ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.
– Танай газраас БХБЯ-тай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Иргэдийн худалдаж авсан орон сууцны талбай дутахаас эхлээд барилгын салбарт хэрэглэгчийн эрх багагүй зөрчигддөг. Хэрэглэгч, нийлүүлэгчдэд ямар ач холбогдолтой санамж бичиг байгуулав?
– Манай байгууллагаас барилгын компаниудад хийсэн хяналт, шалгалтын дүнд багагүй зөрчил илэрдэг. Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан ногоон байгууламж, авто зогсоол зэрэг ажлыг зургийн дагуу хийдэггүй.
Улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, барилгын талбайг өөрсдийн дураар өөрчилдөг, орон сууц борлуулах гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр заагдсан талбайн хэмжээ бодит байдал дээр дутдаг нийтлэг зөрчлүүд гарч байна. БХБЯ-тай санамж бичиг байгуулснаар хэд, хэдэн ач холбогдолтой. Барилга хот байгуулалтын сайдын зөвлөл, барилгын тусгай зөвшөөрөл олгох, хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд манай төлөөлөл орж ажиллахаар боллоо. Мөн манайхаас барилгын салбарт хийж байгаа шалгалтын ажилд яамны төлөөлөл орно. Ингэснээр зөрчил доголдол гарсны дараа биш анхнаас нь үйл ажиллагаанд хяналт тавьж, компаниудад үүрэг хариуцлагыг сануулбал хэрэглэгчдийн эрх хохирох байдал багасна. Барилгын компаниуд ч шударгаар өрсөлдөх боломж бүрдэж байгаа юм.
Манайд орон сууцны талбайтай холбоотой өргөдөл, гомдол өдөр бүр ирж байна. Одоогийн байдлаар 900 орчим иргэнээс 70 орчим компанид холбоотой гомдол ирүүлсэн. Улсын байцаагчдын дүгнэлтээр компаниуд зөрчлөө арилгаж байгаа ч зарим нь эсэргүүцсэнээр шүүхийн шатанд байгаа асуудал ч бий.
– Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан зарим компани хууль зөрчсөнийг та бүхэн мэдээлж байсан. Харин Барилга хот, байгуулалтын яамнаас ташаа мэдээлэл гэж зарласан. Энэ талаар тодруулахгүй юу?
– Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниудад шалгалт хийж байхад барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд цемент, ган туйвангийн үнийг тогтворжуулах гэрээний хэрэгжилтэд зөрчлүүд илэрсэн юм. 58 компани цемент, арматурын үнийг тогтворжуулах гэрээ байгуулаад арилжааны банкаар дамжуулж 131.6 тэрбум төгрөгийн зээлийг долоон хувийн хүүтэй авсан байдаг. Тэдгээрээс 10 компани дангаараа 43.3 тэрбум төгрөгийн зээлийг авсан ч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Тодруулбал, гэрээнд цемент, арматурыг компаниуд үйлдвэрлэгчээс авах ёстой гэж заасан ч нийлүүлэгчээс авсан. Хэрэгчлэгчдэд хямд үнээр нийлүүлж барилгын материалын болон орон сууцны үнийг тогтворжуулах арга хэмжээ авах ёстой байсан ч хувьдаа ашигласан компани ч байсан. Улсаас хүү багатай их хэмжээний зээл авчихаад хэрэглэгчдэд нийлүүлэх бус компанидаа ашигласан гэсэн үг. Гэтэл барьсан орон сууцных нь үнэ өндөр хэвээрээ. Зардлаа маш ихээр бууруулж ашгийнхаа хувь хэмжээг нэмж хувьдаа завшсан байдал тогтоогдсон. Гэрээнийхээ бүх заалтыг зөрчсөн аж ахуйн нэгж ч байна. Тиймээс зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нэр бүхий 10 компаний зээлийг зах зээлийн хүүгээр төлүүлэх, Сангийн яамны тендерийн хар жагсаалтад нэрсийг нь бүртгүүлэх асуудлыг БХБЯ-нд тавьсан. Банкны жилийн зээлийн хүү одоогийн байдлаар 18-19 хувьтай байгаа. Харин компаниуд долоон хувийн хүүтэй зээл авсан. Тиймээс тэд хүүгийн зөрүү болох 12 орчим хувийн хүүг улсад төлөх ёстой. Шалгалтын эдгээр зөрчлийг зөвхөн манайх ч бус БХБЯ-наас хамтарсан ажлын хэсэг дүгнэсэн. Бодит байдал дээр илрүүлсэн зөрчил дутагдлыг гаргаагүй, гэрээнийхээ үүргийг биелүүлсэн гэж мэдээлж байгаа албан тушаалтныг бид зөрчлийг хаацайлж, хамгаалж байна гэж үзэж байна. Цаашид хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй.
– Шатахууны үнийг бууруулах боломжтой эсэхийг судалж байгаа гэв үү?
– Шатахуун импортлогч компаниудаас шаардлагатай мэдээллийг цуглуулж дууссан. Одоо дүгнэлт хийж байна. Үүн дээр үндэслээд шатахууны компаниудын үнэ бүрдүүлбэр, өөрсдийнх нь ашиг, улсаас авч байгаа татвар ямар байгааг тодорхой болгох юм. Дэлхийн зах зээлтэй уялдан шатахууны үнэ бууруулах боломжтэй эсэхийг судалж эрх бүхий байгууллагуудад асуудлыг тавина.
– Үнийг буурах боломж байна уу?
– Хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байхад онцгой албан татвар бол тэглэчихсэн байсан. Төсвийн тодотголын хүрээнд УИХ-аас онцгой албан татварыг тогтоосон. Гаалийн албан татварыг тодорхой хэмжээгээр тогтоож байна. Энэ бүгдийг тооцон судалж байна. Үүний зэрэгцээгээр онгоцны шатахууны зах зээлтэй холбоотой гомдлоор шалгалтын ажлыг эхлүүлсэн. МИАТ болон бусад агаарын тээврийн компаниудад нийлүүлж байгаа шатахууны үнэ гадаадын нисэх онгоцны буудал дээр цэнэглэж байгаагаас хол зөрүүтэй өндөр байна гэсэн асуудал. Тиймээс энэ зах зээл дээр ямар байгууллага үйл ажиллагаа явуулж, агаарын тээврийн компаниудад ямар гэрээ, журмаар нийлүүлж цэнэглээд байна вэ. Энэ үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж байна.
– Нийгмийн даатгалын сан, автомашин ачих, дугуй түгжих үйлчилгээтэй холбоотой гомдлоор шалгаж байгаа гэсэн. Эдгээр асуудал ямар шатанд байна?
– Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа хууль журмын дагуу байгаа эсэхийг удахгүй мэдээлнэ. Автомашиныг ачих, түгжих үйл ажиллагааны талаар иргэдээс их гомдол ирдэг. Тиймээс компаниуд хуулийн дагуу ажиллаж байна уу, аж ахуйн нэгжүүдэд эрх олгосон процесс нь хууль ёсны байсан уу гэдгийг шалгасан. Түүнээс гадна энэ үйлчилгээ хуульд нийцэж байгаа эсэхийг ч анхаарч байна. Шалгалтын дүгнэлт гарахад бэлэн болсон. Манай байгууллагаас улсын байцаагчийн албан ёсны дүгнэлт гараагүй байхад нөхцөл байдлыг урьдчилж мэдээлэх боломжгүй байна.
Мөн банкны зээлийн шимтгэлтэй холбоотой асуудал шүүхийн шатанд байгааг та бүхэн мэдэж байгаа. Анхан шатны шүүх банкны зээлийн шимтгэл хууль бус болохыг тогтоосон. Банкууд давж заалдсаны дагуу шүүх хурал өнгөрсөн сарын сүүлчээр болсон. Шүүгч уг хэргийг шүүхээс татгалзсан учраас шүүх хурал 14 хоногоор хойшилж энэ долоо хоногт болно.
– “Мобиком” компанийн хэрэглэгчид эрхээ хамгаалж танайд хандсан байсан. Зөрчил нь арилсан уу?
– “Мобиком” корпорацийн удирдлага өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд хэрэглэгчдээсээ суурь хураамж авах тушаал гаргасан байдаг. Энэ талаараа хэрэглэгчдэдээ нэгбүрчлэн зохих ёсоор мэдэгдээгүйгээс манайд гомдол ирсэн. Компанийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа ч хэрэглэгчтэй нэгбүрчлэн гэрээ байгуулдгийн хувьд суурь хураамж авах болсныг тухай бүрт нь дуулгах ёстой байсан. Түүнээс гадна суурь хураамжийг тушаал гаргасан өдрөөс бус арваннэгдүгээр сарын 1-нээс тооцож авсан. Эдгээр зөрчлийг арилгах улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн. Хоёрдугаарт, роуминг үйлчилгээтэй холбоотой асуудал бий. “Мобиком” корпораци хэрэглэгчдэдээ энэ үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өгдөг ч бодит байдал дээр мэдээлэл зөрсөн талаарх гомдлыг хэрэглэгчид мэдүүлсэн. Шалгаж үзэхэд тус газрынхан хэрэглэгчдэдээ роуминг үйлчилгээний талаар үнэн бодит мэдээлэл өгч, хэрэглэгч хэрэглээгээ хянах боломж олгоогүйгээс зөрчил үүссэнийг тогтоосон. “Мобиком”-ын зүгээс эдгээр зөрчлөө хүлээн зөвшөөрч, арилгасан гэдгээ мэдэгдсэн. Манай улсын байцаагч зөрчил арилсан эсэхийг шалгах ажил үргэлжилж байна.
