Энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэг улсад болсон чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа ФИЛА-гийн сайтад гарсан “Mongolia’s Wrestling Queens Take Center Stage” нийтлэлийг орчуулан толилуулж байна.
Олон зууны туршид монгол цэргүүд хожуу үед монголын бөхчүүд нэрээ гаргадаг байлаа, гэвч монголын уужим хээр талаас төрсөн монголын эмэгтэй бөхчүүд сүүлийн арваад жилд цахиур хагалж байна.
Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж тус тивийн өнцөг булан бүрээс итгэл тээж ирсэн багууд дэвжээн дээр гарч дурсгалын гэрэл зураг татуулж байна. Ираны бөхчүүд улсынхаа жижиг далбаа барьсан хөгжөөн дэмжигчидтэйгээ хамт гэрэл зургаа авхуулж байна. Эмэгтэй бөхчүүд нь багаараа түрүүлсэн хятадын бөхчүүд тэмцээний логоны дэлгэц дээр бүгд баяр хөөртэй инээлдэцгээн гэрэл зургаа татуулж байна.
Дэвжээн дээр багаараа аман хүзүүдсэн монголын эмэгтэй баг, гуравдугаар байр эзлэсэн эрэгтэй багийнхан, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид хамтдаа гэрэл зургаа авхуулж байна. Бөхчүүд, голдуу эмэгтэй хөгжөөн дэмжигчид хоорондоо салаавчлан зогсчээ.
“Манай багийнхан их элэгсэг дотно, манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн бөхчүүд хамтдаа бэлтгэл сургуулилтаа хийдэг болохоор тэд хоорондоо их хамааралтай, энэ бол их сайн хэрэг.” гэж урьд нь залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч байсан, эдүүгээ үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр ярилаа.
Олон зууны туршид монгол оронд эмэгтэйчүүдэд спортоор хичээллэх боломж байдаггүй байжээ. Тус орны хувьд гимнастик зэрэг маш их хөрөнгө шаарддаг спортын төрөлд зарцуулах санхүүгийн эх үүсгэвэр хүрэлцдэггүй, тэрчлэн цөөхөн хүн ам нь өргөн уудам нутагт тархан оршин суудаг учир хөлбөмбөг зэрэг багийн спорт хөгжих бололцоо тааруу байдаг, иймд олимпийн наадмаас медаль авах боломжтой спортын төрөл нь дэндүү цөөхөн ажээ. Эрэгтэй тамирчид нь бэлтгэл сургуулилт хийхэд санхүүгийн боломж тааруу байсан үе байсан бол эмэгтэйчүүдэд нь тэмцээн уралдаанд оролцож эр зориг, чур чадвараа харуулах боломж олдохгүй цаг үе бас байжээ.
Гэвч өнгөрсөн зууны ерээд оны сүүлчээр Бөхийн төрлүүдийн олон улсын нэгдсэн холбоо-ФИЛА-гаас ОУОХ-той хамтран ажиллаж 2004 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрт эмэгтэй чөлөөт бөхийн төрлийг багтаасан үеэс байдал эрс өөрчлөгджээ. Дээрх шийдвэр нь монголын эмэгтэй тамирчдад ур чадвараа харуулах, төгөлдөржүүлэх боломжийг нээж өгчээ. Тэрчлэн Засгийн газар нь ч эмэгтэй чөлөөт бөхийн спортыг улам дэмжих болж охидууд үсээ багцлан боогоод хөвгүүдтэй зэрэгцэн бэлтгэл сургуулилт хийх болжээ.
Ази аварга шалгаруулах тэмцээнээс монголын бөхчүүдийн авсан цорын ганц алтан медалийн эзэн болох 67 кг-ийн жингийн бөх О.Насанбурмаа спортод анх хэрхэн хөл тавьснаа өгүүлж “Миний төрсөн өгч чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг байсан, тэгээд л намайг уруу татсан, бөх барилдах надад сайхан санагдаад салахаа больсон. 2004 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж өнөөдөр азийн аварга болсондоо баяртай байна. Монгол эмэгтэй хүн спортоор тууштай хичээллэвэл богино хугацаанд амжилтанд хүрч чадна гэж би боддог.” гэж бахархалтай өгүүллээ.
Монголд эмэгтэй чөлөөт бөхийн төрөл бий болсон ч амжилт тэр дороо ирээгүй ажээ. “Эмэгтэй чөлөөт бөхийн санхүүжилт тааруу байсан ч манай эмэгтэй баг тодорхой амжилт гаргаж эхлэсэн, монголын эмэгтэйчүүд дэлхийн хүчтэй бөхчүүдийн тоонд багтаад байна, манай эмэгтэйчүүд хөдөө орон нутагт багаасаа ус, сүү зөөж бяр тэнхээ суудаг, тийм учраас бид цагтаа хөдөө орон нутгаар явж нийслэлд бэлтгэл сургуулилтийн ачааллыг даах оюунлаг, бие бялдрын хувьд онцгой хөгжилтэй бүсгүйчүүдийг сонгодог байлаа. Бид бүхнийг тэгээс эхэлж манай эмэгтэй бөхчүүд гадаадад болсон хоёр гурван тэмцээнээс медаль авсны дараа хандах хандлага өөрчлөгдөж төрөөс өгөх дэмжлэг нэмэгдсэн. Эмэгтэй бөхчүүд барилдаж байх хугацаандаа сургуульд сурч мэргэжил эзэмшиж Энэтхэг гээд гадаадын олон оронд зорчдог.” гэж эмэгтэй багийн дасгалжуулагч байсан Л.Ням дурсан ярьж байна.
О.Насанбурмаа нь одоо нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг, инженер, спортын удирдлагын чиглэлээр сургууль төгссөн. “Спорт амьдралыг нь хөтөлж байгааг би сайн ойлгодог. Би спортоор хичээллэнэ, бөхийн спорт намайг дэлхий ертөнцтэй танилцах мөрөөдлөө биелүүлэхэд хүргэнэ гэж би бага байхдаа огт бодож байсангүй.” гэж О.Насанбурмаа яриагаа үргэлжлүүлсэн.
Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй төрөлд 2007 оноос хойш тасраад байсан алтан медалийг О.Насанбурмаа сая авчээ. Зодог тайлсны дараа монголын охидуудад бөхийн спортоор дамжуулан нандин мөрөөдлөө биелүүлэхэд нь тус дэм үзүүлэх зорилгоор ашгийн бус бөхийн сан байгуулан ажиллах бодолтой яваа ажээ.
Олон зууны турш монголын ард түмний цэнгэл байсаар байгаа бөхийн спортод өнөөдөр эмэгтэйчүүд нь тодорхой орон зай эзэлдэг болжээ. “Бөх” гэж нэрлэгддэг монголын уламжлалт бөхийн барилдаан олон мянган жил болж байгаа ч эмэгтэйчүүдээс ангид байдаг. Эмэгтэй хүн бөх барилдаж наадамд түрүүлсний дараа түүнийг нь илрүүлж эмэгтэй хүнийг дахин барилдуулахгүй нь тулд бөхийн цээжний өмсгөлийн урьд талыг задгай болгосон гэдэг домог байдаг ажээ. Энэ домог амь бөхтэй байгаа нь монголын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд барилдахыг зөвшөөрдөггүй ч тэдний бяр тэнхээ, ур чадварыг үнэлж байдгийн нэгэн нотолгоо болж байна.
“Бөхийн спортоор хичээллэвэл медаль авах боломж их байна гэдгийг хүмүүс сайн ойлгодог болсон. Бөхийн спортоор хичээллэхийг хүсэж байгаа охидод бид урам өгөхийг хичээдэг, хэрэвзээ аварга болохыг хүсэж байгаа бол хөдөө нутгаа орхин төв суурин газар бараадан бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй гэж би зөвлөдөг.” гэж О.Насанбурмаа ярьж байна.
О.Насанбурмаа энэ жил 28 настай, тийм болохоор “Рио-де-Жанейро-2013” олимпийн наадмаас медаль горьдож байна, энэ бол олимпийн медаль зүүх түүний сүүлчийн боломж, гэхдээ эмэгтэй чөлөөт бөхийн өрсөлдөөн монголд ширүүн болохоор энэ бол их хэцүү зорилго юм. Тэрбээр зодог тайлсны дараа эрхлэх ажил төрөлдөө одооноос бэлтгэж байна, ашгийн бус сан байгуулж хөдөөнөөс охидууд сонгон нийслэл Улаанбаатар авчирч бөхийн спортоор хичээллүүлэх бодол тээж яваа ажээ.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд монголын эмэгтэй бөхчүүд дэлхийн хэмжээний өндөр ур чадвар гарган өрсөлдөж багаараа мөнгөн медаль хүртэж хятадын багийн ард орсон. Өнгөрсөн сард Монголд болсон эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээнд хятадын бүсгүйчүүдэд ялагдан мөн багаараа аман хүзүүдэж байсан юм.
“Би эх орондоо илүү ихийг бүтээхийг зорьж байна, би манай бүсгүйчүүдэд 2020 оны болон дараагийн олимпийн наадамд аварга болж чадна шүү гэдгийг харуулахыг зорьж байна. Өөртөө итгэлтэй байж хатуу чанга байхыг хүсэж байна.” гэж О.Насанбурмаа яриагаа дуусгасан.
Эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Батбаяр түүний яриаг дэмжиж “Насанбурмаа шиг дайчин бөхтэй байхад манай эмэгтэй баг ямар ч амжилт гаргаж чадна. Түүн шиг бөхгүйгээр манай эмэгтэй багийг төсөөлөх аргагүй юм, манай эмэгтэйчүүд монголын чөлөөт бөхийн спортын өнөөгийн болон ирээдүйн чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар байх болно гэдэгт би итгэдэг.” гэж хэлсэн.
Эх сурвалж : www.wrestling.mn