“Говийн чоно-2015” дадлага сургалтын нээлт өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд боллоо. Монгол Улсад 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа “Говийн чоно-2015” дадлага сургалтыг АНУ-ын Ази номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардитай хамтран гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааны бодит байдалд ойртуулан 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдээд байгаа. Газар хөдлөлтийн аюул бол Монгол орны хувьд үндэсний аюулгүй байдалд сөргөөр хүчтэй нөлөөлж болзошгүй аюул юм. Тухайлбал нийслэлийн орчим Эмээлтийн бүсэд 2015 он гарсаар газар хөдлөлтийн чичирхийлэлт 107 удаа бүртгэгджээ.
Мөн Гүнтийн даваа орчимд газар хөдлөлтийн шинэ идэвхжил ажиглагдаж эхэлсэн бөгөөд он гарсаар 35 удаа газар хөдлөлтийн чичирхийлэлт бүртгэгдсэн нь тоо, давтамж ойртсоор байгааг харуулж байна.
Энэ удаагийн “Говийн чоно-2015” дадлага сургалт нь газар хөдлөлтийн аюул тохиолдсон тухайн нөхцөл байдалд тулгуурлан газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, цэрэг-иргэний харилцааг зохицуулах олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах ажиллагааг боловсронгуй болгоход ихээхэн ач холбогдолтой ажээ. Энэхүү үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, АНУ-ын Ази Номхон далайн хуурай замын цэргийн командлал, Аляскийн үндэсний Гварди, хүмүүнлэгийн тусламжийн олон улсын байгууллагууд оролцож байна.
Л.Цэрэндолгор