Нээлттэй хэлэлцүүлэгт Шинэчлэлийн хорооны даргын хэлсэн үг

photo25587JHGМАН-ын Шинэчлэлийн хорооны дарга   Б.Ганхуягын хэлсэн үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

МАНын Шинэчлэлийн хороо хэзээ байгуулагдсан бэ? Юу хийсэн бэ? Юу хийх вэ? Ялангуяа МУ-ын Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудлаар, Эдийн засгийн Алуурчдыг зарласан асуудлаар яагаад Шинэчлэлийн хороо ажиллах болов? Гээд олон асуултууд  иргэд  зарим судлаачдыг анхаарлыг татаж байх шиг байна. Тэгэхээр өнөөдрийн үгээ асуултаар эхлүүлэх  шаардлагатай болсон.

МАН-ын Шинэчлэлийн хороо байгуулагдан идэвхитэй улс төрийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2 жил 7 сарын хугацааг ардаа орхилоо.

Шинэчлэлийн хороо 2 үндсэн чиглэлийг үйл ажиллагааныхаа зорилт болгон ажилладаг.

Нэгдүгээрт:Монгол дахь улс төрийн намуудын төлөвшлийг бэхжүүлэх,  шинжлэх ухаанд Монгол хүн, Монгол гэр бүлийн төлөө намуудыг бий болгох,  энэ зорилтыг биелүүлэхэд 94 жилийн түүхтэй, бодлого, бичиг баримтын хувьд харьцангуй төлөвшсөн, туршлага, тулхтай нам болсон МАН-ын дэргэд ажиллаж, бодлого, хөтөлбөрийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр зорин ажиллаж байна.

Хоёрдугаарт: Нийгмийн шинэчлэлийн үйл явцад оролцох, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, тогтолцооны өөрчлөлтийг судлах, тэгш байдлыг эрхэмлэсэн, үлбэгэр биш “Хүчтэй төртэй болох,  Зохицуулалттай эдийн засаг”-ийн системийг бий болгох зорилтыг МАН-ын Шинэчлэлийн Хороо дэвшүүлэн ажилладаг.

Улс төрийн нам, түүний эд эс болсон байгууллагууд бол төрийг үүсгэх эх сурвалж гэдгийг Монгол Улс Үндсэн хуулиндаа тусгаж, оролцоог нь зохицуулж өгсөн байдаг. Тиймээс ч төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэн оролцсоор байдаг, Үүний адил Шинэчлэлийн Хороо ч үүргээ биелүүлсээр байгаа, цаашид ч улам бүр эрчимжүүлж ажиллана.

Өнөөдөр Монгол Улсын хөгжил, нийгэм, эдийн засаг,санхүүгийн нөхцөл хямралын байдалтай болж,  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа дампуурч, зогсонги байдалд орж,  ажилгүй хүний тоо өдөр ирэх тоолонд нэмэгдэж, баталгаагүй ажлын байрны тоо өсөж, иргэдийн амьдрал уруудан доройтсоор байгаа нь хөдлөшгүй үнэн болсон.

Тоон мэдээллээр бол сүүлийн 2 жилийн хугацаанд валютын ханш ам.доллараа даган 29.4 хувиар огцом нэмэгдэж, монгол төгрөгийн ханш 48 хувиар унаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 27 хувиар өсөж, иргэдийн худалдан авах чадвар 35 хувиар буурч, Монгол улсын гадаад өр 53 их наяд төгрөгөөр нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 10 гаруй хувиар саарч, 53.000 аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, 119.000  иргэн ажилгүй болж, Монгол хүн өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд өдөр хоногыг элээсээр байна. Энэ нь Монгол хүний амьдралыг сааралтуулж, бүдгэрүүлсээр байна.

Сүүлийн жилүүдэд Монгол банк Засгийн газрын шууд хариуцан ажиллах ёстой эдийн засаг, санхүүгийн харилцаанд хэт улайран оролцох болж, анхан шатанд, аж ахуйн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөлөл нь нэмэгдэж, Төв банкны алсын хараа, бодлогоо алдаж, хуулиар хүлээсэн үүргээ холин умартах болсны тод жишээ ам.долларын ханш 2000 шүргэж байгаагаар нотлогдож байна.

Монгол банкнаас үнэ тогтворжуулах нэрийн дор 4 их наяд төгрөгийг барилга, хөдөө, аж ахуй, хүнс, аж үйлдвэрлэлийн зэрэг салбаруудад, мөн хөгжлийг дэмжих бизнесийн 888 хөтөлбөр нэр дор 2 жилийн хугацаанд тарааж  дуусгасан. Одоо үр дүнг нэхэх цаг болсоон.

Хөтөлбөрөөр 1100 гаруй аж ахуйн нэгж, 200 орчим иргэнд 15 саяас эхлээд  40 тэрбумын дээд хязгаар хүртэл төгрөгийг өгч, зохих салбаруудад зарцуулах үүрэг өгөгдсөн.  Энэ их хэмжээний хөрөнгийг цацаж байршуулсан  ч ажлын байр мэдэгдэхүйц нэмэгдсэнгүй, харин ч багаслаа. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буурсангүй, улам нэмэгдлээ. Импортыг орлох бараа шинээр гарч, огцом өөрчлөлт гарсангүй. Харин эрэлт багассантай холбоотойгоор орон сууцны үнэ буурах хандлага гарч, бензин, шатах материалын үнэ тогтвортой байгаа ч, Монголчууд бүсээ төө төөгөөр чангалсаар байна.

Одоо бидэнд цаашид яаж амьдрах, ирээдүйгээ өнгөтөөр харах боломж байгаа эсэхийг хэлж өгөх Төр хэрэгтэй байна. Доллар цаашид хэд хүрэх, бараа бүтээгдэхүүний үнэ хэдээр нэмэгдэх, үүнтэй зэрэгцээд цалин, орлого нэмэгдэх юм уу, үгүй юмуу? Энгийн ямар ч Монгол хүн бүр л ийм асуулт  асууж  байна. Хариултаа хүлээсээр байна.

Төр засгийн зүгээс ард иргэдийг бүсээ чангалж, тэвчээртэй хүлээхийг сануулж, анхааруулсаар байгаа. Үүнийг ойлгож болно, дахиад асуумаар байна. Хэдий хүртэл, юуг хүлээх, дараа нь ямар боломж гарах, бидний амьдралын чанар дээшлэх эсэхийг толгойд ортол хэлээд, тайлбарлаад өгчих хүн, дарга, цэрэг одоохондоо нэг ч алга.

Монголын эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа ямар ч залуургүй, урсгалаараа урсаж байна. Хүлээсэн байдалтай, Оюу Толгой, Таван Толгой төсөл урагшилж мөнгө орох байх, найдлага харагдах байх гэсэн хариултууд нь хэвлэл, мэдээлээр цацагдсаар. Зүгээр хүлээж суугаад амжилтанд хүрсэн хүн, байгууллага, ард түмэн, төр засаг гэж байхгүй, байх ч боломжгүй.Бидэнд, Монголд шинэ гарц, шинэ бодлого хэрэгтэй байгааг, шинэ, зоригтой, шийдэмгий алхам хийхийг Монгол түмэн яаруулж, сануулсаар байна.

МАН-ын Шинэчлэлийн хорооноос “Монголын эдийн засгийн алуурчид”-аар 4 хүнийг нэрлэж, зарласан. Дахин сануулъя. Монголын хамгийн муу Ерөнхий Сайдаар цоллогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Төрийн сан хөмрөгөөр тоглож амжсан Сангийн сайд асан Ч.Улаан, Эдийн засгийн сайд асан Н.Батбаяр, Монгол төгрөгийг үнэгүйдүүлсэн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал.

Эдийн засгийн алуурчдыг зарлах болсон гол зорилго нь өнөөдрийн хямрал хэзээ, юунаас эхэлсэнийг тодотгох, эзэн, холбогдогчийг олж, зарлах, асуултын хариултыг олж, хариуцлага нэхэх. Энэ ажил хэн нэгэнд ял хүлээлгэж, муулахдаа гол биш, утга нь алдаа, завхарлын эхлэлийг тавьсан эзэн этгээдүүдийг Монголчууд ,ард нийтээрээ мэдэж, санаж, дахин энэ төрлийн алдааг, өөр хэн нэгнээр давтуулахгүй байхад чиглэгдсэн.

            Бид Монголын эдийн засаг, нийгмийн байдлыг ийм төвшинд хүргэсэн, ард иргэдийн амьдралыг доройтуулж, 3 хан сая иргэнээ ядууруулж чадаж байгаа эдийн засгийн 5 дахь Алуурчин, эрхмүүдийн жагсаалтыг удахгүй зарланаа.

            Монгол төрийн чадамжийг алдагдуулсан, хуулийг хүчгүйдүүлсэн, төрийг хямруулсан, төрөөр дамжиж баяжсан, иргэдийнхээ эрхийг улс төрийн увайгүй зорилгодоо ашигласан, наймаалцсан, Монгол улсын нэрийг уландаа гишгэсэн, Эдийн засгийн алуурчин, “Төрийн дайсан” тэр этгээдийг бид 15 зүйл бүхий үндэслэлээр нийтэд зарлаж, үнэн төрх, нүүр царайг нь илчлэх болно. Хийсэн алдаа, үйлдэл завхарлыг нь зарлаж, хариуцлага нэхэх болно.

Өнөөдөр Монголын төр засаг, улс төрчдөд Хүнээ гэх сэтгэл,  нийгмээ хөгжүүлэх бодлого, эдийн засгаа аврах хөтөлбөр байна уу. Эсхүл унаж байгаа эдийн засгаа дагаад уруудсаар байх уу? Төрд эзэн гэж байна уу? Төрийн тэргүүн хаана явна вэ? Ерөнхийлөгч Бөөрөнхийлөгч болсон уу? Засагт бодлого байна уу? Ерөнхий сайдад зориг байна уу?, Шийдлийн Засгийн газар Хийдлийн Засаг болсон уу?  Ард түмэн хаягдсан уу? Гэх асуултууд ар араасаа гарсаар байгааг сануулж, үгээ асуултаар эхлүүлсэн шигээ асуултаар өндөрлөе.

Анхаарал хандуулсанд  баярлалаа.

2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот. Тусгаар тогтнолын ордон.

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …