БНХАУ-ын Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны товчооны дарга Юү Хонг Ли, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан нар хоёр улсын ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын хувьд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний дараа ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас дараах тодруулга ярилцлагыг авлаа.
– Та сая Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчооны даргатай хоёр улсын байгууллага хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр манай улсын иргэд Эрээн хотод худалдаа наймаа эрхэлж яваад эрх ашиг нь зөрчигдөх юм бол Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны товчоонд хандаж гомдлоо барагдуулах боломж нээгдлээ гэсэн үг үү
– Манай улсын иргэд Эрээн хотод ирж бараа, ажил үйлчилгээ худалдан авдаг.Ингэхдээ эрх нь зөрчигдөх, хохирох тохиолдол нэлээд гардаг тухай бидэнд гомдол мэдүүлдэг. Эдгээр хүмүүсийг хэрэглэгчийн нь хувьд эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл нэн даруй Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд хандаж болно. Иргэд маань Эрээн хотын энэ товчоонд хандаж гомдлоо гаргах нь цөөн байдаг юм байна. Үүний учир нь иргэд маань БНХАУ-ын нутаг дэвсгэр, Эрээн хотод эрх нь зөрчигдсөн болохоор тэр бүр хаана хандахаа мэддэггүй, тэр ч байтугай хөрөнгө мөнгөөрөө хохирсон ч хүний нутагт яах билээ гээд үүнтэйгээ эвлэрдэг, буцаж гарах визны хугацаа нь дуусах болдог зэргээс болж хохирлоо барагдуулж чаддаггүй явдал цөөнгүй тохиолддог байжээ. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО болон Эрээн хот, мөн хоёр улсыг холбож байгаа хилийн 14 боомт орчмын хот суурин газруудад харилцан ирэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр хамтран ажиллахаар болсон
– Танай байгууллагаас санаачлан Замын–Үүд суманд ШӨХТГ-ын улсын байцаагч байнгын ажиллагаатайгаар суурьшин ажиллах болсон тухай та сая санамж бичигт гарын үсэг зурахдаа ярьж байсан. Энэ талаар тодруулаач
– Танай байгууллагын зүгээс БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх хот, Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны товчоотой хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулж байгаатай холбогдуулан дээрх газруудад Монгол улсын иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэхээр болсон. Энэ ажлыг манай талаас хариуцан ажиллахаар улсын байцаагчийн орон тоог бий болгож Дорноговь аймгийн Замын–Үүд суманд суурьшуулахаар болсон. Байцаагчийн тухайд БНХАУ-ийн Их сургуульд магистрын зэргээ хамгаалсан, эдийн засаг мэргэжилтэй, хятад хэлний өндөр мэдлэгтэй залуу хүн байгаа. Тэрэрэ ШӨХТГ-ын Замын Үүд дэх суурин төлөөлөгч, улсын байцаагчийн хувьд Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны товчоотой хамтран ажиллаж Монгол улсын иргэдийн гомдлыг барагдуулах чиглэлд анхаарч ажиллах юм. Ингэснээр бид хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллах бодит боломжийг бүрдүүлж байгаа хэрэг.
– Манай улсын иргэд ямар төрлийн гомдлыг ихэнхдээ танайд гаргадаг вэ
– Иргэдийн хувьд Эрээн хотод Монгол улсад үйлдвэрлэсэн гэх хаяг шошго бүхий хуурамч бүтээгдэхүүн Эрээнд ихээр борлуулагдаж, Монгол улс, ОХУ-руу гарч жинхэнэ Монгол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг унагаж байгаа тухай, мөн гар ахуйн тавилга, бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар тохирч мөнгө төгрөгөө шилжүүлсэн атал тухайн тавилга бараа бүтээгдэхүүн нь ирдэггүй, анх ачуулахаар тохирсон бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж нь өөрчлөгдсөн, зарим зүйл нь дутуу байдаг, дээр нь Монголын Засгийн газрын одон шагналыг гэрчилгээний хамтаар Эрээний зээл дээр зарж байна гэх зэрэг гомдлууд ирдэг. Хамгийн гол нь эдгээр зөрчлийг мод гэж үзвэл салаа мөчрөөс нь тайрснаар тухайн зөрчил бүрэн арилахгүй, харин ч бүр илүү далд нууц олон хэлбэрт шилждэг, тийм учраас энэ мэт зөрчлийг үндсээр нь таслан зогсоож, үүнийг нь аж ахуй эрхлэгчидэд сурталчлах, иргэдэд хууль тогтоомжийн дагуу эрхээ хамгаалах боломж нээлттэй байгааг таниулах нь чухал байгаа юм. Энэ ажлын хүрээнд бид Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны товчооны улсын байцаагч нартай хамтран ажиллахаар болж байгаа төдийгүй өнөөдөр Монгол улсын иргэдээс ирүүлсэн зарим нэг гомдлын мөрөөр орж, хэрхэн шийдвэрлэх байдалтай нь шуурхай, газар дээр нь танилцаж ажиллахаар болсон.
Ц.Мөнх