Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар өчигдөр “Эрүүл Монгол хайкинг клуб”-ын тэргүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг хүлээн авч уулзлаа.
Б.Цэвээндаш 2012 оны 5 дугаар сарын 19-нд далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж байсан юм. Тэрээр энэ удаад 2015 оны 4 сарын 5-наас хоёр сарын хугацаатайгаар хоёр дахь авиралтаа хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Өмнө нь Б.Цэвээндаш Эверестэд Непалын талаас буюу урд талаас нь авирсан бол одоо Төвдийн талаас буюу хойд талаас авирна. Түүнтэй хамт уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин, 73 настай Т.Гүррагчаа авирах юм. Энэ удаагийн авиралт “Эрүүл Монголын төлөө” уриан дор болно.
Уулчин Б.Цэвээндашийн Эверестэд хийх авиралтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амжилт хүсч, “Монгол түмнийхээ хийморийг бадраагаад ирээрэй” хэмээгээд гарын үсгээ зурсан төрийн далбаа дамжуулсныг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар гардуулан өглөө.
Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй төрийн далбааг хүлээж аваад Б.Цэвээндаш “Аливаа улсын сүр сүлд төрийнхөө далбаанд байдаг. Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй төрийнхөө далбааг дэлхийн зулай Эверестэд мандуулж, монгол түмнийхээ хийморь сүлдийг даатгаад эргэн золгоё” гэсэн ерөөл тавилаа.