Энэ жил махны үнэ нэг их айхтар нэмэгдсэнгүй. Жил бүр нүд орой дээр гартал нэмэгддэг болохоор энэ жилийн махны үнийн өсөлтийг нэг их нэмэгдсэнгүй гэж дүгнээд байгаа юм. Тиймээс ч иргэд “нөөцийн мах” хайж сүйд болохгүй байгаа бололтой юм. Түүнээс өдийд дүүрэг бүрт нөөцийн махны худалдаа төрөл бүрээр хийгдэж байх ёстойсон. Махны үнийг өсөхөөс хамгаалах ганц дархлаа нь “нөөцийн мах” болоод байсан цаг саяхан.
Явуулын худалдаа, төвлөрсөн цэг болгоны гадаа уртаас урт дараалал үүсгэдэг байлаа. Худалдаанд гарсан мах өдөртөө дуусах үе ч байдаг байв. Гэтэл энэ жил “нөөцийн мах” сураглаж байгаа хүн тун ховор болж. Эрэлт байхгүй учраас нийлүүлэлт хийгдэхгүй байна хэмээн ойлгож болохоор.
Тэгсэн цаана нь сонгон шалгаруулалтад шалгарсан дөрвөн компаниуд нийслэлийн хэрэгцээнд зориулж 12 тонн мах нөөцөлчихөөд, хэзээ худалдаанд гаргах нь мэдэгдэхгүй хүлээлт үүсгээд байж байна.
Мах бэлтгэгч компаниуд найдвартай зооринд махаа хадгалсан учир долдугаар сар хүртэл хадгалсан ч муудахгүй. Төр мөнгөө өгөхөөс нааш махаа гаргахгүй. Харин нөөцийн мах гаргаагүйгээс махны үнэ өсвөл бид хариуцлага хүлээхгүй хэмээн тайлбар хийж суусан. Харин Засгийн газраас өнгөрсөн жилийн төлбөрийн үлдэгдэл 4.5 тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргасан. Гэхдээ одоохондоо гаргаад өгчих бэлэн мөнгө байхгүй байгаа бололтой юм. Гэсэн ч “нөөцийн мах” худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байсаар л байна.
Гэтэл энэ хугацаанд зооринд хадгалж буй маханд ямар нэгэн өөрчлөлт орсон байх вий хэмээн иргэд маш ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. Бүтэн жил хадгалсан маханд ямар ч асуудал гарахгүй гэж компаниуд тайлбарлаж байгаа ч 12 тонн махыг анхныхаар нь хатаачих л үгүй хадгалж чадаж байгаа эсэхэд эргэлзэх хүн олон байна.
Ер нь нөөцийн мах л гэхээр хадгалж хатаасан, хуршсан мах идэх албатай ч биш. Жил бүр нөөцийн мах хатсан, хатуу, хуршсан байна гэх гомдол иргэдээс холбогдох газруудад нь ирдэг. Гэвч “хавар мах хямд байхад нь худалдан авч нөөцөлдөг” гэх тайлбарыг л өгсөөр ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байж.
“Нөөцийн мах” зах зээлд худалдаалагдаж буй махнаас 1000 төгрөгөөр доогуур худалдаалагдах ёстой. Харин мах бэлтгэсэн компаниудад ард иргэдэд хямд мах зарж байгаах нь төлөө төрөөс нэг кг тутамд нь 1000 төгрөгний урамшуулал олгодог байж.
Тэгвэл энэ жил буюу 2015 оны төсөвт уг мөнгийг тусгаагүйгээс болоод өнөөдөр “нөөцийн мах” худалдаан гарах, үгүй дээрээ тулаад байгаа аж. Гэрээгээр нөөцийн махыг 1000 төгрөгөөр доогуур худалдаалах ёстой. Гэтэл ингэж худалдаалах нь алдагдалтай. Мөн дээрээс нь төрөөс урамшуулал авахгүй болохоор мах бэлтгэсэн компаниудад хүндрэлтэй байгаа бололтой юм.
Одоохондоо “төрөөс мөнгө өгөхгүй бол бид махаа зарахгүй. Үүнээс болж махны үнэ өсвөл бид хариуцахгүй” хэмээн гэдийцгээж байна.
Гэвч бэлтгэж хадгалсан мах нь мах биш болоод ирэх цагт яах вэ. Долдугаар сар хүртэл ямар ч асуудалгүй хадгалах боломжтой гэсэн. Түүнээс цааш яах вэ. Төрийн зүгээс энэ жилдээ махны урамшууллыг нэмж олгох боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Махны урамшуулал битгий хэл тариа будааны урамшуулал ч олгоход бэрх хүндхэн байдал орчихоод байгаа. Ер нь төсвөө аль болох хэмнэж, илүү зардлуудаа танах бодлогыг барих болно гэж Ерөнхий сайд мэдэгдсэн.
Тиймээс нөөцийн мах бэлтгэсэн компаниуд махаа ямар нэгэн асуудалгүй байгаа дээр нь худалдаанд гаргаж, гаргасан зардлаа ч болов нөхөж, банкуудад тавьсан зээлээ төлөх хэрэгтэй болов уу гэсэн бодол байна
Намар нөөцөлсөн махыг хаварт нь амжиж худалдахгүй бол юу болох вэ? Хугацаа алдах тусам нөөцийн махны үнэ цэнэ алдагдана. Махаа муудсаны дараа хохирлоо төрөөр барагдуулна гэж л бодоогүй бол хугацаа алдах хэрэг байна уу.
эх сурвалж: everyday.mn