– Өмнөх даргын үеэс эхэлсэн нэг асуудал бол “Аса” циркийн хувьчлал. Хувьчлалыг хүчингүй болгох ёстой гэсэн танайхны байр суурийг олон нийт, ялангуяа циркийн зүгээс хүчтэй эсэргүүцэж байгаа. Одоо хүртэл нэг тийш шийдэгдэхгүй байгаа ямар шалтгаан байна вэ?
– Хувьчлалыг хүчингүй болгох эрх бүхий субьект нь Төрийн өмчийн хороо. Тэд энэ гэрээг дүгнэж шийдвэрийг гаргахгүй байгаа учраас манайхаас шүүхэд хандсан. Шүүх хурлын тов одоогоор гараагүй байна.
– Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлэн болсон гэсэн. Одоо мөрдөж байгаа хуулиасаа хэрхэн өөрчлөгдөх бол?
– Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаан, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орсноор хэрэглэгчийн эрхийг хамгаалахад хэд, хэдэн чиглэлд ахиц дэвшил гарна.
Нэгдүгээрт, хэрэглэгчид эрх нь зөрчигдсөн тохиолдолд газар дээр нь хохирлоо барагдуулах боломжтой болно. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн ТББ-уудын оролцоог хангаж өгч байгаа. Гуравдугаарт, хуулийн хариуцлагыг нэмэгдүүлсэн. Одоогийн хуулиар аж ахуйн нэгжүүд зөрчил гаргалаа, 250 мянган төгрөгийн торгууль төлчихөөд зөрчлөө арилгадаггүй. Хариуцлагын санкцыг нэмэгдүүлснээр аж, ахуйн нэгжүүд хуулиа мөрдөх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
– Удахгүй олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Энэ өдрийг угтаж та бүхэн ямар ажил төлөвлөв?
– Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр энэ сарын 15-нд болно. Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Эрээн хотод өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэж байна. Учир нь Замын-Үүд суманд ШӨХТГ-ын улсын байцаагчийг анх удаа томилон ажиллуулахаар болсон. Тэнд Хэрэглэгчид үйлчлэх төвийг нээх юм. Нөгөө талаар БНХАУ-ын Аж үйлдвэр, худалдааны засаг захиргааны газартай хамтын ажиллагаатай. Манай улсын иргэд Эрээн хот болон урд хөршид олноор зорчиж, ажил үйлчилгээ авдаг. Тийм үед эрх нь зөрчигдсөн тохиолдолд Замын-Үүд суман дахь улсын байцаагчид гомдлоо гаргах боломжтой. БНХАУ-ын Аж үйлдвэр, худалдааны засаг захиргааны газар улсынхаа хууль, эрх зүйн хүрээнд манай иргэдийг хохиролгүй болгох арга хэмжээг шуурхай авахаар тохиролцсон.
– Та ШӨХТГ-ын даргын албыг аваад багагүй хугацаа өнгөрлөө. О.Магнай даргын хувьд энэ газрыг олон нийтэд таниулсан, хэрэглэгчийн эрхийн төлөө хүчтэй дуугарч чадсан гэсэн ойлголт одоо ч нийгэмд байна. Тиймээс таныг өмнөх дарга шигээ ажиллаж чадах болов уу гэсэн эргэлзээ, хүлээлт байгааг уншигчдынхаа өмнөөс уламжилмаар байна?
– Манай байгууллага 2004 онд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр байгуулагдсан. Тухайн үед хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг манай байгууллагад байгаагүй. Хуулийн орчин ч боловсронгуй болоогүй байсан цаг. Харин 2010 онд Өрсөлдөөний тухай хууль батлагдсанаар хариуцлагын тогтолцоог сайжруулж өгсөн. Тиймээс энэ байгууллагын асуудлыг шийдэх эрх, үүрэг нь нэмэгдсэн. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Зар сурталчилгааны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангах үүрэг манай байгууллагад ноогдсон.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх нь манайд байсан. Тиймээс сүүлийн үед ажиллаж байсан удирдлагуудын ажил ингэж харагдаж байж болно. Би өмнөх удирдлагуудаа нэгбүрчлэн хүлээн авч уулзаж, санал солилцсон. Тэд энэ байгууллагыг анх байгуулж, зүг чигийг нь тодорхойлж, байгууллагын чадамжийг бэхжүүлэх, хуулийн статусыг боловсронгуй болгох бүх ажлыг хийсэн хүмүүс. Өмнө нь ажиллаж байсан удирдлагууд энэ байгууллагын өнөөгийн төвшинд хүргэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Хувь хүмүүсийн зүгээс алдаа, оноотой зүйл байдгийг үгүйсгэхгүй. Харин өөрийнхөө хувьд манай байгууллага хуульд заасан үүргийнхээ дагуу хэрэглэгчийн эрхийг хамгаалах, шударга өрсөлдөөний нөхцлийг Монгол Улсын зах зээлд бүрдүүлэхэд бодлогын түвшинд ахиц дэвшил гаргахын төлөө ажиллах ёстой гэж үзэж байна.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин