдэнийн үрэл” өгөх юм. Дончидийн эрдэнийн үрэл гэдэг бол жаргалтай Жагарын орон буюу Өнөөгийн Энэтхэгээс тусгайлан залж авч ирсэн ургамлын нэг төрөл зүйл. Үүнээс гадна дом хийхэд зориулаад арц, арвай, сахиус, давс, элс тэргүүтэй есөн тооны бэлгэдлийн зүйл өгөх юм. “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүн маань шинийн наймны орой 18:00, 20:30 цагуудаас хоёр удаа зохион байгуулагдах учиртай. 3

Хүн бүр “мөнх гал”-аа асаах хэрэгтэй

-Монголчууд засал номоо шинийн 15 хүртэл хийлгэдэг. Танай “Монгол шүтээн”-ий засал номын ажил зөвхөн шинийн найманд болоод өндөрлөх юм уу?

-Бид шинийн найманд Улаанбаатар хотноо хийгээд, шинийн 10-нд Дархан хотноо шашин номын цэнгүүн зохион байгуулна. Шинийн 15-нд Эрдэнэт хотод энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Ерөнхий засал номын ажил өдөр тутам болдог. Хонин жилийн засал номын ажил бүтүүнээс эхлээд хийгдэж байгаа.

Бидний зорилго бол сүсэгтэн олныг цуглуулаад мөнгийг нь хураагаад оронд нь ном уншиж өгөх биш. Ерөөсөө л эх хэлээрээ олон хүний сэтгэлийг засах лекц, айлдвар толилуулах нь гол юм. Энэ ч үүднээсээ сүүлийн гурван жилийн хугацаанд шашин номын айлтгал, лекцийг зохион байгуулж ирсэн. Томоохон арга хэмжээнүүдээс дурдвал Эрдэнэтэд “Жаргал өөд тэмүүлэх бодь сэтгэлийг цогцлоохуй” хэмээх айлтгалыг зохион байгуулж байлаа. Үүний гол агуулга бол “Бид өөрсдөө амьд бурхан юм. Гэвч өөрсдөө санаатай болоод санаандгүйгээр гэм нүгэл хийдэг. Санаандгүйгээр нисванисын хор хөнөөлд өртдөг. Тэгэхээр энэ бүх гэмээ хүн нэг өдөрт ухаарч, алга урвуулахын адил ариун сэтгэлтэй болж чадахгүй. Үүнийг 1-12 жилийн хугацаанд шат шаттайгаар ухаарсаар “гэгээн” болж чадна. Үүнийг л хүмүүсийн зүрх, тархинд нь үгээр дамжуулан суулгах гэж хичээдэг. Хүн маргааш нь л архи уухаа больж, хулгай дээрэм хийхээ зогсоогоод төгс хүн болж чадахгүй. Тиймээс энэ бол 1-12 жилийн хугацаанд хүмүүний оюун ухаанд суух зүйл.

Харин хамгийн чухал зорилго маань зөв, сайн үзэл бодолтой хүмүүнийг дахин төрүүлэхүй юм. Хоёрдугаарт нь, анагаах ухааныг эрхэмлэж, эрүүл байхын тулд өөрөө хичээх хэрэгтэй. Заавал шашин ном гэж туйлшрахгүйгээр анагаах ухааны төвд ханддаг байх хэрэгтэй. Тодруулбал, ламд очиж ном уншуулах мөнгөөрөө эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэх байгаасай. Гэтэл өнөөдөр аль ч сүм хийдийн лам хуваргууд хүмүүст ном уншиж өгөөд сүсэгтэй байхыг л уриалаад байдаг болохоос бие нь өдсөн хүнийг хэзээ ч эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж зөвлөдөггүй. Харин бид бол тэгдэггүй. Ямар ч лам хуварга, хутагт хувилгаадын хэлдэггүй үгийг бид хэлдэг. “Та өвдсөн учраас энд ирсэн бол эмнэлэгт оч оо. Эхлээд өвчнөө анагаагаад ир. Дараа нь сэтгэлийг тань эмчлье, засья” гэдэг. Таны эрүүл сайхан биед саруул сайхан ухаан орших учиртай. Та эрүүл байж гэмээнэ хамаатан садан, хань нөхөддөө болоод улс эх орондоо маш том буян хийж байгаа хэрэг гэдгийг хэлээд өвчин эмгэгт шаналж яваа нэгнийг эхлээд эмнэлэгт очихыг зөвлөдөг юм.

Бидний хөнддөг бас нэг зүйл бол мухар сүсэг. Монголд энэ зүйл хаяагаа тэлчихсэн байна. Нэг жишээ яръя. Эрдэнэтэд явж байхад нэг хүн “Бурхан буддагийн зургийг хулгайлж авбал сайн байдаг гэл үү” гэж асуусан. Тийм зүйл хаана ч байхгүй. Үүнийг л мухар сүсэг гээд байгаа юм. Ийм ойлголттой хүн олон байдаг. Тиймээс миний бие эдгээр ухагдахуунаа Монгол орныхоо 21 аймаг, сум сууринд толилуулаад ирэх намар гэхэд Монгол орноо нэг тойроод ирчихсэн байна. Дараа нь 11 дүгээр сараас энэ бүхнийг гадагшаа толилуулах ажлыг хийнэ байх. Хамгийн эхний лекцийг Итали хотод уншихаар товлоод байгаа. Дараа нь 2016 оны эх буюу Цагаан сарын үеэр Японд уншихаар төлөвлөөд байна. Ийм ажлууд төлөвлөөд, ярьж тохирох үе шатандаа явж байна. Мөн туурга тусгаар Монголынхоо ахан дүүст сургаалиа толилуулна. Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриад зон олонд энэ лекцээ хүргэнэ. Цаашлаад Монгол туургатны бүх л овог, аймагт толилуулах зорилготой.4

Ингэж ярих, айлтгах зүйлд маань “Гурван гал” хэмээх том ойлголт бий. Өөрөөр хэлбэл, хүн энэ амьдралдаа гурван удаа гал асаадаг. Эхний галыг эхийн умайгаас унаж энэ орчлонд мэндэлснээр асааж байгаа юм.  Энэ асаасан гал төрснөөс үхэх хүртэл ассаар байх буюу “амь гал” юм. Удаах галыг монголчуудын өвөг дээдэс “Эрдэм гал” хэмээн нэрийдсэн нь бий. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг их диплом гэрчилгээ авч, доктор болох гэсэн санаа биш бөгөөд ухаан сууж, “мэдээ орсон цагаас” гэж хэлдэг дээ. Ухамсрын түвшинд хүрэх, зан төлөвийн хүмүүжилтэй болохыг хэлж байгаа юм. “Эрдэм гал”-ыг хүн бүр 13 насандаа асаадаг. Энэ нь хүн нэг үеийг элээж, 13-ны жил ордог үе. Энэ үеэс амьдрах ухаанд хөл тавьж эхэлдэг байна. Эрт үеийн эх сурвалжуудаас харахад өдий насанд л сүй тавих, ураг барилдуулах зан үйл товлогддог байж.

Өөрөөр хэлбэл “Чи 12 нас хүртлээ хурга, ишиг хариулаад, тоглож наадаж өслөө. Одоо 13-тай болсон тул гэр бүл, овог аймаг, улс эх орныхоо тусын тулд амьдрах болжээ” гэж өнөөгийнхөөр бол үүрэг хүлээлгэж байгаа хэрэг.

Гурав дахь галыг “мөнх гал” хэмээнэ. Энэ маань мөнхөд дуурсагдах үйлийг хийх, гавьяа зүтгэл гаргахыг хэлж байна. Энэ галыг асааж гэмээнэ алдар гавьяагаа даян дэлхийд мөнхөд дуурсгах учиртай. Мөнх галыг асааж алдар сууд залрах нь хэн шиг байх вэ гэвэл, Чингис хаан, Модун шанью, Атилла, Богд хаан, Мандухай хатан, Бямбын Ренчин гэдэг ч юм уу, ийм хүмүүс дэлхий дахины сонорт хүрсэн үйл хэрэг бүтээхийг хэлж байна.
5
Харин тэдэн шиг “Мөнх гал”-ыг өнөө цагт хүн бүр асаах хэрэгтэй. Бидний дунд буй сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр, 1700 жилийн түүхтэй Японы үндэсний спортын оройд гарсан М.Даваажаргал шиг “мөнх гал”-аа асаах хэрэгтэй. Хэр олон хүн дэлхийн тавцанд хөл тавина, төдий чинээ Монгол Улс мандан бадарна.

Бидний “Даян дэлхийг засах ухаан” эдгээрийг болоод жишээ нь дээр хэлдэг “гурван гал”-ын тухай үзэл баримтлалыг түгээж явдаг. Монголд дэлхий дахины анхаарлын төвд байдаг Далай лам шиг, Путин шиг, Марк Цукерберг шиг хүн нэг ч гэсэн төрөх хэрэгтэй.

6

-Та хэдэн шавьтай вэ?

-Номын шавь гэж ярих юм бол 21 аймагт 4000-5000 шавь бий. Түүнээс гадна ном сургаал, суртлыг маань дагалдаж түгээн дэлгэрүүлдэг, үйл хэрэгт оролцдог ойрын шавь гэвэл нэг зуу орчим хүн байна. Дээр нь Англи, Франц, Герман Америк, Өмнөд Африкаас гээд 20 орчим хүн намайг багшаа гэдэг юм. Тэд маань үг айлтгал тавиулахаар эхнээсээ уриад байгаа.

-Таны сургаал ном юунаас эх сурвалжтай, ямар бүтэцтэй байдаг вэ?

-Ерөнхийдөө дөрвөн үндсэн бүлэг бүхий 100 сэдэвт лекц бий. Эхний бүлэгт “заяагч” буюу хүнд төрөлхөөс бий болсон зүйлийг сэрээх чиглэлийн зүйлсийг ярьдаг. Хамгийн сүүлийн бүлэгт байхгүйг /зан төлөв, ухамсар/ төлөвшүүлэх, тогтворжуулахад чиглэсэн байдаг. Бясалгал хийх энгийн аргуудыг л мэдээд авчихвал хүн бүр бясалгал хийх боломжтой. Бясалгал гэдэг нь өөрөө бодь сэтгэлийг цогцлоох явдал шүү дээ. Энэ нь амьдралын хэрэглээний олон сэтгэлийн дарамтаас хүн өөрөө ангижрах явдал. Сэтгэлзүйч гэдэг мэргэжил цөөхөн учир хүмүүс ламыг зорьж очоод байдаг. Цэвэр агаарт явах, унтаж амрах, уул хангай дээр гарах зэргээр хүний хийморь сүлд нөхөгдөж байдаг.

-Эрдэнийн үрлийг олон янзаар хэрэглэдэг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Эрдэнийн үрэг гэдэг нь ариун модны үр жимснүүд шүү дээ. Өөрөөр хэлбэл, ямар нэг шинжлэх ухааны байдлаар гаргаж авсан зүйл биш. Гүн ухааны цаад зүйл нь сэтгэл заслын ухаантай их ойр юм. Усаар даруулж уухдаа хамаг л сайн сайхныг бодож уух ёстой. Ховор байдаг зүйл бөгөөд бас нэг эмийн ургамлын төрөл гэж ойлгож болно. Мөн нэг зүйлийг хэлэхэд, монголчуудын маань өвөг дээдэс 3 мянга гаруй тарнийн ухаан, гүн ухаан гээд  олон ухаан шингэсэн номыг Түвд хэл дээр буулган оруулж өгсөн. Гэтэл тэр номнуудыг нь одоо бидэнд Түвд хэлээр уншиж өгөөд байгаа юм. Манай шашин хоцрогдож байна. Англичууд өөрийнхөө хэл дээр энэ судруудыг орчуулаад уншиж байна. Бид ч гэсэн өөрийнхөө хэл дээр унших ёстой. Хүн уншуулж байгаа номныхоо утга учрыг ойлгоод түүнийгээ амьдралд хэрэгжүүлж амьдрах хэрэгтэй.

7

Би Гандангийн стилиэр явдаггүй

-Та номынхоо эх үндсийн талаар уншигчдад танилцуулаач. Үүний тулд өөрийнхөө талаар бас илүү дэлгэрэнгүй ярих хэрэгтэй байх л даа?

-Би бол шашин болон шүтээн судлаач хүн. Гурав, дөрвөн жилийн өмнө би шашин судлаач мэргэжлээр төгссөн. Аливаа бурханы шашин ном, судар, сургаалыг бүгдийг нь үзээд гүн ухааны талаас нь хүмүүст илүү ярьж, ойлгуулдаг. Хүмүүсийг амар амгалан, сайн сайхан байхын тухайд бол хүн бүр л ярьдаг. Хамгийн гол нь том зоригтой, зорилготой байх хэрэгтэй. Би “Хутагт номын чанар” гэдэг ном бичсэн. Энэ номд манай улсад 2061 он хүртэл, дэлхий дахинд 2200 он хүртэл юу тохиолдох вэ гэдгийг эш бичсэн.

-Зөгнөсөн гэсэн үг үү?

-Тийм, зөгнөсөн. Би зүгээр гудамжинд явж байхдаа ч юм уу, эсвэл Эрдэнэтэд явж байхдаа тэнд юу болохыг нь хардаг. Түүнийгээ  бичдэг.  Би энэ номд Монголынхоо тухай илүү их  оруулахыг хүссэн. 2016 оноос 2061 оны хооронд Монголд юу тохиолдох вэ гэдгийг бичсэн байгаа.

-2016-2061 он хүртэл болох үйл явдлуудыг зөгнөсөн гэхээр сонирхолтой санагдаж байна. Та жишээ болгоод заримаас нь дурдаж өгөөч?

-Энэ хооронд сайн болон саар маш олон үйл явдал болно. Ган болно, кибер халдлага болно. Монголд Өмнийн говиос асар их хэмжээний түүхийн олдвор олдоно гэх мэт маш олон үйл явдал болно. Би бас өөрийнхөө номд дараагийн Ерөнхийлөгчийн дүр төрхийг тодорхойлчихсон байгаа. Яагаад 2016 оноос эхлүүлж байгаа гэхээр Монгол Улс 1206 онд мандан бадарсан. 1206 оны эсрэг давтамж нь 2016 он. Дэлхийн эрдэмтэд ч тэгж үздэг. 1206 онд нарны идэвхжил ямар байсан, тэр зүйл одоо яг асч эхэлж байгаа. Үүнийг би ганцаараа хэлж байгаа юм биш. Геофизик, одон орон судлалын эрдэмтэд ч хэлдэг. 1206 онд Чингис хаан дэлхийг эзлээд хүчирхэг сайхан явах үед түүний эзлэх гээд очсон орон бүрт ган, зуд болж, царцаа, шувууны нүүдэл болчихсон байдаг байж. Гэтэл яг тэр зүйл нь хэдэн жилийн өмнөөс дахиад эхэлчихсэн. Би тэгээд номдоо нарны идэвхжил эхэллээ гээд бичсэн байгаа.

-Дахин давтагдаж байгаа тэр идэвхжил нь монголчуудад хэр ашигтай юм бэ?

-Яг үнэнийг хэлэхэд, шинжлэх ухааны үүднээс Монголд нарны идэвхжил нь илүү их ирээд байна гэсэн үг.  1206 онд ч тийм байсан. Одоо ч тийм байна. Энд мухар сүсэг огт байхгүй.  Нэгэнт нарны идэвхжил эхэлж байгаа энэ үед бид нар морио унаад, сэлмээ бариад гарч чадахгүйгээс хойш хий морио унаад, морин сэлмээ бариад, оюун ухаанаараа бүхнийг бүтээж босгоё гэдэг зүйлийг л яриад байгаа юм. Монголчуудын оюун ухааны сэргэн мандал нь одоо эхэлчихсэн. Цаанаасаа байгаль орчин,одон гариг нь ивээж байгаа. 2016 онд илүү хүчтэй тусна. Тийм учраас би номдоо 1206, 2016 он гэж тодотгосон байгаа юм. 2016-гийн дахиад нэг хувилбар нь 2061 он. 2061 онд Монголд дахиад нэг хувьсал эхэлнэ.

-Зөгнөл гээд ярихаар хүмүүс ихэвчлэн Вангагийн тухай ойлгоод байдаг… 

-Би бол тэд нарын энд хүрэхгүй юм байна лээ. Миний очиж үзэж байгаа газар ирэх 170-180 жил л байгаа.

-Очиж үзсэн гэдэг үг их анхаарал татаж байна. Та ирээдүй рүү очиж үзсэн гэсэн үг үү?

-Монголчууд эрт цагт мэдэмсэр ухаан гэдэг үгийг хэрэглэдэг байсан. Яг үнэндээ монголчууд мөнх тэнгэр шүтдэг, бурхан шүтдэг, эсвэл дайн тулаандаа сайн байсандаа биш харин мэдэмсэр ухааныг сайн хөгжүүлсэндээ л хүчирхэг байсан юм. Энэ нь бидний байгалийн зөн билэг юм л даа. Тэгэхээр үүнийг хөгжүүлж чадах юм бол энэ байгаа цаг үеэсээ аль ч цаг үе, орон зайд нэвтэрч хүрч чаддаг. Энд сууж байгаа би оюун ухааныхаа хүчээр Увс нуурын эрэг дээр очиж чадна. Үүнийг гэхдээ дан ганц Монголчууд биш, Энэтхэг, Түвдийн хутагт хувилгаадууд ч гэсэн хийдэг байсан. Хамгийн гол нь энэ чинь материаллаг ахуйгаасаа хөндийрч чадаад оюун ухаанаа дээд зэрэгт хүргэж чадсан хүн тэнд болох үйл явдлуудыг оюуныхаа хүчээр харж байсан гэсэн үг байхгүй юу. Гэхдээ би бас үүнийг төгс хийж чадахгүй л байгаа. Энэ чинь хамгийн наад зах нь мөнгө бодохоо болиод агуйд сууж байж номын хүчээр л хийх зүйл.

-Манай монголчууд бөө, лал, христ, мүүн гээд л олон шашин шүтэж байна. Таны хувьд энэ олон төрлийн шашинд хэрхэн ханддаг вэ?

-Аливаа шашин шүтлэг гэдэг бол хүнийг сайн сайхан амьдруулахын тухайд гүн ухаан юм. Нэг талаасаа ухаан, нөгөө талаасаа ёс суртал. Олон жилийн өмнө Монголын бөө мөргөлийн тэргүүн Түвдэд очиход Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголоос очсон тэр бөөг хажуудаа суулгасан. Тэгээд Далай лам хүн төрөлхтний оюун ухаан эх сурвалж болоод шашин шүтлэгийн эх нь бөө мөргөл гэж хэлсэн байдаг. Бөө мөргөлөөс бүх шашин салбарлаж бий болсон.

-Та хаана шашны сургууль төгссөн бэ?

-Би Хонгконгт шашны сургууль төгссөн. Шар ордонд суудаг байсан ч лам нартай нь таардаггүй байлаа. Би Гандангийн стилиэр явдаг хүн биш байхгүй юу. Өөрөөр хэлбэл, би илүү нээлттэй, дэлгэрэнгүй, ном уншиж өгөөд хүнээс мөнгө авдаг зүйлд сураагүй. Жишээ нь, би нэг хүнд та ном уншуулах шаардлагагүй, таны эрч хүч энерги сайн байна гэхээр зарим лам нар маань уурлаад байдаг. Гэхдээ адилхан буян номын хүмүүс учраас бие биеэ хүндэлдэг.

Оюун ухаан, үйлдэл хоёр зөрөх юм бол тэр мухар сүсэг болно

8

-Сүсэгтэй холбогдуулан нэг зүйл асуумаар санагдлаа. Төв аймагт “Ээж хад” гэж шүтээн бий. Монголчууд жинхэнэ утгаар нь сүсэглэж чадаж байна уу?

-Энэ бол бодитой буюу бидэнтэй зэрэгцэн буй ертөнц юм л даа. Бид гурван хэмжээст ертөнцөд амьдардаг. Нэр, дүрст, үл дүрст гэх гурван ертөнц бий. Бид дүрстийн ертөнцийн хүмүүс. Харин үл дүрстийн ертөнцөд бурхан тэнгэр, сүнс гэх мэт орно. Ээж хадны хувьд энэ бол амьтай зүйл. Эзэн нь лус, шивдаг, юлха гурав. Энэ бүгд биднийг харж, мэдэрч байгаа.

-Төв аймгийн Баянцогт суманд манай “Монгол шүтээн” цогцолбор төв байгуулагдаж байгаа. Энэ цогцолбортоо Монголын ард түмэн эрт цагаас эдүгээ хүртэл ямар шүтээн шүтэж байсан бэ гэдгийг түүхэн он цагийн дагуу, шинжлэх ухааны үндсэн дээр тайлбарлаж, бүтээн байгуулж байна. Номын өргөө, номын сан, музейгээс гадна бурхадын дүрийг бүтээж цогцлоож байна даа. Энд очсон сүсэгтэн олон тэр олон бурхадад мөргөж, сүсэглэж болно.

-Хүмүүс зарим шүтлэгтэй газраас чулуу, холтос гэх мэт зүйлсийг авдаг. Энэ нь эд баялгийг арвидуулж, аз хиймор авчирдаг гэж үздэгтэй холбоотой гэж сонсож байсан. Энэ ямар сүсэг нь вэ?

-Ембүү хаднаас жаахан ховхолж аваад түрүүвчиндээ хийчихээр баян болно гэж би бодохгүй байна. Энэ мухар сүсэг. Гэхдээ тэр хүн чулууг яг юу гэж бодож авснаас бүх зүйл шалтгаална л даа. Үүнээс хойш түрүүвчинд минь их мөнгө орж ирэх болтугай, ахуй амьдрал минь дэвжих болтугай гэж хийж байвал энэ нь шүтлэг болно. Тэгэхгүйгээр хүмүүс хийгээд байдаг юм билээ. Оюун ухаан, үйлдэл хоёр зөрөх юм бол тэр мухар сүсэг болно. Өнөөдөр ном уншуулчихаад гараад л хараалаа хэлээд, худлаа яриад байвал түүнд мянган сайн ном айлдаад нэмэргүй.

-Лам нар номыг ихэвчлэн төвдөөр уншиж байдаг. Үүнийг монгол руу хөрвүүлж уншиж болдоггүй юм болов уу?

-Миний хувьд аливаа ном, судрыг эхлээд монголоор уншдаг. Тэгээд дараа нь төвдөөр уншдаг. Монголоор уншихаар хүмүүс их сонирхдог. Ер нь монголоор унших хэрэгтэй. Сүүлийн үед монголоор уншдаг хүмүүс нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэрэг шүү.


-Ард олондоо сайхан ерөөл айлдаач?

-Энэ хонь жилд Монголын болоод даян дэлхийн хүн ард эрүүл энх байх болтугай. Аливаа ажил хөдөлмөрийг зөв сайнаар сэтгэж, зөвөөр бүтээж байгаарай. Монгол айл бүрийн гал голомт нь ариун, ноён нуруу нь тэгш байж, гурван галын эрдэмд төгс суралцаж, аз жаргалтай, өнөр өтгөн байх болтугай. Хүмүүст эд хөрөнгө, машин тэрэг элбэг олдоно. Хамгийн гол нь эрүүл мэнд олдохгүй шүү. Тиймээс эрүүл саруул байж, ажил мэргэжилд шунан тэмүүлж хамтдаа зүтгэцгээе ээ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: http://mnb.mn/

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …