Охид хүсээгүй жирэмслэлтээс салахын тулд үр хөндүүлэх нь маш их болжээ. Ингэхдээ ойр дотны хүмүүстээ мэдэгдүүлэхгүйн тулд нууцаар, зарим тохиолдолд амь насанд ч эрсдэлтэй сонголтыг хийх нь бий. Хүсээгүй хүүхдээс салж л байвал юу ч байсан яахав гэсэн байдлаар хандах нь эцэстээ эмгэнэлд хүргэх нь гарцаагүй юм.
Үр хөндөлтийн талаар буруу ташаа ойлголт ч их бий. Иймд нөхцөл байдлаас үл хамааран энэ асуудалд нухацтай хандахыг зөвлөе.
Хонгорхон охин минь чи үр хөндүүлэхээр шийдсэн үү? Тэгвэл…
Хүсээгүй жирэмслэлтээс шалтгаалан охид, залуу бүсгүйчүүд үр хөндүүлэх шийдвэрт хүрдэг.
– Хэрэв чи ингэж шийдсэн бол юуны өмнө ойр дотны хүмүүстэйгээ зөвлөлдөх нь чухал гэдгийг санаарай. Ингэх нь зөв сонголт хийхэд тустай.
– Охидын хувьд чанартай эмнэлэг, туршлагатай эмчийг сонгох нь хамгийн чухал.
– Үүний дараа сонгосон эмчтэйгээ ямар аргаар үр хөндөх гэж байгаа, өвчин намдаах тариа хэрэглэх эсэх, багаж нь нэг удаагийн ариутгасан эсэх талаар илэн далангүй ярилцаж байх хэрэгтэй.
– Үр хөндөлтийн процесс нь ихэвчлэн таамгаар явагддаг мэс ажилбар.
– Тиймээс л мэргэжлийн бус газар, ариутгаагүй багаж хэрэгслээр, дадлага туршлага муутай эмчээр хөндүүлэх нь ямар ч хор уршиг авчирч болох юм.
– Үр хөндүүлснээр дахин хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй болж ч мэднэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл үр хөндүүлэх нь сөрөг муу үр дагавар ихтэй маш эрсдэлтэй алхам юм.
– Үр хөндүүлэх үед анхаарах зүйл бол хугацаа юм. Гурван сараас дотогш хугацаанд үр хөндүүлэхийг хамгийн боломжтой гэж үздэг.
– Харин гурван сараас дээш хугацаатай урагт мэс ажилбар хийлгэж үр хөндүүлэх нь илүү их эрсдэл дагуулдаг.
– Үр хөндүүлсний дараах эхний долоо хоногт хэвлийгээр бага зэрэг хөндүүр мэдрэгдэнэ.
– Доошоо бага зэргийн хэмжээний цус гарах бөгөөд 2 дахь өдрөөс хэмжээ нь багасаж цусны өнгө нь цайрч эхлэнэ.
– Гурав дахь өдрөөс гарч буй зүйл өнгөгүй тунгалаг болохын зэрэгцээ хэмжээ нь эрс багасаж гарахаа болино.
– Харин доошоо цус их хэмжээгээр гарах хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, халуурах зэрэг шинжүүд илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.