Монгол Улс улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 39 орны анхны дөрвөн орны нэгээр тодорч, өнгөрсөн зургадугаар сард ДЭМБ-аас батламжаа авч баярлацгаасан.
Батламжаа авснаас хойш жил ч болоогүй байхад устгасан улаан бурхны дэгдэлт бага насныхны дунд гарч байна. Энэ халдварын дэгдэлт Монгол Улсад сүүлийн 4-5 жил гараагүй учир манай улс улаанбурхангүй орон гэсэн алдрыг хүртээд байсан юм.
Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халуурах болон хордлогоор эхэлж, нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрх толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрч, ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусийн гаралтай цочмог халдварт өвчин.
Манай улс 1972 оноос улаанбурхны вакциныг хийж эхэлсэн бөгөөд хүүхдийг есөн сар, хоёр настайд нь хоёр удаа дархлаажуулалтад хамруулж байна. Халдвар шинээр авч буй хүүхдүүдийн тухайд “Есөн сар хүрээгүй эсвэл хоёр нас хүрээгүй буюу дархлаажуулалтын хоёр дахь тунгаа хийлгээгүй хүүхдүүд улаанбурхны халдвар авч байна. Мөн товлолын вакцин хийлгэсэн, эсэхээ мэдэхгүй өсвөр насныхан халдварт өртөж байна” гэж ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасан ярилаа.
Эрүүл мэндийн яамнаас улаан бурхны халдвараас сэргийлэх тухай дараах зурагт зөвлөгөөг хүргэж байна.