Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д эмийн хордлого гарсан тухай мэдээллийн дагуу НМХГ, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ЭХЭМҮТ, “Монос фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллагыг шалгалаа.
Тус эмнэлэгт гуравдугаар сарын 19-нд “Дексаметазон” (худалдааны нэршлээр Ланадексон)эм дууссан тул 20-ны өдөр “Монос фарм трейд” ХХК-ний нөөцийн агуулах руу эмийн захиалгыг утсаар өгөхөд, 5мг тунтай зүрхний цусан хангамжийн дутагдалд хэрэглэдэг “Ланасорбид” шахмал эм захиалгаас солигдож ирснийг эмнэлгийн эм олгогч анзааралгүй, шалгалгүйгээр хүлээж авчээ. Гуравдугаар сарын 28-ны өдөр тус эмийг эмнэлгийн эм олгогчоос “Дексаметазон эмийн савлагаа өөрчлөгдсөн байна” гэсэн тайлбартайгаар Цусны эмгэг, хавдар судлалын тасагт нийлүүлж, тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхдэд (8 сартайгаас 15 нас хүртэл) 28-наас 30-ныг хүртэл нийт 188 ширхэг шахмал эмийг хэрэглүүлсэн байна.
Улмаар 30-ны өдөр тус эмнэлэгт үйлчлүүлэгчийн мэдээллийн дагуу эмийн андуурлыг мэдэн шуурхай арга хэмжээ авч, хүүхэд нэг бүрийг үзлэгт хамруулан, Хордлогын үндэсний төвийн эмч нартай хамтран хордлого тайлах эмчилгээг яаралтай хийснээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирчээ.
Хяналт шалгалтаар “Монос фарм трейд” ХХК-ний мэргэжилтэн нь ЭХЭМҮТ-д эмийг олгохдоо эмийн сангийн албан ёсны захиалгыг үндэслээгүй утсаар захиалга авсан, улмаар захиалснаас буруу эм олгосон, ЭХЭМҮТ-ийн эм зүйн тасгийн эм бэлтгэгч, олгогч нь эм хэрэгслийг хүлээн авахдаа захиалгын дагуу эмийн нэр төрлийг шалгаж аваагүй, улмаар эмчилгээний заалттай бус эмийг эмчилгээнд хэрэглэсэн ноцтой зөрчил дутагдал илэрлээ. Мөн ЭХЭМҮТ нь “Удирдамж заавар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 274 дүгээр тушаалын дагуу эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд ноцтой алдаа зөрчил гарсан тохиолдолд Төрийн захиргааны холбогдох байгууллагуудад (ЭМСЯ, МХЕГ, ЭМХТ) мэдээлээгүй зөрчил гаргажээ. Энэ нь тус байгууллагууд ажилдаа хариуцлагагүй хандаж, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомж, оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллаагүй, байгууллагын дотоод хяналтын тогтолцоо бүрдээгүй байгаатай холбоотой юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЭХЭМҮТ, Монос фарм трейд компанид “Эрүүл мэндийн тухай” хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, анхааруулга, албан шаардлага хүргүүлэхээр боллоо.
Харшил, үрэвсэл, хордлого, шокын эсрэг хэрэглэдэг 0,5 мг Дексаметазон шахмал эмийг ЭХЭМҮТ жилд дунджаар 12 000 ширхэгийг хэрэглэдэг аж.
Түлхүүр үгэрүүл мэндийн мэдээлэл
Санал болгох мэдээ
Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна
“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …