Эдийн засгийн хямралыг гэтлэх, цаашлаад улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна хэмээн дүгнэж байсан Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээр нам зогсох нь тодорхой боллоо. УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр эрхэм спикер З.Энхболд хэлэхдээ “…ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 39 дугаар тогтоолоор Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай…” хэмээн мэдэгдлээ. Түүгээр ч үл барам, Тавантолгойн гэрээ хэлэлцээрийг үзэглэсэн сайдуудыг огцруулна гэдгээ заналтайгаар хэллээ. Гадаадын хөрөнгө оруулалт дайжин, бүр хасах руугаа орсон энэ хүндрэлтэй үед Тавантолгойн хэлэлцээр чухал ач холбогдолтой байсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм ч учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хоёр ч удаа зөвлөмж гарган гэрээ хэлэлцээр байгуулах эрхийг нь Засгийн газарт олгосон. Харамсалтай нь нөгөө л сувьдаг сэтгэл, явуургүй араншин уг гэрээг баллаж орхив бололтой.
Учир юун гэвээс, УИХ-ын гишүүн Женко Х.Баттулга уг хэлэлцээрийг тасалдуулахын тулд бүхий л боломжит аргуудыг ашиглаж байгаа билээ. Түүний санаархлыг иргэний хөдөлгөөнүүд, хувь хүмүүс болон зарим нэгэн сэтгүүлч, өөрийнх нь мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаг ямагт сурталдан, уг хэлэлцээрийг байгуулагчид дайсан хэмээн гүтгэж, олны тархийг угааж байгаа. Сүүлийн үед зүү орох зайгүй ойртсон З.Энхболдод нөлөөлж чадсан нь энэ бүхнээс харагдаж байна.
Гэхдээ УИХ-ын гишүүдийн олонх нь ийм бодолтой байгаа эсэх нь эргэлзээтэй. Ямартаа ч гурван дэд дарга болох Р.Гончигдорж, Л.Цог, М.Энхболд нарыг эрхэм спикер элсүүлж чаджээ. Өмнөх хуулиа баталж чадахгүй байж аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулагдаж байдаг энгийн нэгэн гэрээ хэлэлцээрийг татаж хэлэлцэнэ гэдэг нь ашиг сонирхлын зөрчил гэдгээс өөрөөр тодорхойлогдох боломжгүй. Үүнийг ч гэрээ байгуулах ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайхан ил тодоор мэдэгдэж байгаа. Тэрээр “уг гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй, надад гэрээ байгуулах үүргийг Засгийн газраас өгсөн. Би ажлаа Засгийн газарт л тайлагнах үүрэгтэй” хэмээн мэдэгдлээ. Уг гэрээ хэлэлцээр гацах нь мэдээж ард түмэн, улс оронд хохиролтой. Харин татаж аваад хэлэлцвэл УИХ-ын нэр бүхий цөөн гишүүдийн амьжиргаанд нэмэртэй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ.
БОДОО