2015 оны 04 сарын 03-ны энэ өдөр нийслэлийн ИТХ-аас маш чухал, “түүхэн” шийдвэрийг баталлаа. Энэ бол олон жилийн туршид яригдаж ирсэн ч өнөөг хүртэл биеллээ олоогүй Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудал юм.
Нийслэл Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрлөөс үүдэн олон сөрөг асуудал гарч буй. Агаарын бохирдол, авто замын түгжрэлээс авахуулаад саар зүйл олон бий. Тэгвэл Монгол Улсын Засаг захиргааны тухай хуулиар нийслэлийн дүүрэгт харьяалагдаж явдаг Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлын анхны шанг ийнхүү татаж чадлаа.
Хуралдаанд оролцогч төлөөлөгчийн асуулт, хариултаас харахад дүүргийг хот болгох тухай, эсвэл дүүрэг дэх хот байх тухай зэрэг ойлголцлын зөрүүтэй асуудлууд гарч байв. Гэвч нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Багануур дүүрэг дэх Багануур хот, Налайх дүүрэг дэх Налайх хот байх ёстой гэсэн тайлбарыг хэлэв.
Энэ асуудлыг энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын “ангийн хамт олноор шийдвэрлүүлж батлуулах” эхлэлийг тавьсан хүн нь Налайх дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан ажээ. Анх дүүргээ хот болгох асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулж, Эко Налайх дагуул хотын хөтөлбөр төслийг боловсруулан нийслэлийн Засаг дарга, ИТХ-д асуудлыг өргөн барьснаар өнөөдрийн 25 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа нь энэ юм байна.
Дагуул хот болгох асуудлыг хөөцөлдсөн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы сэтгэгдлийг хуралдааны дундуур сонслоо.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан:
-Таны хувьд дагуул хотын асуудлыг хөөцөлдөн ИТХ-д өргөн барьснаар өнөөдөр хэлэлцэгдэж байна. Үр дүнг юу гэж харж байна вэ?
–Налайх, Багануур зэрэг нийслэлийн алслагдсан дүүргүүдийг хот болгох нэр томьёолол, статус, эрхзүйн чадамжийг дээшлүүлэх зорилгоор энэ дүүргүүдийг дагуул хот болгох тухай асуудал, хууль эрхзүйн орчныг судлан нийслэлийн ИТХ-д өргөн барьсан. Энэ дагуу асуудал хэлэлцэгдэж байна. Мэдээж ойлголцлын зөрүүтэй олон асуудлууд байна. Жишээ нь Налайхыг анхнаас нь нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиар дагуул хот болгох тухай асуудал яригдсан. Гэтэл энэ тогтоолын төсөл дээр Налайх дүүрэг дэх Налайх хот байна гэсэн ойлгомжгүй бөгөөд эргээд аль аль талдаа үүрэг хариуцлага, эрх үүрэг, эрх мэдэл, ажил үүргийн давхацлын ойлгомжгүй зүйлүүд бий болох хүндрэл байгаа учраас маш тодорхой болгох ёстой. Яагаад гэвэл Улаанбаатар хотын Налайх дүүргийн Налайх хот гэдэг нэр томьёо, статус байж болохгүй, хуулинд ч ийм асуудал байхгүй. Тиймээс дагуул хот гэдгээрээ явна. Хот болсон ч иргэдийн амьдрал ахуй нь ч дээшлэхгүй, маш олон асуудлууд шийдэгдэхгүй бол хот гэсэн нэр зүүгээд яах билээ. Тийм учраас нэр томьёо тодорхой, үүрэг хариуцлага ойлгомжтой, бүтэц зохион байгуулалт давхцалгүй байх ёстой. Ажил, албан тушаалтнуудын эрх үүрэг, хариуцлага маш тодорхой болсноор зөвхөн Налайх, Багануур гэлтгүй нийслэлийн бусад дүүргүүд хөгжих боломжтой. Тодорхой зарим асуудлуудаа өөрсдөө шийдвэрлэдэг эрх мэдэлтэй болж байж Улаанбаатар гэдэг хот маань өөрийн гэсэн ялгаатай, өнгө төрхтэй хөгжих юм.
-Хотын захирагчийн тал дээр таны байр суурийг сонсьё?
Хотын захирагчийн тухай асуудал яригдаж байна. Хотын захирагчтай, хотын даргатай, Хотын иргэдийн хуралтай, хотын зөвлөлтэй, хотын менежертэй гэвэл асуудлыг дээрдүүлэх биш харин ч эсрэгээрээ дордуулна. Тиймээс энэ албан тушаалтнууд, төр захиргааны байгууллага, эрх мэдлийн зохицуулалтыг маш тодорхой болгох ёстой. Налайх, Багануурын асуудлыг ингэж шийдсэнээр цаашдаа Улаанбаатар хотын захирагчийг ч гэсэн иргэд өөрсдөө шууд сонгодог болох ёстой. Түүнээс биш 20 орчим хүн гар өргөөд Засаг даргыг сонгодог, нийслэлийн асуудлыг шийддэг биш, дүүргүүд ч гэсэн дүүргийн иргэдийн аж амьдралаа шийдэх асуудлаа өөрсдөө шийдэх ийм тогтолцоонд орох ёстой.
-Та Налайх дүүргээр сонгогдсон төлөөлөгч. Хот болсноо иргэдэд ямар давуу тал гарах вэ?
Налайх, Багануур сүүлийн 20 гаруй жил нийслэлийн алслагдсан дүүрэг гэж явж ирсэн. Аливаа төсөв хөрөнгө, дэд бүтэц, халамжаас дандаа хоцрогддог. Өнөөдөр Налайх, Багануур дүүрэг өөрсдөө эдийн засаг нийгмийн асуудлаа шийдээд явах эрхзүйн чадамж, эдийн засгийн боломж хязгаарлагдмал байна. Өөрөөр хэлбэл айлын өнчин хүүхэд шиг өгснийг нь хүртдэг, өгөхгүй бол хараад сууж байдаг байдалтай байна. Тиймээс нийслэлээс шийдээд дагуул хот болгосноороо эдийн засаг, нийгмийн олон асуудлуудаа хуулийн хүрээнд шийдээд явах боломж нээгдэнэ. Ямар нэгэн байдлаар тусгаар тогтнож, бие дааж, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх асуудал яригдаж байгаа юм биш. Иргэдийн шууд оролцоо, шууд ардчилал гэж ярьдаг зүйлийг бодит утгаар нь шийдэх цаг нь болсон. Энгийнээр хэлбэр тухайн дүүргийн иргэд өөрсдөө захирагчаа сонгодог, хяналт тавьдаг, асуудлаа шийддэг ил тод, нээлттэй зарчим хэрэгжиж эхэлнэ.
-Хуралдаанд нэр томьёоноос авахуулаад ойлголцлын зөрүүтэй асуудал гарсан. Гэвч оны дараахан тухайн дүүргийн иргэд хот байгуулах талаар санал асуулгад оролцож дэмжсэн. Танай Налайх дүүргийн иргэд ямар байр суурьтай оролцож саналаа өгсөн гэж та бодож байна?
Нэгдүгээр Налайх дүүргийн иргэд дүүргээ хотын статустай болгож тодорхой зарим асуудлуудаа шийдэх эрхзүйн чадамжтай больё гэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ИТХ эрх мэдлийн хүрээнд Налайх, Багануурыг нийслэлийн дагуул хот болгох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэрвээ бие даасан хот байгуулах тухай асуудал яригдвал УИХ, засгийн газрын түвшинд яригдах ёстой. Олон жил яригдаж ирсэн энэ асуудал өнөөдөр юутай ч эхлэлээ тавьж байна. Асуудлыг дагалдаж орон нутгийн эрх зүйн байдлын тухай хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг холбогдолтой хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тодорхой өөрчлөлтүүд орсноор илүү ойлгомжтой болох ёстой.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар “Нийслэлийн дагуул хот байгуулах тухай” асуудлыг авч хэлэлцэн, хүрэлцэн ирж хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчийн 100 хувийн саналаар “Нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харилцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул-Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул-Налайх хотыг Налайх дүүрэгт тус тус байгуулсугай” хэмээх тогтоолыг хэлэлцэн баталлаа.
Мөн Багануур, Налайх хотын захирагчийн сонгуулийн санал хураалтын нэгдсэн товыг дахин хэлэлцэж, тогтоохоор болов.
Мөн нийслэлийн дагуул Багануур, Налайх хот байгуулагдсантай холбогдуулан УИХ, Засгийн газар, төр захиргааны байгууллагад мэдэгдэх, хотын аж ахуй, өмч хөрөнгийн санг тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах талаар санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон Багануур, Налайх хотын удирдлагын үйл ажиллагааг уялдуулах, давхацлыг бий болгохгүй байх зарчмыг баримтлан Багануур, Налайх дүүргийн удирдлагын бүтэц, орон тоог батлан мөрдүүлэх, УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-ын дагуу Багануур, Налайх хотын захирагчийн сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай дэмжлэг үзүүлэх, тус хотуудын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:
-Хот байгуулалтын нэгж болсноор эдэлбэр газартай, инженерийн байгууламж хотын үйлчилгээтэй холбогдсон тэр дүүрэг дотор Налайх хот гэж тусдаа хот байна. Энэ нь нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар эрх хэмжээ, бүрэн эрх нь тодорхойлогдсон дагуул хот юм. Өөрөөр хэлбэл нийслэл нутаг дэвсгэрийн хувьд дүүргүүдэд хуваагддаг, дүүрэг дотроо Налайх, Багануур гэж хот байгуулалтын нэг нэгж болж байгаа. 1993 онд хот тосгоны тухай хууль батлагдсан байдаг. Тэр цагаас хойш бүхэл бүтэн 13 жил энэ хуулийг хэрэгжүүлэхгүй явсаар өдийг хүрсэн байдаг. Иргэд хотын удирдлагаа өөрөө сонгож өөртөө захирагддаг удирдлагатай байхыг хүсдэг бол засаг захиргаа өөртөө захирагддаг даргатай байхыг хүсдэг. Ийм 2 зөрчлөөс болоод энэ асуудал шийдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн. Хотын захирагчийг тухайн хотын иргэд өөрсдөө сонгодог болно. Энэ утгаараа түүхэн үйл явдал.
Налайх, Багануур гэдэг хотыг бид түүхэн шийдвэр гаргаж “төрүүллээ”. Одоо энэ хот өсөж бойжих замруугаа явах болно гэдгийг хэлье.
Ийнхүү олон жилийн туршид “дуншиж” ирсэн Налайх, Багануур дүүрэг хот болох асуудал нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдлаа. Цаашид хотуудын эдэлбэр газар, хотын захирагчийг сонгох сонгууль зохион байгуулах, төсөв хөрөнгө батлах, бүтэц, орон тоог шийдвэрлэх зэрэг маш олон асуудлууд ар араасаа шийдвэрлэгдэх юм.
Г.Эрдэм