Т.Алтансүх: МЗХ-г А.Мөнхбат улс төрийн дарангуйллын шинжтэй байгууллага болгочихлоо

11081592_870384659675270_755771004_nӨмнөговь аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Т.Алтансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

– Танай аймгийн залуучуудын холбооны чуулган сая болж өндөрлөлөө. Ямар үр дүн гарав?

– Өмнөговь аймгийн залуучуудын холбоо албан ёсоор чуулган зарлаагүй. Аймгийн засаг дарга Б.Бадраагийн 2015 оны 3-р сарын 3-ны өдөр Монголын залуучуудын холбоонд гаргасан хүсэлтийн дагуу манай холбооны чуулганыг Монгол залуучуудын холбооны төв удидлагаас 3-р сарын 11-ний өдөр дур мэдэн зохион байгууллаа. Сая болж өнгөрсөн энэхүү чуулган бол хууль зөрчсөн, ёс зүй зөрчсөн, дүрмийн бус хурал юм. Тиймээс хүчингүй. Бид энэ талаар нотлох баримт, бусад материалаа бүрдүүлээд шүүхэд хандаж байна. Гэхдээ энэ байгууллага чинь тодорхой дүрэмтэй, бүтэцтэй, эрх барих дээд албан тушаалтнуудтай газар. Тиймээс тэргүүлэгчдэдээ байдлыг танилцуулах, санаа бодлыг нь тусгах ажлууд хийгдэж байна. Миний бие 2013 оны 11-р сарын 11-ний ээлжит бус чуулганаар ардчиллын зарчмаар өрсөлдөөний үндсэн дээр заалнаас нэр дэвшиж дийлэнх олонхийн саналаар сонгогдож өнөөдөр ч бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа тэргүүн нь. Намайг сая болж өнгөрсөн хууль бус хурлаар ч, урьд өмнө нь ч огт чөлөөлөөгүй байгаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Залуучуудын холбоо дүрмийн дагуу, хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. 2013 онд сонгогдсон 17 тэргүүлэгч, сумдын салбар зөвлөлийн тэргүүлэгчид, тэргүүнүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

– Тэгэхээр сая болж чуулганаар шинэ тэргүүлэгчид, тэргүүн сонгогдсон байх. Аль нь хүчинтэй гэж Монголын залуучуудын холбоо үзэж байгаа юм бэ?

– Монголын залуучуудын холбооны удирдлагууд, тэр дундаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Мөнхбат, Удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбат нар сая хууль бусаар сонгосон тэргүүн, тэргүүлэгчдийг хүчинтэй гэж үзэж байх шиг байна. Гэхдээ сая засаг даргын хүсэлтээр долоохон хоногийн дотор  хүчээр зохион байгуулсан хурлаар одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа тэргүүн, тэргүүлэгчдээ чөлөөлөөгүй. Мөн сумдын залуучуудын холбооны бүтцийн гишүүд, тэргүүлэгчдийг оролцуулаагүй. Ядаж МЗХ-ны төв байгууллагаас албан бичгээр мэдэгдсэнгүй. Засаг дарга, залуучуудын холбоо хоорондоо шидэлцсэн бичгийг нь би өөр эх сурвалжаас олж авсан. Аймгийн чуулганыг хийхийн тулд хэд хоногийн өмнөөс төлөвлөж, сумдууд руугаа чиглэл, мэдээлэл өгч, нөгөөдүүл маань бэлтгэлээ хангаж зохион байгуулдаг. Маш хариуцлагатай, томоохон ажил шүү дээ. Гэтэл улс төрийн зорилгоор яаруу давчуу хурал хийж, Ардчилсан намын эрх баригчдын эрх ашгийг дэмжсэн үйл ажиллагааг ил тод явууллаа. Жишээлбэл, Баян-Овоо сумын ардчилсан намын даргаар саяхан сонгогдсон Чинбат гэдэг хүн сумын залуучуудын холбоог төлөөлөөд хуралд намынхаа гишүүдтэй ороод ирж.  Энэ хүмүүс яаж сонгогдсоныг сумын засаг дарга, сумын залуучуудын холбооны удирдлагууд мэдэхгүй. Тэр ч байтугай аймаг дээр чуулган болсныг ч мэдээгүй байна. Өөрөөр хэлбэл, залуучуудын хамгийн том асуудлыг огт хамааралгүй хүмүүс засаг дарга Б.Бадраа гэдэг хүний захиалгаар шийдчихжээ.30f1dc5a-2437-4909-9afb-16723d387313

Тэгэхээр аль тэргүүн, тэргүүлэгч нь хүчинтэй юм бэ гэдгийг шүүхээр шийдүүлэхээс өөр зам үлдсэнгүй. Бид энэ асуудлыг зарчмын дагуу, хууль дүрмийн дагуу шийдүүлэхийн төлөө тууштай явна. Энэ бол миний ч юмуу, засаг даргын ч юмуу хувийн асуудал биш. Бас аль нэг улс төрийн намын асуудал биш. Өмнөговь аймгийн нийт залуучуудын эрх ашиг, ирээдүйтэй холбоотой асуудал.

– Танай аймаг дотроо асуудлаа шийдэж болоогүй юмуу?

– Бидэнд тийм боломж олгосонгүй дээ. Засаг даргатайгаа уулзах гэж, хамтарч ажиллах гэж удаа дараа оролдсон. Манай холбоог дэмждэггүй юм. Урьд нь ч дэмжиж байгаагүй юм билээ. Бид өөрсдийнхөө бор зүрхээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Хэрвээ аймгийн удирдлагууд залуучуудын холбоогоо дэмжвэл бид хамтран ажиллахад бэлэн. Би чуулганы өмнө аймгийн засаг даргын орлогч Нацагдоржтой уулзсан. Байдлыг ойлгуулахыг хичээж тайлбарласан. Хэрвээ чуулган хийх ёстой юм бол ядаж хугацаагаа тохироод залуучуудын оролцоог хангаач гэж хүссэн. “Би бол төрийн албан хаагч. Аймгийн засаг даргын өгсөн албан даалгаврыг хэрэгжүүлэх ёстой. Боломжгүй” гэсэн.

– МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатад хандсан уу?

– Утсаа авахгүй. Мессеж бичихээр хариу байхгүй. Харин доод албан тушаалтнуудтай нь холбогдож, учир байдлыг тайлбарлаад хүлээж аваагүй. Тэд ганцхан л зүйл хэлдэг юм. Цаанаасаа явсан том улс төрийг мань мэт нь яаж ч чадахгүй ээ шүү дээ, ойлгоорой гэж. Жишээлбэл, МЗХ-ны Удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбатын утасны бичлэг надад бий. Би нотлох баримт болгож шүүхэд гаргаж өгнө. Энэ бичлэг дээр улс төрийн нөхцөл байдал ийм байдалд хүргэж байгаа гэдгийг баталсан байгаа.

-Ер нь таныг болон одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа тэргүүлэгчдийг энэ холбоог удирдаж болохгүй гэсэн шалтгаан, тайлбар байна уу?

– Засаг дарга Б.Бадраа өөрийн гаргасан хүсэлтдээ “Улс төржиж байгаа нь хамтарч ажиллах нөхцлийг хааж байна” гэсэн агуулгатай “гомдол” мэдүүлсэн байна. Би дээр хэлсэн. Засаг дарга маань биднийг хүлээж авдаггүй. Намайг Монгол ардын намын гишүүн гэдгээр маань хардаг юм шиг байна. Би намын жирийн гишүүн болохоос ямар нэгэн байдлаар улс төрийн болон төрийн албан тушаал хашдаггүй. Хамгийн гол нь энэ холбоог улс төрөөс холб байлгах гэж тэмцэж ирсэн хүн. Би залуучуудын холбооны ажлыг ярихдаа намаар ялгаварладаггүй. Ардын намын сайхан залуучууд манай холбоонд бий. Ардчилсан нам, МАХН-ын ч сайхан залуус байгаа. Бид залуучуудын төлөө, нутгийнхаа хөгжлийн төлөө оюун бодлоо уралдуулж өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаж ирсэн дээ. Харин Б.Бадраа, А.Мөнхбат гэдэг хоёр том дарга манай аймгийн залуучуудыг намаар нь ялгаварлан гадуурхаж хоёр хуваах ажлыг хийж байна. Гэхдээ миний нутгийн залуучууд, анд найз нар намын асуудлаас болж тэгэж амархан хуваагдахгүй гэж итгэж байна аа. Шүүхээс энэ дарга нарын хууль бус шийдвэр, үйлдлийг хүчингүй болгоно гэдэгт би эргэлзэхгүй байна.

– Нөхцөл байдал ийм байхад цаашдаа яая гэж бодож байна?

– Гуравдугаар сард багтаж бид тэргүүлэгчдийнхээ хурлыг хийнэ. Дүрмийн дагуу чуулганыхаа товыг гаргаж, дөрөвдүгээр сард чуулганаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хийнэ ээ. Энэ хооронд шүүхийн асуудал явдгаараа явна. Эрх баригчдын энэ ёс зүйгүй, хууль бус үйлдлийг таслан зогсооно. Бид хэвлэл мэдээлэл, олон нийттэй энэ талаар байнга хамтарч ажиллана. Нутгийнхаа залууст, шударга иргэдэд энэ талаар мэдээлэл хийнэ. Сум болгоноор, баг болгоноор орж ажиллаж эрх баригч намын даргын хууль бус үйл ажиллагааг ойлгуулна. Саяын хурлаар “Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж гэдэг хүн томилогдсон. АН-аас Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон  тус намын томоохон лидер залуучуудын нэг мөн. Энэ хүнд гэхэд бид гурван удаа хамтарч ажиллах хүсэлт тавьж байсан. Биеэрээ очиж уулзсан. Хүлээж аваагүй дээ. Уг нь “Таван толгой” ХК бол орон нутгийн иргэдийн өмч. 51 хувийг нь аймаг эзэмшдэг юм шүү дээ. Гэвч сүүлийн хэдэн жил АН-ын дарга нар, тэднийг тойрон хүрээлэгчдийн саалийн үнээ болсон гэх яриа манай аймагт хаа сайгүй сонсогддог байлаа. Энэ үг үнэн байжээ гэж би одоо хатуу итгэж байна. Яагаад гэвэл, эрх баригч намын рейтинг, лидерүүдийнх нь нэр хүнд орон нутагт маш их унасан. Хэдхэн жилийн дотор хүн төсөөлөхийн аргагүй их мөнгөтэй, эрх мэдэлтэй баячууд болж хувирлаа. Тэгэхээр 2016 оны шат, шатны сонгуульд иргэд, тэр тусмаа залуучууд өөр сонголт хийж магадгүй гэсэн таамаглал байгаа юм. Тиймээс залуучуудын холбоог болон Өмнөговь аймгийн залуучуудыг дэмжиж байгаадаа биш, харин улс төрийн зорилгодоо ашиглахын төлөө хуулийг уландаа гишгэж дайрч байна гэж үзэж байна. Тэгээд эрх мэдлийг дахин гартаа авч, үнээгээ сааж байх хүсэлтэй хүмүүс юмуу даа гэж бодогдлоо.

– Та хотод ирээд А.Мөнхбат ерөнхийлөгчтэйгөө уулзсан уу. Удахгүй МЗХ-ны их хурал болно гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар?

– Их хурал болох ч юм шиг, болохгүй ч юм шиг мэдээлэл байна. Өнөөдрийг хүртэл албан ёсны зар, мэдээлэл алга. Монголын залуучуудын холбоо бол 94 жилийн түүхтэй үндэсний хэмжээний хамгийн том, ууган залуучуудын байгууллага. Үе үеийн дарга нарт нь алдаа, оноо байсан л байх. Гэхдээ энэ даргын үеийнх шиг бүдгэрч, доошоо орж байсан цаг хугацаа байхгүй болов уу гэж бид бодож байна. МЗХ нь манай аймгийн жишээн дээрээс харахад л улс төрийн байгууллага болсон гэдэг нь ойлгогдож байгаа юм. Эрээ цээргүй, ил далд улс төрийг А.Мөнхбат гэдэг хүн энэ холбоогоор дамжуулан явуулж байна. Давуулж хэлбэл улс төрийн дарангуйллын шинжтэй байгууллага болгочихлоо.  А.Мөнхбат гэдэг хүн хүсвэл бүх аймгийн чуулганыг ямар ч дүрэм, журамгүй хэзээ ч хамаагүй хийгээд Хойд солонгосын коммунист нам шиг л болох юм байна.

Анх энэ хүн дүрмийн бусаар сонгогдож гарч ирсэн. Гэхдээ “Хүүхдийн паркийг аваръя” гэдэг хөдөлгөөн хийхэд нь маш их баярлаж байсан. Дүрэм ч яамай гэж… Тэр үед би дарга болоогүй байлаа. Тэгсэн мөртлөө хэсэг нөхдийн хамт хөдөөнөөс хотод ирж дэмжиж явлаа. Тэр тэмцлийн үр дүн хаачив. Гэтэл одоо хүүхдийн парк дээр Шангрилла гэдэг том зочид буудал баригджээ. Нөгөө Монголын залуучуудын хүсэл зорилго, тэмцлийг сая Б.Бадраа даргаас албан бичиг аваад хууль бусаар шийдчихэж байгаа шиг олигархуудтай тохироо хийгээд дуугүй болсон юм биш байгаа гэсэн хардлага надад төрж байна. Одоо хүүхдийн паркийн газрыг лав эргүүлж авах өнгөрсөн юм байна. А.Мөнхбат гэдэг хүнтэй би уулзаад байх шаардлагагүй гэж үзсэн. Харин МЗХ-ны их хурлыг дүрмийн дагуу, хуулийн дагуу явуулахад түүчээлж ажиллана. Энэ их хурлаар дүрмийн бусаар сонгогдсон А.Мөнхбатыг огцруулж, өөр зөв, шударга лидерийг дүрмийн дагуу, хуулийн дагуу олуулаа нийлж сонгох ёстой юм байна. Дүрмийн бусаар сонгогдсон хүн бол дүрмийн бусаар л ажилладаг юм байна. Олон хүний итгэл хүлээгээгүй хүн тэр хариуцлагыг мэдэрдэггүй юм байна. Маш муухай жишгийг энэ хүн тогтоолоо. Өмнөговиос бусад олон аймагт бидэнтэй адилхан нөхцөл байдал үүссэн юм билээ. Тэр нөхөдтэйгөө уулзаж байна. Бид залуучуудынхаа төлөө, энэ байгууллагынхаа төлөө тууштай тэмцэнэ. Та боддоо, одоо болох их хуралд аймаг бүрээс ердөө хоёр төлөөлөгч оролцуулна гэсэн шуум байна. Монгол улсын 21 аймаг, 330 сум, дөрвөн том хотод 2 сая залуучууд ажиллаж, амьдарч байна. Ядаж сум бүрээс нэг хүн, хот дүүргийн хороо бүрээс нэг хүн оролцуулах ёстой. Ингэж байж бид залуучуудын эрх ашгийг хамгаална. Залуучуудын байгууллагаа улс төрийн дарангуйллаас ангид авч үлдэнэ ээ.

– Ярилцсан баярлалаа.

А.Тогос

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

download (1)

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …