Залуу эмэгтэйчүүдийн Бриллиант клубын талаар сонсоогүй хүн бараг үгүй болжээ. Нийгэм-цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн клуб нэг жилийн өмнө байгуулагдсанч цаг үеэ олсон, нийгмийн сайн сайхны төлөө ажлуудаараа сошиал ертөнцөд түгж, нэг жилийн ойн баяраа бүх аймгуудын салбар клубын бүсгүйчүүдтэйгээ сар гаруйхны өмнө нижгэр тэмдэглэсэн байдаг.
Үндэсний хэмжээний зохион байгуулалттай гэж хэлж болох тус клубын бүсгүйчүүдийн төлөөлөл НҮБ-н Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дэх удаагийн чуулганд оролцоод иржээ.
Дэлхийн эмэгтэйчүүд нэгэн дор цуглаж асуудлаа хэлэлцэн, бодлого хэрэгжилтээ дүгнэдэг энэхүү хурлын эргэн тойронд 430 орчим дугуй ширээний ярилцлага, семинарууд болсон байна. Бриллиантын бүсгүйчүүд уг хуралд оролцож байр сууриа илэрхийлснээс гадна эмэгтэйчүүдийн бизнес болон нийгмийн хөгжлийг 95 оронд дэмжин ажилладаг BPW International ( International Federation of Business and Professional Women) Oлон улсын байгууллагын 85 жилийн ойд гишүүн клубын хувиар амжилттай оролцсон байна.
Хэлбэр эсгэж хэсэг бужигнаад намждаг олон клубуудаас ялгарч байгаа тэдний клубын уриа маш энгийн бөгөөд “Бүтээлчээр манлайлна” гэсэн уриатай гэнэ. Гадаад дотоодод цөөнгүй олон ажлыг амжилттай зохион байгуулсан тэдний зарим ажлаас дурьдвал Монголд анх удаа “Тэргэнцэртэй сайхан бүсгүйн тэмцээн”-ийг зохион байгуулж, “Даралтгүй ээжүүдийн төлөө аян”, “Стикер аян”, “100 бизнес эмэгтэйн уулзалт”, “Найзын цүнх аян”, “Эрдэмтэй оюутнаас-Эрдэмтэн судлаач” эрдэм шинжилгээний хурал зэргийг ар араас нь амжилттай зохион байгуулсан байдаг. Бриллиант клубын бүсгүйчүүд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн “Монгол бүсгүйчүүд ёс суртахуунаар манлайлна” 10000 эмэгтэйн чуулганыг орон даяар хийхээр болж бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ..
Сонирхуулахад “Монголын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбоо”, “Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо”, “Кристина Нобелийн хүүхдийн төлөө сан” зэрэг төрийн бус байгууллагууд “Бриллиант клуб”-ын бүсгүйчүүдтэй хамтарч ажилладаг юм билээ.
А.Тамир
Эх сурвалж: Undesten.mn