Яармаг дахь Нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн барилгыг концессоор бариулж, ашиглуулна

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар “Төрж өгдөггүй төрөх эмнэлэг”-ийн асуудлыг хөндөж шийдэл хайлаа.

Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон, төрөх гэж таван жил “дуншиж” байна.

Эмнэлэг барих шийдвэр гарсан 2009 онд төрсөн хүүхдүүд сургуульд оржээ. Монголчууд 2,7 саяулаа байхад эхэлсэн энэ барилга гурван саяулаа болоход барилга биш караказ хэвээрээ байгаа юм.

Бага өртөг хэлж тендер аваад, дараа нь их үнэ нэмж тэнгэрт хадаагаад, барилга ч биш балгас болгодгийн нэг жишээ нь энэ барилга юм.

“Монгол бол хүүхэд залуусын орон. Хүүхэд залуусын оронд олон эмнэлэг, сургууль, цэцэрлэг хэрэгтэй. Жамаараа төрдөггүй төрөх эмнэлгийг шинэ шийдэл, шинэ загвараар “хийсвэр хийж” төрүүлэх шийдлийг гаргах цаг болжээ” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг улсаас хөрөнгө гаргахгүйгээр засварлах, эмнэлгийн зориулалтаар нь ашиглах тухай концессын гэрээ байгуулж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн менежментийн багт өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр амжилттай хэрэгжиж буй тул улсын төсөв хүндрэлтэй ийм үед Яармаг дахь төрөх эмнэлгийн барилгыг энэ жишгээр ашиглалтад оруулах нь зүйтэй. Барилгыг гүйцээн барих, орчин үеийн техник хэрэгслээр тоноглох, эмнэлэг шиг эмнэлэг болгоход шаардлагатай 40 тэрбум төгрөгийг босгох шаардлагатай байгаа. Концессоор авсан багт улсын эмнэлгийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ хувийн эмнэлгийн жишгээр төлбөрт үйлчилгээ хийж өрсөлдөх эрх олгох учиртай гэлээ.

“Шийдлийн цаг” уулзалтад оролцсон Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар нарт хувийн хэвшийн чадалтай хөрөнгө оруулагч олох чиглэлд ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Яармагт дахь нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийг барих ашиглах, шилжүүлэх гэсэн нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Ерөнхий сайдын үүргийн дагуу холбогдох газруудтай хамтарч энэ ажлыг шуурхай зохион байгуулж ажиллая. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд төрөх болон хүүхдийн эмнэлгийн олон асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм гэж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэллээ.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд Японы Засгийн газрын тусламжаар баригдах шинэ эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкнаас хэрэгжих жишиг эмнэлгийн төсөл, Хоёрдугаар эмнэлэгт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах Оношилгооны төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлийг Нэгдүгээр эмнэлгийн менежментийн баг засварлаж, ашиглана, Баянзүрх дүүрэгт гуравдугаар төрөх эмнэлэг зургадугаар сард ашиглалтад орно. Хоёрдугаар эмнэлэгт баригдах Цусны төв, Баянголын хүүхдийн эмнэлэгт 480 сая төгрөг шийдчихвэл 100 ортой хүүхдийн эмнэлэг энэ зун ашиглалтад орох боломжтой, Яармаг дахь төрөх эмнэлгийн барилгын ажлыг гүйцээх зэргээр нийслэлд шинээр найман эмнэлэг ашиглалтад орох боломж бий. Хөрөнгө оруулалт, барилгын завсарын асуудлыг шийдчихвэл эрүүл мэндийн салбарт том дэвшил гарах дүр зураг байгаа юм. Үүний төлөө хичээж ажиллахыг Ерөнхий сайд албаны хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …