Д.Тэрбишдагва: МАХН, МАН эвлэрч, яагаад хамтарч ажиллаж болохгүй гэж…

2tmescg536j44vbpg71isivk5bУИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа

– УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар сонгогдсон тойрогтоо ажиллаж байгаа.Таны хувьд…

– УИХ-ын гишүүн намын жагсаалтаар болон тодорхой нэг тойргоос сонгогддог ч нийт ард түмний дуу хоолой, санаа бодлыг сонсдог, мэдэрдэг байх нь чухал. Тиймээс ганцхан тойргийнхоо иргэдтэй уулзаад нэг дүүрэг, нэг аймаг, нэг сумын асуудал яриад суухыг урьтал болгодоггүй. УИХ-ын чуулганы энэ удаагийн завсарлагаанаар сонгогдсон тойрогтоо төдийгүй Булган, Хэнтий, Төв, Архангай Өвөрхангай аймгуудын 30 гаруй сумдад, Сонгинохайрхан дүүргийнхээ 32 хороогоор нэг бүрчлэн явж нийтдээ 80 гаруй уулзалт хийлээ. Давхардсан тоогоор нийтдээ 50 орчим мянган хүнтэй уулзсан байна. Өвөл өнтэй болж, мал сүрэг нь өссөн учраас хөдөөгийн малчдын сэтгэл  тэнэгэр байгаа нь ажиглагдаж байлаа. Харин төв суурин газрын иргэдийн хувьд бухимдалтай, амьдрал нь ч хэцүүхэн байна.

Уулзалтын явцад 600 гаруй санал хүсэлтийг иргэд амаар, бичгээр ирүүлснийг багцлан авч үзвэл улстөрчид, дарга нарынхаа үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, эдийн засгийн хямрал гүнзгийрч байхад шийдэмгий арга хэмжээ авахгүйг байгааг онцолж байна. Өнөөдөр ардчилал нэрийн дор төрийн дарангуйлал, хариуцлагагүй, эмх замбараагүй, хүссэнээрээ авирладаг анархи байдал бий болчихоод байгааг уулзалт хийсэн газар бүр хэлж, ярьж байна.

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг  сонирхохын зэрэгцээ Сонгуулийн болон Үндсэн хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах эсэх талаар асууж байна. Парламентын 76 гишүүний  28 нь  пропорциональ буюу намын жагсаалтаар, 48 нь можаритори буюу тойргоос сонгогддог холимог хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүмжилж байна. Мөн иргэд “Өөрсдийнхөө эрх ашигтай холбоотой, лоббид автсан хуулийг баяр наадамтай давхцуулан бөөндөж батлан, ард түмэн болоод Монгол Улсын эрх ашгийг хохироодгийг” дахин дахин сануулж байна. Иргэд буруу бүхэнд хариуцлага тооцох, хяналт тавих, замбараагүй байдлыг өөрчлөхийг ямагт хүсдэг болчихжээ.

Эцсийн дүндээ нийт иргэд  өөрчлөлтийг хүсч буйн дохио харагдаж байна.

Иргэдтэй уулзсан тухайгаа, тэд юу хүсч, юун тухай бодож санаж байгааг нэгтгээд танилцуулга бэлдэж байна. Түүнийгээ намынхаа бүлэг дээр танилцуулж, цаашид УИХ-ын чуулганаар асуудал хэлэлцэхэд иргэд сонгогчдын байр суурийг илэрхийлж, бодлого шийдвэрт тусгуулж ажиллахыг зорьж байгаа даа.

– Улстөрчдийн популизм иргэдийг ийм байр суурьтай болгоод байгаа байх л даа?

– Үгүй дээ.  Монгол хүний саруул ухаан, асуудлыг үнэлж цэгнэх үнэлэмжийг тэгж ч дорд үзэж болохгүй шүү. Түмэн олон зөв бурууг шүүж тунгаагаад, хэн нь популизм хийж хошгоруулаад байна гэдгийг хэлүүлтгүй сайн мэднэ. Маш их мэдээлэл сайтай байна. Популизм уу, бодит үнэн үү гэдгийг маш сайн ялгадаг болсон. Ард түмнийг дутуу үнэлж болохгүй.

Олон түмэнтэй уулзахгүй, тэдний үгийг сонсохгүй байж албан тасалгааны цонхоор харчихаад амьдрал сайхан байна гэж дүгнэж боломгүй. Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг дээ. Хүннү гүрэн байгуулагдсанаас хойших 2200, Их монгол улсын 800-аад, Ардын хувьсгалын 70 гаруй жилийн түүхэнд монголчууд унаж босч байсан ч газар шороогоо ухаж байгаль дэлхийгээ сэндийчилгүй оршин тогтносоор бидний үед ирсэн. Гэтэл сүүлийн 20 гаруйхан жилийн дотор ухаж төнхөөгүй газар нутаг байхаа болиод байна. Энэ бүхэн хаана, хэнд үр өгөөжөө өгөөд байгаа юм. Ер нь иргэд эдийн засгийн хямралаас илүү төрийн алсын хараагүй бодлогод их бухимдаж байна шүү дээ.

Хэтэрхий улстөрждөг болсны шинж үү?

-Иргэд өнөөдрийнхөө талханд санаа зовохоосоо илүүтэйгээр байгаль дэлхийгээ сүйтгэж, ашигт малтмалаа зөв зохистой ашиглахгүй гадныхантай хуйвалдаад цөлмөж, улс төр, эрх мэдлээр халхавлан хүссэнээ гүйцэлдүүлж байгаад бухимдаж байна шүү дээ. Ардчилал нэрээр төрийн өмчийг үнэгүйдүүлэн худалдан авч, олон мянган мэргэжилтэй боловсон хүчнийг гудамжинд гаргаж, өмч хувьчлалаар халаасаа түнтийлгэсэн эсвэл ард түмний баялгийг зарж идээд хөрөнгөжсөн нөхдүүд улс төрд олуулаа болж хүчирхэгжиж, төрийг удирдаж байгаад шүүжлэлтэй хандаж байна. Төрийн өмчийг хэрхэн өмчилж авсныг овог нэр, албан тушаалтай нь нэрлэж байна. Тэд ямар арга залиар хөрөнгөжсөн шигээ л Монгол төрийн бодлогыг тодорхойлж, буруу тийш залж чиглүүлж байгаад эмзэглэх болсон байна. Олны үг ортой. Түмний нүд бурууд хурц гэдэг дээ. Үнэндээ 1990 оны ардчилсан хувьсгалын ололт, амжилтыг далимдуулж, улсын асар их өмчийг хувьчлал нэрээр хувьдаа авсан, социализмын үед бэлтгэгдсэн өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг гудамжинд гаргаж орхисон.

Нийгмийг нуруун дээрээ үүрч явсан дундаж давхаргын олон мянган хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэхээр ядуурал нэмэгдсэн. Тийм нөхцөл бүрдэхээр түмэн олон бухимдана. Тэр сэтгэлзүйг номхотгох, таалагдах гэж улстөрчид элдэв гоё сайхан зүйл ярьж амлалт өгдөг болсон. Эргэж сонгогдохоо бодоод амлалтаа биелүүлэх гэж улсынхаа сан хөмрөгийг үр дүнгүй үрэн таран хийж ирсэн. Ийм л байдлаар замнаж, таатай олон боломжоо ашиглаж чадаагүй. Сүүлдээ халамжийн хавтгайрсан бодлого  нь эдийн засгийг дэндүү сульдааж, тамирдуулах болсон шүү дээ.  Өнөөгийн төрийн тогтолцоо хүндээ тэр тусмаа боловсон хүчиндээ дэндүү халгаатай байна. Би Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа нэг ч хүнийг ажлаас нь үндэслэлгүй халж байсан тохиолдол байхгүй. Ажилдаа эзэн болж, ажлаа хийж чадаж байгаа хүмүүстэй аль намынх байх нь хамаагүй хамтарч ажиллана гэсэн зарчим барьдаг байсан. Боловсон хүчнийг хайрлах хэрэгтэй. Өндөр чадвартай ажилтан болохын тулд өч төчнөөн хөрөнгө зарж, цаг хугацаа зарцуулж байж хүрдэг зүйл шүү дээ. Хичнээн өндөр хүчин чадалтай компьютер, хувилагч машин байгаад ч хүнийг орлож чадахгүй. Тийм болохоор сайн боловсон хүчин гэдэг улсыг авч явдаг “үнэт эрдэнэ” нь байдаг. Эцсийн эцэст хүний сайн сайхны төлөө биш юм бол ямар ч сайхан ардчилсан төр байгаад яах юм.

– Ер нь та өнөөдрийн эдийн засгийн хямрал юунаас болсон гэж үзэж байгаа вэ?

– Уг үндэс нь юунаас эхтэй гэдгийг түрүүн би тодорхой тайлбарласан даа. Оновчгүй өмч хувьчлал, мэргэжилтэй ажилтнуудыг олноор халсан, дэндүү хавтгайрсан халамж зэрэг эдийн засгийг сульдаасаар ирсэн хэрэг. Зах зээлийн нийгэмд шилжих үед иргэдээ юуны түрүүнд ажилтай, орлоготой болгохын төлөө анхаарахаасаа илүүтэйгээр элдэв зүйл амлаж, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн. Энэ бүхэн нь хүмүүсийг ажил хийж, амьдралын төлөө зүтгэх, улсаа хөгжүүлэхэд хувь оруулах гэсэн эрмэлзлийг үгүй хийж, залхуурч, зүгээр сууж байгаад халамж хүртэх буруу хэвшил рүү хөтлөх болсон доо.

Өнөөдрийн эдийн засгийн хямралыг бол өөрөөр харж байгаа. Хямраад байна уу, санаатайгаар хямруулаад байна уу гэдгийг тунгаах хэрэгтэй. Баялаг ихтэй улс орныг эдийн засгийн хямрал руу түлхэж, иргэдийн бухимдыг дээд цэгт хүртэл тулгаж, тэмцэл, сөргөлдөөн,  цуст мөргөлдөөн болох нөхцөлийг бүрдүүлдэг гэх. Ийм болгож байгаад дотоодын олигархиудтай гадны “эдийн засгийн алуурчид” нийлж бодлогоо хэрэгжүүлж, баялгийг цөлмөдөг  туршлага дэлхий дахинд хэдийнэ ил болжээ.

Тийм ч учраас уулзалт хийж явахдаа хүчирхийллийн бус аргаар тэмцэх, монголчууд ухаантай байхын чухлыг тайлбарлаж явсан. Биднийг хооронд нь  тэмцэлдүүлж, үзэн ядуулж, сөргөлдүүлж байгаад завшдаг гэдгийг мартаж болохгүй.

– Хэн санаатайгаар хямруулаад байгааг нэр цохоод хэлж болохгүй юм уу?

– Гадаад, дотоодын олигархиуд. Тэдний  шуналын  далайд ёроол  байхгүй. Намайг 2000 онд Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд болоход Монгол Улс үр тарианыхаа ердөө 17-20 хувийг л дотоодын ургацаар хангадаг байсан. Үлдсэн улаанбуудайг Америк, Японоос тусламжаар авч  хэрэгцээгээ хангаж байлаа. 2000 оноос хойш төр засаг хөдөө аж ахуй салбарын талаар оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд уналтад орсон газар тариалангийн салбар өндийж, малын тоо толгой эрчтэй өсч байна. Хэдэн жилийн өмнөөс дотоодынхоо улаанбуудайн хэрэгцээг монголчууд өөрсдөө бүрэн хангах боломжтой болсон. Мөн 2000 онд малын тоо 25 сая хүрэхтэй үгүйтэй байсан бол өнөөдөр 52 саяд хүрчихсэн байна. Монголын хөгжлийн ганцхан гарц нь  уул уурхай юм шиг бодлогоо тодорхойлж байгаатай миний хувьд санал нийлдэггүй. Өндөр мэргэжилтэй боловсон хүчин, монгол хүн нь өөрөө хөгжлийн гарц. Хүнээ хөгжүүлж, сахилга хариуцлагатай байж, хууль дүрмээ сахин хэрэгжүүлж байх нь чухал. Тиймээс бид уул уурхай гэж хэт хошуурахгүй, хүмүүсээ мэргэжилтэй боловсон хүчин болгож сургаж бэлтгээд, хөдөө аж ахуйн салбартаа онцгой анхаарал хандуулмаар байна. Малтай, газар тариалангаа эрхэлж байгаа цагт монголчууд өлсөхгүй. Хэзээ ч ядарч туйлдаж байгаагүй. Монгол Улсын хөгжлийн нэг тулгуур “багана” нь  яах аргагүй хөдөө аж ахуй. Магадгүй энэ салбар манай улсын тусгаар тогтнолын баталгаа нь ч байж мэднэ. Тийм болохоор газар тариалан, мал ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж, малын гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  экологийн цэвэр бүтээгдэхүүн хийж гадаадад гаргавал бид маш их ашиг олох боломж ч байна. Ийм технологийн дэвшилийг авчрахыг тулд хүнээ бэлдээч ээ, хувийн хэвшлийнхнийгээ дэмжээд өгөөч ээ, уул уурхайгаас орж ирдэг мөнгөө үр ашигтай зүйлд зарцуулаач ээ гэж хэлэх гээд байгаа хэрэг.

– Зөв ашиглаж чадвал баялаг хөгжил өөд хөтлөх хөшүүрэг, буруу ашиглавал хараал болдог  юм шиг ээ?

– Өөртэй чинь санал нийлж байна. Норвеги зэрэг олон орнууд байгалийн баялгаа зөв ашиглан ард түмнээ сайн сайхан амьдруулж, улс орон нь хөгжин цэцэглэж байна. Харин эдийн засгийн “алуурчид” дотоодын олигархиудтай нийлчихээд баялаг цөлмөх ажиллагааг эхлүүлчихвэл баялгийн хараал гээч нь болдог бололтой юм. Монгол түмний заяа өндөр учраас ийм тавилан угтахгүй гэдэгт найднам. Уг нь Оюутолгойн гэрээг олигтойхон байгуулаад, бүрэн ашиглаж чадсан бол өнөөдөр Монголд Эрдэнэт шиг дөрвөн үйлдвэр босчих байлаа. Тавантолгойг улс төрийн амлалтаа биелүүлэх гэж “барьцаанд” тавьж мөнгө зээлж тараагаагүй бол өдийд үр шимийг нь хүртээд сууцгааж байхаар байсан. Гэвч гадны эдийн засгийн “алуурчид” манайхны “гар хөл бологсодтойгоо”-гоо хавсайдаж эдийн засгийг хямруулж, иргэдийг турхирч, үймээн дэгдээгээд хамаг баялгийг хуу хамах вий гэсэн бодол сэтгэл зүрх сэмлэх юм даа.

– Гар хөл бологсод хэн гэж…

– 2008 оны сонгуулийн дараа Үндсэн хууль зөрчиж “МАНАН”-гийн Засгийн газар байгуулагдсанаас хямралын эхлэл тавигдсан. Монгол Улсын Үндсэн хуульд олонхийн санал авсан эрх баригч нам нь төр барина, цөөн санал авч сөрөг хүчин болсон нь хяналтаа тавиад явна гэдгийг тов тодорхой заасан байдаг. Гэтэл Монгол Улсын тулгуур хуулийг уландаа гишгэж, иргэдийн сонголтыг үл тоож, хамтарсан Засгийн газар байгуулсан. Ингэж нэг хөнжилдөө орж байгаад л хуйвалдааны зарчмаар Тавантолгой, Оюутолгойн асуудлыг шийдсэн дээ. Энэ үеэс мордохын газгай гээч зүйлүүд шил шилээ дараалаад өрнөсөн. Хуулиа л мөрдөхгүй, зарчмаа үл тоогоод ирэхээр замбараагүй байдал руу хүссэн хүсээгүй холбирдог гэмтэй. Нэг ёсондоо хууль нь эмх цэгцтэй байх тэр нь хана хэрэм болж байдаг хэрэг. Энэ хана хэрмийг нураачихаар хууль бус ажиллагаа, хуйвалдаан гаардаг юм байна. МАХН гэсэн нэрийг өөрчлөхгүй гэж нийт гишүүдийн 80 орчим хувь нь саналаа өгөөд байхад хэдхэн хүн хүчээр шийдсэн, гадны нэг компанитай гэрээ байгуулах гэж төрийн гурван сайд нь гарын үсэг зурсан, Тавантолгойн ордын өрмийг нь цэвэрхэн гартаа оруулсан гээд тоочоод байвал бишгүй их зүйл бий. Тэр нэгэн үйл явдал миний сэтгэлээс гардаггүй. Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордны их танхимд болсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр нар парламент, Засгийн газрын гишүүд, дарга сэтэр зүүсэн “эвэртэн, туурайтнууд” түүхэн гэрээ хэмээн уйлалдах нь холгүй болцгоож билээ. Тэр арга хэмжээнд 4, 5 гишүүн оролцоогүй. Тэрний нэг нь би. Гадны компанийн өмнө Монгол төрийг тэгж бөхөлзүүлж, төр гэх тэр эрхэмсэг байдлыг нь үгүй хийснийг бодохоор харамсдаг юм даа. Оюутолгойн гэрээнд гурван сайд гарын үсэг зурах хэрэг юу байна. “Эрдэнэс-Оюутолгой” гээд төрийн өмчийн компанийн захирал төлөөлөөд гарын үсэг зурчихад болохгүй гэх зүйлгүй. Гадаадын улс орнуудын туршлагыг хараад үзээрэй. Гурван сайд зэрэг гарын үсэг зурж баталгаажуулдаггүй л юм билээ.

Хяналтгүй, сөрөг хүчингүй болсон цагт ханцуй дотроо наймаалцан улс орны эрх ашигт ноцтой байдал үүсч мэднэ гэж болгомжлоод л хамтарсан засаг байгуулахыг 2008 онд эрс эсэргүүцэж, цөөнх болж байсан даа. Одоо ч миний энэ итгэл үнэмшил хэвээрээ. Сөрөг хүчингүй болохоор ажил бүтээд урагшилдаг, хөгждөг ч юм биш. С.Баярын энэ стандарт бус жишиг төрийн дээд шатандаа төдийгүй дунд, доод шатанд халдварлаж байна. Нэг үгээр хэлбэл, халдварт “өвчин” болсон гэх үү дээ.

– Яагаад халдварт өвчин гэж?

– Орон нутгийн сонгуулиар ч олонхи болсон нам нь хүртэл дангаараа эрх бариад явахын оронд шүүмжлэлгүй, сөрөг хүчингүй болохыг чухалчилдаг болжээ. Тэгэхээр энэ нь халдварт “өвчин” байгаа биз дээ. Миний сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт ч ийм байдал давтагдаж байна. 2012 оны орон нутгийн сонгуулиар дүүргийг удирдаад яв, хөгжүүлээд өг гээд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 22 суудлыг МАН-д, сайн хянаж бай гээд 17 суудлыг АН-д өгсөн ч дарга нар нь өөрсдийнхөөрөө найруулаад л манантуулаад л манаргаж байх жишээний. Ингэлээ гээд дүүрэг хөгжсөн зүйлгүй. Харин дүүргийн өнөө хэдэн АН, МАН-ын дарга нарын “ажил” нь эрүүл шүүмжлэлгүй, буруу зүйл нь ямар ч эсэргүүцэлгүй явагдаж, хүссэнээ гүйцэлдүүлж байх шиг. Одоо Сонгиохайрхан дүүрэг засаглалын хямралд оржээ. Орон нутгийн сонгуулиар дүүргийн АН-ын дарга МАН-ынхаа даргатай нууц гэрээ байгуулаад, ийм ийм албан тушаалыг хувааж авна гээд бүүр зоочихсон байсан нь саяхан илэрч дуулиан тарилаа. Сая дүүргийнхээ 32 хороогоор орж 3500 гаруй иргэд сонгогчидтой уулзахад дүүргийн удирдлагын аппаратаас нэг ч хүн яваагүй. Энэ нь иргэдээсээ зугтааж байгаагийн илрэл. Хуучин засаг даргын ганцхан орлогчтой байдаг байлаа. Гэтэл одоо 4 болжээ. Үүнээс гадна дарга нарын тоо бишгүй л нэмэгдсэн байсан. Гэтэл манай дүүргийн иргэдийн амьдралд ямар ахиц гарав, хүнд суртал нь багасав уу, үйлчилгээ нь иргэндээ хүрч байна уу гээд тодруулахаар ахисан ахицгүй байна гэж иргэд хэлж байна. Сонгинохайрхан дүүрэгт тулгараад байгаа асуудлын талаар дараа дэлгэрэнгүй ярина аа.

-С.Баяр гэдэг хүн буруутай гэж үү?

– С.Баяр болон түүний долдой нар. Нам намын харьяалалтай, өөрсдийгөө намын лидер гэж өргөмжилдөг, ард түмнийг хошгоруулдаг бүлэглэлийнхний талаар түмэн олон хэлүүлтгүй мэдэж байгаа.

Нэг үйлдвэр ч удирдаж үзээгүй, бүтээн байгуулалт хийж яваагүй, үнэндээ хадаас ч хадаж үзээгүй нөхдүүд улс орныг сайхан болгоно гэж гоё ярьж ард түмэнд итгэл үнэмшил төрүүлдэг. Гэвч бодит байдал дээр тэдний ярьсан бүхэн хийсвэр байсныг ард түмэн хожимдож ухаарч байна даа. Биднийг төлөөлөөд төрийн эрх барьж, шийдвэр гарга гээд ард түмэн мандатаа өгчихсөн байхад хэсэг бүлгийн эрх ашигт захирагдаж, бурууд ташуур өгч, долдойддог нөхдүүд үнэндээ улс төрийг баллаж байна шүү дээ. Ганц өөдтэйхэн үг зоригтой сөрөөд хэлчих сэтгэлийн тэнхэлгүй, ая тал зассан, өөрийн толгойгүй “хуурамбай”-нуудын тарьсан хор уршиг их байна.

-Тэгээд одоо яах ёстой гэж…

-Төрийн бодлогыг зөв тийш нь залж, Засгийн газар нь ажил хэрэгч, шударга, шийдэмгий, зоримог ажиллах хэрэгтэй байна. Гэвч өнөөдрийн дүр зургийг ажиглавал тийм итгэл төрөхгүй л байна. Шинэчлэлийн Засгийн газрыг унагаад Шийдлийн Засгийн газар байгуулагдсан. Сөрөг хүчнээ “өвөртөө” орууллаа. Ерөнхийдөө 2008 оны дараа өрнөсөн өнөөх манан будан дахин давтагдаж байна уу гэлтэй. Ямар ч сөрөг хүчингүй болгож, асуудлыг зөвшилцөл нэрийн дор ханцуй дотроо наймаалцан шийдэх шинжтэй. Шийдлийн засаг байгуулагдаад хамгийн эхний ажил нь л гэхэд Урт нэртэй хуулийг битүүний өдөр батлуулж, өнө эртний түүхтэй, өвөг дээдсийн шарил бунхантай Ноён уулыг ухах гэж дайрч, давшилж байх жишээний.

– Оюутолгойг бүрэн ашигласан бол дөрвөн Эрдэнэт үйлдвэртэй болох байсан гэж та хэллээ. Гэхдээ улстөрчдийн популизмаас болж гадаадын хөрөнгө оруулагчид үргэж Оюутолгой саатсан. Тэр популистуудын нэг нь таныг ч гэж хэлэх хүмүүс бий. 

– Миний хувьд Оюутолгойг ашиглахыг эсэргүүцдэггүй. Харин ч ашиглахыг дэмждэг. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчидтай эхнээсээ гэрээ хэлэлцээрийг зөв хийх ёстой, ийм зүйл дээр алдах нь гэдгийг хэлж байсан. Гэвч миний ч, бидний ч үгийг тэр үед  ажил хариуцагч сайд, дарга нар даанч тоогоогүй. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг хандсан. Харин сүүлдээ цээжээ дэлдсэн эх оронч дүр эсгэгчид саад тотгор болж байна гэж элдэвээр цоллох болсон доо. Үүнд эмзэглэдэггүй. Буруу замаар будаа тээгээд явааг дуугүй хараад суухгүй. Түмэн олны эрх ашигт үл нийцсэн шийдвэрийг толгой дохин хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэсэн байр сууринаасаа хэзээ ч ухрахгүй ээ.

Намайг Шадар сайд болоход Оюутолгойн гэрээний санхүүд шалгалт хийх талаар чиглэл өгсөн. Сангийн сайд, Уул уурхайн сайд бид гурав хамтарсан тушаал гаргаж Оюутолгойд санхүүгийн шалгалт оруулсан. Тухайн компанийн мууг үзэх гэсэндээ биш, бодит байдлыг нь тогтоох зорилготой байлаа. Гэтэл шалгалтаар хоёр тэрбум ам.долларын зөрчил илэрсэн. Ингээд 30 гаруй асуудал дээр засч сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийхээр Засгийн газар Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагчидтай ширээний ард сууж ихэнх асуудал дээр нь тохиролцсон. Эцсийн шийдэл гаргаж чадалгүй Засгийн газар огцорсон юм. Аль аль тал нь буулт хийж, төслийг үр ашигтай явуулах ёстой. Гэхдээ төслийг үргэлжлүүлнэ гээд улсад хохиролтой байдлаар шийдэж болохгүй гэсэн байр суурьтай байсан.

– Таны ярианаас Оюутолгойгоос болоод Засгийн газар огцорчихсон гэж ойлгогдох гээд байна…

– АН-ын фракцуудын зөрчилөөс засаг огцорсон нь тодорхой л доо. Гэхдээ зарим хүмүүс Оюутолгойтой холбон тайлбарладаг, харддаг л юм билээ. Хэнд ч  хардах эрх  бий. Гадаадын том компани өөрсөддөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Монголыг муухай харагдуулахаар гадна, дотны сонин, сэтгүүлээр янз бүрийн мэдээлэл цацсан байхыг үгүйсгэхгүй. Тэдний хүслээр асуудал шийдэгдэхгүй болохоор Сангийн сайд асны нууц данс илэрсэн, олон улсад зарлагдсан, дараагаар нь С.Баярцогт МАН-тай хамтрах ёстой, хамтарсан засаг байгуулья гэж хамгийн түрүүнд санаачилсан цаг хугацаа ч давхцаж таардаг гэх. Гэхдээ энэ  нь баталгаатай биш зүйл болохоор тийм гэж хэлэх боломжгүй хэрэг.

Ер нь бол Оюутолгой төсөл хөрөнгө оруулалтаа хумихад л гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч байна. Түүнийг нь дагаад гадаадын олон компаниуд хөрөнгө оруулахаа харзнаж, долларын урсгал эрчтэйгээр саарч байгаа нь  ч үнэн.  Доллар хомсдохоор ханш савлаж, төлбөрийн тэнцлийн алдагдал өнөөдөр 1.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Бид гэдийхэд та нар хэр удаан тэсч, гүрийхийг харна аа гэсэн дээрэнгүй тулгалт ажиглагдаж байгаа нь нууц биш. Бид тавьсан болзолоосоо буцахгүй, хүлээж авахгүй бол дахиж санал тавихгүй гэж айлгахыг оролдож байна. Өнөөдөр бид ийм мухардалд орох “нүхээ” гэрээ байгуулж байхдаа “малтаад” өгчихсөн хэрэг шүү дээ. Тэр үед  ийм алдаа гаргах гээд байна гэхэд анхаараад, чадвартай, мэдлэгтэй, сэтгэлтэй, мэргэжлийнхээ хүмүүсийнхээ үгийг сонсч чамбай гэрээ байгуулсан бол өнөөдрийнх шиг хэрхэхээ мэдэхгүй алмайрч, аргаа барж, арчаагаа алдаж  сууцгаахгүй шүү дээ.

– Н.Алтанхуягийн Засгийн газар огцроход танай намын дарга Н.Энхбаярын нөлөө байсан уу. Тэдний хийсэн гэрээний асуудал яригддаг л даа…

 – Өөрөө өмдгүй байж өвдөг цоорхойг шоолно гэсэн үг байдаг даа. Фракц хоорондын зөрчил хэтрээд засгаа унагачихаад бусад руу буруугаа чихэж болохгүй л дээ. Хоёр намын дарга нар хамтран ажиллах гэрээгээ улам батжуулан гарын үсэг зурсны төлөө засаг унана гэж юу байхав. Нэг шалтаг төдийхөн л болсон байх. Тухайн үед улс төрийн намууд хамтран ажиллаж болох ч 2024 он хүртэл гэж урт хугацаагаар гэрээ байгуулах нь зохимжгүй гэж миний хувьд байр суурьтай байсан. Хоёр өөр үзэл баримтлалтай хоёр нам ийм удаан хугацаагаар гэрээ хийх нь явцуу. Харин сонгуулиар аль нэг нам нь олонхи болоогүй тохиолдолд хамтран ажиллах, нийлж засаг барих туршлага дэлхий дахинд ч бий. Тэр утгаараа 2012 оны сонгуулиар АН илүү олон суудал авсан ч  засаг барих хэмжээнд хүрээгүй учир МАН биш Шударга ёс эвслийг засагтаа орж ажиллахыг урихад хүлээн авсан. МАН хүчтэй сөрөг хүчин болсон шүү дээ. Гэвч хуулийнхаа хүрээнд замнаж байтал дахиад манангаа санасан гэлтэй засгийг бужигнуулаад бүх улс төрийн хүчнийг засагтаа оруулаад бүүр ч хяналтгүй болгочихлоо доо. Эйн Рейнд “Зөвшилцлийн Засаг бол Шинэ фашизм” гэсэн ном хүртэл бичсэн байна.

 – Ер нь та шинэчлэлийн Засгийн газрыг хэр ажилласан гэж боддог вэ?

 – Аль ч Засгийн газар дандаа магтуулаад байдаггүй. Шүүмжлэл байнга л дагаж байдаг. Харин санаатайгаар харлуулах, гутаах, муухай харагдуулах гэсэн “дайралтад”  Шинэчлэлийн Засгийн газар арай хэт өртчихөв үү дээ гэж боддог. Нөгөө  их “хөөсрөл” нь дарагдаад, хэн нь хэн бэ гэдэг цаг хугацааны аясаар тодроод ирэхээр олон түмэн шүүн тунгааж, харьцуулж байгаа байх.

Үнэндээ Н.Алтанхуягаар толгойлуулсан Шинэчлэлийн Засгийн газар чармайхын дээдээр чармайж, амралтын өдөр амралгүй зүтгэж ажиллаж  байсан нь үнэн юм шүү. Хэд хэдэн аймгийг  нийслэлтэй авто замаар холболоо, хотын түгжрэлийг сааруулахаар замыг дорвитой шинэчлэх алхам хийлээ, хурдны замын ажлыг эхлүүллээ, найман хувийн орон сууны зээлд хамруулж, дундаж давхаргыг орон сууцжуулах ажлыг эрчимтэй явууллаа гээд бидэнд хийсэн зүйл их бий. Харин Чингис бондын зарцуулалт тааруухан байсан гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ л саараасаа сайн нь илүү жин дарна гэдгийг хаана ч бардам хэлнэ.  Алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй ээ.

– Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар ямар дүгнэлттэй байгаа вэ

– Дөнгөж ажлаа эхэлж байхад нь юу ярихав гээд өнгөрсөн хугацаанд чимээгүй, ажиглаж  байлаа. 4 сар орчим гэдэг ажил хийе гэсэн хүнд чамлахаар бага хугацаа биш, хийхгүй аргацаах гэсэнд нь ахархан санагдах байх л даа. Гэвч шийдлийн Засгийн газар нэр шигээ шийдэмгий байж чадахгүй, дэндүү назгай ажиллаж байна. Хүмүүсийн итгэл эхнээсээ алдарч байна. Хагас сайн өдөр амардаг болж, засгийн газрын хуралдааныг хуралдахгүй цуцлах биш харин ч ажиллах цагаа уртасгаж, хүчээ дайчилж ажилламаар л харагдах юм. Монгол Улсад хийх ажил маш их байна. Гэтэл  юун түрүүнд зардлыг танах нэрийдлээр  эхчүүдийн хүүхэд асрах тэтгэмжийн мөнгөнөөс хумслах тухай санал гаргаж, Ноён уулыг ухахгүй бол улс хөгжихгүй юм шиг аяглаж болохгүй ээ.

– Ноён уулын булш, бунхныг хамгаалах нь Монголын ард түмэнд ямар ашигтай юм гэж ярих хүмүүс ч байна лээ? 

– Ноён уулыг ухах гээд байгаа компанийн тухай өөрөө хэр сайн мэдэх вэ. Энэ компани өмнө нь Бороогийн 40 тонн алтыг олборлохдоо тогтвортой байдлын гэрээ гээчийг хийж татвараас чөлөөлөгдөж байлаа. Ингэж баялгаа ухууллаа гээд монголчууд юу хожсон юм бэ. Тэнд хот, тосгон боссон уу. Хэдэн сэндвичэн барилга босгож, баялгийг технологийн дэвшлийг ашиглан богино хугацаанд хуу хамчихаад, адаг сүүлд нь ичсэн нүүрэндээ эмнэлгийн өргөтгөл барьж өгөөд өнгөрөх шив дээ. Одоо бүүр амташсан хэрээ 13 дахина гэгчээр зүсээ хувиргаад ороод ирэх жишээний. Бид одоо ингэж хууртаж, ашиггүй гэрээ хийж болохгүй. Ноён уулаа ухахгүй байсан ч Монгол дампуурахгүй. Эдийн засгийн тооцоог нь харахаар Ноён уулыг ашигласнаар Монголд овойж оцойтлоо ашиг унахгүй л юм билээ.Тийм байхад түүх дурсгалын газраа ухуулж, сэндийчүүлж байхын хэрэг юу байна. Байж л байг. Хойч ирээдүй маань хэрхэхээ шийдэг. “Сентерра гоулд” гэдэг компани өнгөрсөн зунаас эхлээд төр засгийнхантай уулзаад гишүүдийн өрөөгөөр “Дэмжээд өгөөч” гээд гүйгээд байсан даг.

– Тантай уулзах санал тавьсан юм уу?

– Уулзах санал тавихад нь  би татгалзсан.

– Манай дарга нарын ийм үйлдлүүд Монгол Улс гадаад хөрөнгө оруулалтад дургүй гэдэг мессежийг дэлхийд өгөөд байдаг гэх юм билээ…

– Гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцээд, хөөж туугаад байгаа юм биш ээ. Харилцан ашигтай байх эдийн засгийн зарчимаа бариад, хамтраад  төсөл хэрэгжүүлээд явах нь нээлттэй. Тэгэхгүй  эрх мэдэлд ойр хэсэг нөхдийг “урхидаж авчихаад” шулж хөлжихийг бизнес биш дээрэм гэдэг юм.

– Н.Энхбаяр дарга та хоёрын харилцаа ямар байгаа вэ. Сүүлийн үед та хажууд нь харагдахаа байсан, муудалцсан тухай их ярих юм…

– Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэдэг байхаа. Бид хоёр энэ үгийг эрхэм чигээр нь тээж явах ёстой л доо. Уруул дордовч, элэг дордохгүй. Бид хоёрыг муудсан, хэрэлдсэн гэж яриа гарч байгаа бол тэр далдын “хар малгайт”-ын хэн нэгний хорын шившлэг байх. Бидний харилцаа хэвээрээ. БНСУ руу явахаас өмнө хоёр удаа уулзсан. Намаа онцгой анхаарч ажиллах үүрэг өгөөд буцсан.

– Та МАХН, МАН-ыг нэгтгэх бодолтой байгаа юм уу?

– Иргэдтэй уулзалт хийгээд явж байхад МАХН, МАН-ын задрал, АН  фракцуудын зөрчлийн талаар ярьж байна лээ. Та нэг ярилцлагадаа “Энэ хоёр нам нэгдэхэд дэмжинэ ээ, миний найз нөхөд тэр намд олон бий гэж ярьсан байсан, энэ байр суурь танд хэвээрээ юу” гэж асууж байсан. МАХН, МАН нэгдэж хамтарч ажиллах чиглэлээр яриа хэлэлцээ хийхэд миний хувьд санаачлагатай байж дэмжиж ажиллахад татгалзах зүйлгүй л гэж хариулсан даа. МАХН, МАН эвлэрч, яагаад хамтарч ажиллаж болохгүй гэж. МАХН, МАН-ын гишүүд цөөн хэдэн хүний арчаагүй улс төр, хувийн харилцаанаас болж хоорондоо дайсагнах ч учиргүй. Нэг өдөр муудалцлаа гэхэд нөгөө өдөр нь гар барьдаг байх ёстой. Энэ хоёр намыг хамтрах ажлыг та л хийж чадна гэж хэлдэг хүмүүс байдаг л юм.

Гуравхан сая монголчууд намаар, нам дотроо фракцаар талцан хуваагдаж, бие биенээ үзэн ядаж яах юм бэ.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Я.Мөнгөнцэцэг

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …