Өнөөдөр олон нийтэд нөлөөлөхүйц үг хэлж сураагүй хүн улс төр хийж чадахгүй тийм цаг үед бид амьдарч байна.
Танд хэн нэгний илтгэлийг сонсоод эрч хүч, урам зориг, мотиваци авч байсан удаа бий юу? Хүн бүрт л байдаг байх.
Гол асуудалдаа оръё.
Олны өмнө өөртэй итгэлтэй, сандрахгүйгээр чөлөөтэй ярьж чадна гэдэг бол авьяас чадвараас илүү хичээл зүтгэл байдаг. Хэрэв та сайхан ярьдаг болъё гэвэл таниас ердөө хичээл зүтгэл л шаардана.
Миний хувьд илтгэх урлагаар хичээллэх нь олон давуу талтай болохыг мэдсэн. Тухайлбал,
-Өөртөө итгэлтэй болж эхэлсэн.
-Яриа хийхийн тулд их зүйл мэдэх шаардлагатай болсон тул цаг л гарвал ном, сонин, сэтгүүл унших нь болсон.
-Олны өмнө ярьж, мэдээлэл өгч байгаа тул хариуцлагатай байх хэрэгтэй. Иймд уншиж буй мэдээ мэдээллийн эх сурвалжид онцгой ач холбогдол өгдөг болов.
-Бусдын ярьсныг давтахгүйн тулд мөн сонсогчдод шинэ содон зүйл ярихын тулд гадаад эх сурвалж ашигладаг болов.
-Ярих зүйлээ эхлээд сайтар найруулж бичээд дараа нь ярьдаг тул бичгийн чадвар сайжирсан.
-Гадаадын илтгэгчдийн илтгэлийг үздэг болов. Ингэснээр тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал, улс төр, шашин, түүх гээд л олон зүйлийг мэдэж авсан. Роналд Рейган бол миний хамгийн дуртай илтгэгчийн нэг. Түүний илтгэлүүдийг уншаад хүйтэн дайны тухай, Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” хэмээх алдарт илтгэлээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын тухай, Харри Трумены илтгэлээс Японы Хирошима болон АНУ-ын Хавайн Сувдан эрэг дээрх бөмбөгдөлтийн тухай гээд л олон зүйлийг мэдэж авсан.
АМЖИЛТТАЙ ИЛТГЭХ 5 АРГА
1. Илтгэлээ эртнээс бэлдэж эхэл.
2. Өөрийн илтгэлдээ итгэл үнэмшилтэй бай.
3. Өөртөө бодит хүлээлтийг бий болго.
4. Сонсогчиддоо тэдний сонсоогүй, мэдээгүй шинэ зүйлийн тухай ярь.
5. Бэлд, бэлд, бас дахин бэлд.
ОЛНЫ ӨМНӨ ГАРААД ТА САНДАРДАГ УУ?
Хамгийн сайн арга бол БЭЛТГЭЛ байдаг. Сандрал, айдасын шалтгаан тань хангалттай сайн бэлдээгүйгээс, өөртөө итгэх итгэлгүйгээс, мөн гэнэтийн буюу микрофон ажиллахгүй байх, пресентаци тань ажиллахгүй байх гэх мэт зүйлс байдаг.
Тэгвэл сандралыг даван туулахын тулд өөртөө зохиомол орчинг бий болгож, дасгал сургуулилт байнга хийх хэрэгтэй. Ялангуяа ганцаараа байхдаа ямар нэг сэдвээр бусдын өмнө үг хэлж байна гэж бодон өөртэйгээ ярих нь үр дүнтэй. Гэртээ байхдаа ярилцлаганд орж байна гэж төсөөлөн, ярьж болно. Нийгэмд яг одоо хүчтэй яригдаж буй сэдвийн тухай өөрийн үзэл бодлоо ярих нь маш үр дүнтэй арга.
Мөн мэргэжлийн багш, илтгэгчтэй уулзаж зөвлөгөө авч, камертай дадлага хийх нь зүйтэй. Мэргэжлийн хүн таны алдааг олж харж, сайн зөвлөгөө өгч чадна. Гэхдээ багшид бүх зүйлийг найдаж огт болохгүй.
Хүмүүс маш олон илтгэх урлагийн сургалтуудад хамрагддаг. Тэгсэн атлаа бүгд яагаад илтгэгч болж чаддаггүй вэ?
Миний бодлоор мундаг багштай илтгэх урлагийн хичээлд нэг сар магадгүй түүнээс дээш хугацаагаар хамрагдаж болно. Гэхдээ үүнээс илүүтэй олны өмнө яриа хийж, практик дээр туршлага хуримтлуулах нь таны чадварыг илүү дээшлүүлнэ. Миний хувьд ярих чадвар, оновчтой пресентаци зэрэг илтгэх урлагийн болон хувь хүний хөгжлийн хэд хэдэн модуль заадаг. Онолын хичээл заахад суралцагчид маань бүгд ойлгоод идэвхтэй байдаг боловч маргааш нь камертай дадлага хийнэ, илтгэл бичээд ирээрэй гээд даалгавар өгөхөд хийж ирдэг хүн тун цөөн байдгийг нуух юун. Үүнээс манайхны залхуу хойрго зан ажиглагддаг. Онолын хичээлд хэдэн удаа хамрагдаад мэдээд авах нь зөв. Гэхдээ үүнээс илүү та туршлага хуримтлуулах нь илүү чухал. Бусдын өмнө гарч үг хэлэх боломж бүрийг ашиглах хэрэгтэй.
Миний өгөх зөвлөгөө бол 10 удаа илтгэх урлагийн хичээлд сууснаас 10 удаа олны өмнө илтгэл тавих нь таны ярих чадварыг дээшлүүлнэ. Ер нь хүмүүс мундаг илтгэгч нарыг төрөхөөсөө ийм мэтээр боддог. Үнэндээ маш олон удаагийн уйгагүй бэлтгэл, зүтгэл, хөлс хүчээр тэд маш сайн илтгэгч болсон байдаг. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчид л гэхэд тангараг өргөх ёслолд хэлэх үгээ доод тал нь 20 удаа бэлдэж, багийнхныхаа өмнө илтгэл тавьдаг. Мартин Лютер Кинг алдарт илтгэлээ нийт 200 гаруй удаа олны өмнө ярьсан байдаг.
Илтгэлийг гурав ангилж болно.
Informative буюу мэдээлэл өгөх зорилготой.
Persuasive буюу ятгах, итгэн үнэмшүүлэх зорилготой. Улс төрийн илтгэлүүд ордог.
Entertaining буюу энтертайнмент төрлийн.
Илтгэлийн бүтэц
1.Ethos – Эхлэл (Тайлбар, нотолгоо)
2.Logos – Өрнөл (Дэмжлэг, жишээ)
3.Pathos – Төгсгөл (Давталт, дүгнэлт)
Эхлэл:
Асуулт тавих
Түүх ярих
Сониуч занг нь хөдөлгөх
Афоризм эш татах
Өрнөл:
Жишээгээр тухайн асуудлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, тодорхой шийдлийг агуулсан байх.
Төгсгөл:
Түлхүүр санаануудаа ахин дурдаж, зорилгод уриалах.
ЭЦЭСТ НЬ гэдэг үгийг илтгэлдээ хэрэглэх нь зохисгүй. Учир нь илтгэгчид маань бараг 10 минутын өмнө эцэст нь гэж хэлчихээд л илтгэлээ эцэслэхгүй, ярьсаар л байдаг. Нөгөө талаар манай сонсогчид ихэнх нь тайзны хөшиг хаагдаагүй байхад суудлаасаа босоод хаалга руу гүйчихдэг соёлгүй нөхдүүд байдаг. Ийм болохоор таныг эцэст нь гэж хэлмэгц илтгэл дуусах гэж байна гэж бодоод цүнхэндээ бүх юмаа чихээд, хувцасаа бэлдээд дуу чимээ гаргаж илтгэлийг тань үймүүлчихдэг.
Таны илтгэлийн агуулгыг баяжуулах зүйлс:
1.Баримт, статистик (хамгийн сүүлийн үеийн байх тусмаа сайн)
2.Эх сурвалж (Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн сайн эх сурвалжийг ашиглах)
3.Афоризм, эшлэл (таны илтгэлийн санааг маш оновчтой илэрхийлсэн зүйр үг, афоризмуудыг ашиглах боломжтой)
4.Түүх (story) Өөрт болон хэн нэгний амьдралд тохиосон сургамжтай санаа авмаар эсвэл бусдыг гайхшруулах түүхийг ярьж болно. Ялангуяа өөрт тохиолдсон түүх байвал бүүр ч сонирхолтой.
5.Тодорхойлолт (Толь бичиг, сурах бичгүүдээс тухайн нэр томъёоны тодорхойлолтыг авч ашигладаг)
6.Яг одоо болж буй чухал үйл явдлын тухай оруулж болно. Малайзын онгоц сүйрсэн тухай, шинэ онгоцны буудал, дугаарын хязгаарлалт гэх мэт.
7.Сонсогчидоосоо асуулт асууж, харилцан санал солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх
Хориглох үг:
Албаны үг хэллэг
Сул үг
Бүдүүлэг үг хэллэг
Харь үг хэллэг
Нутгийн үг хэллэг
Илтгэл тань доорх шалгууруудыг хангаж байна уу?
Товч тодорхой хүмүүсийг залхаахаар урт биш
Сонирхолтой
Ач холбогдолтой
Сэтгэл хөдлөлтэй
Уялдаа холбоотой
Харьцуулалт
Давталттай байх
Илтгэлд харьцуулалт гэж чухал ойлголт бий.
Харьцуулалтын тухай Стив Жобсын жишээн дээр авч үзье.
Стив Жобсоос өмнө техник технологийн чиглэлийн бараа бүтээгдэхүүний танилцуулга илтгэл хүмүүсийг анхаарлыг огтхон ч татдаггүй байв. Учир ньтүрүүн хэлсэнчлэн хориглох үгийн нэг болох АЛБАНЫ ҮГ хэллэг маш ихээр хэрэглэдэг байсан ба үүнийг нь гагцхүү мэргэжлийнхэн ойлгодог тул энгийн хүмүүст маш уйтгартай санагддаг байв. Харин Стив Жобс үүнийг өөрчилж, хувьсгал хийсэн юм. Тухайлбал, 30 GB-ын багтаамжтай гэхийг тэрээр 7500 дуу, 25.000 зураг, 75 цагийн бичлэг багтана хэмээн хэн бүхний амьдралд буухаар ойр, харьцуулах аргаар тайлбарласан юм.
Мөн түүний хамгийн чухал зөвлөгөө бол илтгэлдээ дээд тал нь гурван гол санааг л багтаа. Үүнээс илүү байх нь тохиромжгүй гэж зөвлөсөн байдаг. Нээрээ ч 2005 онд Стэнфордын их сургуульд уншсан түүний хамгийн алдартай лекц ч мөн энэхүү дүрмийн дагуу байдаг.
1-р гол санаа нь тэрээр сургуулиа хаясан тухайгаа цаашлаад мөрөөдлөө биелүүлж, амжилтанд хүрсэн тухайгаа ярина.
2-р гол санаа нь компаниасаа гарсан тухай. Энэ үедээ насан туршийн ханиа олж цаашлаад Pixar, Next компаниудыг авсан тухайгаа өгүүлнэ.
3-р гол санаа нь Тэрээр үхлийн тухай ярьдаг. Тэрээр хорт хавдраар өвчилж, амьдралын утга учрын тухай өгүүлнэ.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС.
PS:
Миний бие илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээнээр сүүлийн 5 жил хичээллэсэн. Энэ чиглэлийг сонирхдог, судалдаг. Өөрийн туршлага болон уншиж мэдсэн зүйлээсээ хуваалцаж байгаа болно. Дээр өгүүлсэн зүйлс 100 хувь үнэн байх албагүй бөгөөд зөвхөн миний бодол л болно. Та бүхэн авах гээхийн ухаанаар хандана биз ээ.
Эх сурвалж: http://www.sora.mn/