Нүүдэлчдийн гайхамшигт соёл иргэншлийг өнөөдөрт авчирсан, цаашид ч авч явах малч түмэн, мал сүргийн тухай дагнасан уран бүтээл хийгээд чамгүй хугацааг өнгөрүүлж байгаа СТА дуучин Ч.Алтантүлхүүр “Таван эрдэнийн эх орон” зорилтот төсөл хэрэгжүүлсэн нь өөрийн эрхгүй олны анхаарлыг татаж байна. Иймээс залуу дуучин Ч.Алтантүлхүүртэй энэ тухай хөөрөлдснөө уншигч танаа хүргэхийг зорилоо.
– Даяаршлын эрин хүчтэй давалгаалж байгаа энэ үед монголчуудын нүүдлийн соёл иргэншил аажмаар устах аюул нүүрлэж байна гэх эмзэглэл нийгэмд бий. Харин таны хувьд энэ тал дээр анхаарал хандуулж, нүүдлийн соёл иргэншлийг хадгалж яваа малчин түмнээ магтан дуулаад зогсохгүй зорилтот төсөл хэрэгжүүлсэн нь өөрийн эрхгүй сонирхол татлаа?
– Би Дуурийн театрт ажиллаж байхдаа анх “Талын бэлчээрт” дууг сонсоод энэ төрлийн уран бүтээл орхигдосноос гадна гайхамшигтай сайхан санагдсан. Өөрөөр хэлбэл энэ төрлийн уран бүтээл хийх галыг асаасан хэрэг. Нөгөө талаар таван эрдэнэ болсон мал сүрэг, малчдын тухай уран бүтээл ч ховордсон гэж болно. Ийнхүү анхны санаа сэдэл төрчихөөд байтал “Био комбинат”-аас “Таван эрдэнэ” дууг дуулж өгөөч гэсэн санал ирсэн юм. Түүнчлэн МҮОНТ-ээс хэрэгжүүлсэн “Таван эрдэнэ” төсөлд оролцож, хөдөө малчны хотоор удаан хугацаанд явсан. Энэ бүгд ажлаас маань үүдээд малч түмэндээ зориулсан төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэж эргэлт буцалтгүй шийдсэн дээ. Тэр даруйдаа л малчин түмний болон таван эрдэнэ болсон мал сүргийн тухай дууг судалж эхэлсэн. Манай дуурийн театрт урын санг гаргууд мэддэг ахмад уран бүтээлчид олон бий. Тэднээсээ судлаад суралцсан, дараа нь УГЗ хөгжмийн зохиолч Б.Бямбабаяртай уулзаж дуунуудыг шүүж, ярилцаад шууд л “Таван эрдэнийн орон” цомгоо гаргачихсан.
– Энэ төсөл бол яах аргагүй цаг үеэ олсон зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгэхээр зөвхөн цомог гаргаж, тоглолт хийгээд болчихгүй байх. Төслийн агуулга түүний хүрээнд хэрэгжүүлэх ажлаасаа дурдахгүй юу?
– Өнөөдөр гэхэд л би хөдөө явах гэж байна. Ид мал төллөж байгаа үеэр малчдынхаа хотонд очьё. Зүгээр нэг очихгүй, тэдэнд сэтгэлийн дэм болж, нэмнээ дэнлүүгээр ч гэсэн тус болж, бодол санаагаа ойлгуулъя. Миний хувьд бизнесмэн хүн биш учраас уран бүтээлээрээ бэлэг барьж сэтгэлийн дэм өргөх санаатай. Үүний далимд нялх төлийн зураг авалт хийж, уран бүтээлийнхээ санг баяжуулъя гэж бодоод яарч явна. Ер нь бол төслийн анхны ажлууд хийгдээд явж байна. “Таван эрдэнийн орон” тоглолт бол энэ төслийн нэгээхэн хэсэг нь. Би энэхүү тоглолтоо яагаад Улаанбаатарт эхлэн зохион байгуулж байна вэ гэхээр суурин иргэншилтэй хүмүүст, ялангуяа залууст малчдын амьдрал, мал сүргийн тухай ойлголт өгөх зорилготой. Саяхан цахим хуудсаар нэг хүүхэд ботго тугал хоёрыг ялгахгүй доог болж байна шүү дээ. Үүнээс өөр жишээ маш олон байгааг би олж мэдсэн. Хэт их төвлөрөл, даяаршил нь бидний хойч үед ийн нөлөөлж байна. Тиймээс энэ тоглолтоороо суурин иргэншид зориулах нь зөв гэж бодсон. Мах сүүгээ хэрэглэдэг хэрнээ малаа танихгүй монгол хүн байж болохгүй.
-Мэдээжийн хэрэг “Таван эрдэнийн орон” хөдөө орон нутагт айлчилж таарна биз дээ?
-Тэгэлгүй яахав. “Таван эрдэнийн орон” тоглолт зөвхөн аймгийн төвөөр явахгүй, сумдад хүрч тоглоно. Малчны хот бүрт очих боломж хомс учраас энэ тал дээр хэвлэл мэдээллээ ашиглана. Зурагтаас эхлээд малчны хотонд хүрэхгүй зүйл үгүй болсон цаг. Нөгөө талаар “Таван эрдэнийн орон” цомгоо олон хувиар хэвлэж малчдад тараах санаа байна. Ингэж би малч түмнийхээ сэтгэл санааг дэмжиж, тэдний нөр их хөдөлмөрийг нийгэмд сурталчлах ёстой гэж бодсон. Урьд өмнө малчин түмэндээ зориулж хоёр ч кино концерт хийсэн гээд ажил урагшаа явж л байна.
– Таны хувьд энэ тал дээр шинэ хүн биш гэдэг нь харагдана. Тэгэхээр сүүлийн жилүүдэд “Таван эрдэнэ” шиг “Баянбулагийнхан” шиг уран бүтээл төрөөгүй л болов уу. Та шинээр урын сангаа баяжуулах тал дээр ажиллаж байна уу?
-Үнэн хэрэгтээ морины дуунууд л төрж байна. Сүүлийн үед малчны тухай, мал сүргийн тухай уран бүтээл бараг байхгүй болсон гэхэд болно. Харин би энэ талаар дагнасан уран бүтээл хийгээд төсөл хэрэгжүүлээд эхлэхээр хувь уран бүтээлчид энэ төрлийн уран бүтээл сонирхож, дуулж эхэлж байгаа нь сайшаалтай хэрэг. Мөн залуу үеийн хөгжмийн зохиолчид шинээр уран бүтээл надад санал болгож байгаа. Энэ нь ажил урагшаа явж байна гэсэн үг. Олон уран бүтээлийн хүчээр малчин түмнийхээ нөр их хөдөлмөрийг нийтэд сурталчилаад зогсохгүй үндэснийхээ том баялагийг аварч үлдэж байгаа хэрэг. Бид өнөөдөр Тавантолгой Оюутолгой гээд л ярьж байна. Түүнийг ухаж улс орноо хөгжүүлэх тухай л хэрүүл хийх юм. Үүний оронд таван эрдэнэ болсон мал сүрэг, түүнийг адгуулж байгаа малчин түмэн, өнөөдөрт авчирсан нүүдлийн соёл иргэншлээ ярих цаг болсон. Оюун ухаанаа ухаж амьдрах цаг нь болсон. Тодруулж хэлэхэд, тэр хоёр толгой яах вэ, нүүдэлчдийнхээ гайхамшигт оюун санааг ухаж амьдрах цаг нь болсон. Үүгээр дамжиж улс орны эдийн засагт ч хувь нэмэр болно. Яагаад гэвэл малчид маань улсынхаа эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Хамгийн гол нь даяаршиж буй энэ цагт Монгол Монголоороо үлдэх том шалтгаан нь энэ нүүдэлчид юм шүү дээ.
-Төслийн цаашдын зорилт юу байна. Өнөөдөр мартагдахдаа тулсан нүүдлийн соёл иргэншил, малчид төр хоёрын дунд гүүр болох ямар нэг зорилго байгаа юу?
– “Таван эрдэнийн орон” төсөл нь нийт монголчуудад хүрэх зорилготой. Энэ маань нэгэнт хүрээд эхэлчихсэн. Анхны ажил нь уран бүтээл байлаа. Одоо ингээд цомог, тоглолт гээд цааш аялан явна. Үүгээрээ төрд хүрэх гүүр болж байгаа хэрэг. Түүнчлэн төслийн тухайд Хүнс хөдөө аж ахуйн яаманд санал тавьсан. Салбар яам маань нааштай хүлээж аваад хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Мөн малын ашиг шимээр үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж компаниудтай хамтран ажиллана. Малын ашиг шим хүртэж байгаа үндэсний үйлдвэрлэгчид маань малчиддаа сэтгэл гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Малчид мал сүрэг гэхээр Цагаан сар наадмаар л ёс юм шиг ярьчихаад бусад цагт чимээгүй болдог, бүр ор тас мартдаг. Өнөөгийн эдийн засагт үлэмж хувь нэмэр оруулж байгаа малчдынхаа алдрыг тал талаас нь дуулж, тэдэндээ дэм болох нь бүх монголчуудын үүрэг болчихоод байна.
– Миний өмнө таны “Таван эрдэнийн орон” цомог байна. Нийт монголчуудын мэддэг хэрнээ мэдэхгүй юм шиг болсон дуунууд харагдах юм. Он цагийг даасан уран бүтээлүүд байна?
-Энэ тал дээр судалж хөгжмийн мэргэжилтнүүдээр шүүлгэж байж цомгоо хэвлүүлсэн л дээ. 1930-аад оноос хойш бий болсон уран бүтээлүүд байгаа юм. Одоо ингээд залуу үеийн уран бүтээлчдийн цоо шинэхэн уран бүтээлээр сонсогч олонтойгоо уулзана даа.
– Ингэхэд “Таван эрдэнийн орон” тоглолтын үед төслийн хүрээнд хамрагдах ямар нэг арга хэмжээ бий юу?
– Байлгүй яахав, өнөөдөр хаврын тарчиг цаг эхэлж байна. Малчдын хувьд хамгийн хүнд улирал. Энэ үед малчдад чухам юу хэрэгтэй байна, тэр чиглэлээр сан нээгээд ажиллуулъя гэж бодож байна. Манай төслийг дэмжсэн үндэсний үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд энэ тал дээр санаа оноо хэлэх байх. Цааш нь төслийнхөө санааг баяжуулаад жинхэнэ малч түмэндээ хэрэгтэй зүйлийг хамтраад хэрэгжүүлье л гэж байгаа юм. “Олны сэтгэл оломгүй” гэдэг дээ. Олуулаа саналаа нэгтгээд, сэтгэл гаргахаар бүх зүйл бүтнэ.
– “Таван эрдэнийн орон” тоглолт хэзээ болох гэж байна. Энэ нь таны уран бүтээлийн тоглолт хэдий ч өөр бусад уран бүтээлч оролцох байлгүй. Нөгөө талд аливаа уран бүтээл нөр их хөдөлмөр, асар их дэмжлэгээр босдог. Тэгэхээр дэмжиж байгаа байгууллага хамт олон байгаа юу ?
– Тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 16-ны 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тоглолтыг манай нэрт яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар ах маань хөтлөн хүргэх юм. Үүнээс гадна манай морины тухай дуу дуулдаг Л.Нарантуяа, А.Хосбаяр нар оролцож, тэр л монгол түмнийхээ хайртай морины тухай дуунуудыг эгшиглүүлнэ. Үүнээс гадна манай Дуурийн театрын найрал дуучид, Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ын бүжигчид гээд оролцоно. Мэдээжийн хэрэг би бизнесмэн хүн биш учраас дэмжлэггүйгээр цааш явахад хүндрэлтэй. Тиймээс “Таван эрдэнийн орон” тоглолтыг Дорноговь аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Дорноговь аймгийн Морин спорт уяачдын холбоо, “D” клуб гээд олон байгууллага дэмжиж оролцох юм. Манай монголчууд чинь хэдийгээр суурин иргэншилд дасан зохицоод олон жил болсон ч бүгд л малч удмын үр сад шүү дээ. Тийм ч учраас дэмжлэг туслалцаа үзүүлэх хувь хүн, байгууллага олон байгаа гэдэгт итгэлтэй байна.
С.Баяр
Эх сурвалж: http://www.unen.mn