“Монос” эмийн сангийн эмийн санч“Фено-барбитал” хэмээх эмийг том хүний тунгаар 16 нярайд бичиж өгснөөс болж, эмэнд хордсон ноцтой хэрэг гарч байсан. Уг хэргийнхээ улмаас шүүхээс ял сонсоод байгаа юм. Тэгвэл “Монос”-ынхон дахин эм сольж бичиж өгсөн асуудал үүсгэсэн талаар манай сайт мэдээлсэн юм. Тодруулбал, Ланадексон, Ланасорбид гэсэн хоёр эмийг сольж өгснөөс найман хүүхэд хордлогод орсон байдаг.
ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагийн хэлснээр, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхдэд Ланадексон эмийг хэрэглэх тун бичиж өгчээ. Уг эмийг “Монос”-оос гэрээгээр нийлүүлдэг юм байна. Гэтэл “Монос”-ынхон ЭХЭМҮТ-д Ланадексон бус Ланасорбид эмийг нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдэд хоногт дунджаар 0.0833-0,333 мг/кг-аар хоолны өмнө сүүгээр даруулж уулгадаг эмийн оронд зүрхний өвчинд уудаг Ланасорбидийг өгсөн аж. Ланадексоныг харшил хөдлөх, амьсгалын замын болон арьс, цусны өвчний үед хүүхдэд маш бага тунгаар уулгадаг юм байна. Харин Ланасорбидийг зүрхний архаг дутмагшлын үед 10-20 мг-аар өдөрт 3-4 удаа бусад эмтэй хавсран хэрэглэдэг аж. Гэтэл харшил, ханиад томуугийн үед хэрэглэх зориулалттай эмийн оронд зүрхний өвчний эсрэг үйлчилгээтэй эм уусан хүүхдүүдэд тэр даруйдаа шинж тэмдэг илэрч эхэлснийг эмч нар нягталж үзэхэд Ланасорбид уулгасан байжээ.
Тиймээс хордлого хүндрэхээс урьтаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаджээ. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Одоогоор нэг хүүхэд эмнэлгээс гарсан, хоёр хүүхдийн биеийн байдал нь сайжирсан тул өчигдөр эмнэлгээс гаргасан. Харин үлдсэн таван хүүхэд үргэлжлүүлэн эмчлүүлж байна гэлээ.
Асуудал гарсан даруйд “Монос” компаниас хүмүүс ирж эмнэлгийн удирдлагууд болон эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж уучлал гуйн, дахиж ийм асуудал үүсэхгүй гэдгийг илэрхийлжээ.
эх сурвалж: zaluu.com