Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд
Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь биеэ үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид
Ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлст үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээр арвижуулан дархалж байгаа Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд жил бүрийн 3 дугаар сарын 18-ныг “Монгол цэргийн өдөр” болгон Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн жагсаалтад оруулж 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан нь хүн төрөлхтөний түүхэнд анхны төрт улс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Хүннү гүрний “Газар нутаг бол төр, улсын үндэс” хэмээх төрийн тулгуур үзэл, номлол нь Монголчуудын мандан бадарч, бууран доройтож явсан түүхийн аль ч үед уламжлагдан хадгалагдаж, сорилт, шалгуур бүхнийг даван туулсаар бидний үед залгамжлан ирснийг түүхийн ач холбогдлыг тодотгон агуулсан юм” гэж УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээндээ дурдсан байна.
МОНГОЛ ЭХ ОРНЫ ДАРХАН ХИЛ ТАЙВАН БАЙНА.
Өглөө бүрийн ургах нарыг энэ гайхамшигт үгээх эхлүүлж, энэ мэдээг эх орныхоо өнцөг булан бүрт сэтгэлийн дуудлагаар түгээхэд халуун амь, бүлээн цусаа зориулж эртнээс улбаатай энэ эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө зүтгэж явсан аавын олон хөвгүүд, ахмад дайчдынхаа дурсгалыг хүндэтгэх өдөр.
Эх орныхоо дуудлагаар эр цэргийн албанд мордож, албаа нэр төртэй хааж буй аавын хөвгүүдийн баярын өдөр.
Олон улсад эх орныхоо нэрийг гарган энхийг сахиулж байгаа тэр хөвгүүдийн, ард нь хүлээгээд сууж буй ээжүүдийн, аавуудын, эхнэрүүдийн баярын өдөр
Хилийн хуаранд 5 жил, 4 жил, 3 жил, 1 жилийг үдсэн бүхий л эрсийн баярын өдөр.
Эх орон нь дуудах цагт бэлэн байх омогшилтой монгол эрсийн баярын өдөр.
Эрчүүдтэй эн зэрэгцэн дүрэмт хувсцаар гоёж мөрдөс зүүсэн бүсгүйчүүдийн бас баярын өдөр.
Өвөг дээдсийн буурал амь, бүлээн цусаар тамгалагдан үлдсэн Монгол эх орныхоо дархан хил, халдашгүй байдлыг батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа хэн бүхэнд Зэвсэгт хүчний яруу алдарт 94 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
WWW.UGLUU.MN САЙТ