Шөнийн цагаар шүдээ хавирах нь тайван биш, биед ямар нэгэн зовиур байгаагийн шинж. Шөнөөр идэвхждэг зүйл юу вэ гэвэл гэдэсний шимэгчид юм. Хүний гэдсэнд шимэгчлэн амьдардаг хорхойнууд нь нойрон дунд бие мах бодийн тайван үед идэвхждэг. Түүнээс болоод хүүхэд шөнө унтаж чадахгүй шүдээ хавирах явдал бий.
Бас нэгэн шалтгаан бол өдрийн стресс ачаалал цочролоос болоод хүүхэд шөнө унтахдаа шүдээ хавирах явдал бий. Зүүдлэнэ гэдэг бол уураг тархинд ямар нэгэн сэрлийн голомт ажиллаж байгаагийн шинж. Түүнээс болоод шүдээ хавирч болно.
Дараагийн шалтгаан нь архи уусан хүмүүс согтуу үедээ шөнө бүтэн тайван амарч чаддаггүй. Хэдийгээр унтаж байгаа боловч бас л уураг тархинд ямар нэгэн сэрлийн голомт ажиллаж байна гэсэн үг. Тийм үед шүдээ хавирч болно. Ер нь шүдээ хавирах гэдэг нь өөрөө өвчин биш уураг тархинд үүссэн сэрлийн голомтоос болоод илэрч байгаа шинж гэж ойлгоход болно.
Эмч нарын дүгнэж байгаагаар шүд хавирах хамгийн гол шалтгаан нь ядаргаа гэжээ. 10 эрэгтэй тутмын хоёр нь шүдээ хавирдаг байхад, 10 бүсгүй тутмын зургаа нь шүдээ хавирах зуршилтай байдаг юм байна. Тэгвэл энэ зуршлаасаа салахын тулд бид юу хийж чадах вэ?
– Орой унтахдаа уруулаа жимийсэн ч шүдээ салгаж унтахыг хичээгээрэй. Өдөрт юм ярихгүй үедээ ч энэ үйлдлийг давтаж хийгээрэй. Эрүүгээ суллаад гүнзгий амьсгаа ав. Хамгийн чухал нь дээд доод шүдээ нийлүүлж болохгүй.
– Унтахын өмнө бүлээн устай ваннд жаахан хэвтээрэй. Бүлээн ус эрүүний булчинг тайвшруулж өгнө.
– Унтахын өмнө ойрхон бага зэрэг алхах, хөнгөн дасгалууд хийж болно. Шүд хавирах зуршлыг бий болгож байгаа стрессийг арилгахад тустай.
– Хэрвээ өдрийн цагаар ч шүдээ зуудаг бол өөртөө байнга сануул. Нэг л мэдэхэд шүдээ тас зуучихсан сууж байвал суллаад тайвшир. Юм идэхээс бусад үед шүдээ хооронд нь бүү “уулзуул”
– Хамгийн гол шалтгаан болох стрессээ тайлаарай. Өөрийнхөө дуртай зүйл, хоббинд цаг гаргаж болно. Ном унших, халуун цай уух, намуухан хөгжим сонсох гэх мэт.
– Унтахын өмнө халуун бүлээн усанд норгосон алчуураар эрүүнээс чихний ар хүртэл жин тавиарай. Энэ нь эрүүний булчинг суллаж өгнө.
– Бүх биеийн массаж хийлгээрэй. Мэдээж эрүүндээ ч гэсэн сайн массаж хийлгэх нь тустай.
– Хатуу мах, хатуу талх, ааруул, ээзгий, бохь болон бусад зажлуур ихтэй хоол хүнс аль болох бага хэрэглээрэй.
– Хүнсний бүтээгдэхүүнүүдээс кола, кофе, архи, шоколад зэргийг ч мөн адил аль болох хэрэглэхгүй бол сайн
– Үзэг, бал, соруул зэрэг зүйлсийг амандаа зууж зажлах зуршлаа хаяарай.
Хэрвээ эдгээр аргууд нөлөөлөхгүй бол эмчид хандахыг зөвлөе. Байнга шүдээ хавирах нь эрүүнд гажиг үүсгэх, шүд гэмтээх аюултай байдаг тул тоолгүй өнгөрч болохгүй юм.
эх сурвалж: www.emch.mn