УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлд орох хүмүүсийг хэлэлцэж батлах үеэр хэлсэн үгнээс улбаатай “дуулиан” өнөө болтол тасарсангүй.
“Хувийн телевизд 100 хүний хийх ажлыг МҮОРТВ-д 700 хүн хийж байгаа. Архидалт газар авсан. Аймшгийн газар очиж байгаа шүү” гэж зөвлөлд шинээр орсон хүмүүст анхааруулсан ярианаас улбаалан хэвлэлээр мэтгэлцэх хэрүүл даамжирсаар эцэстэй “ноёнтой оролдвол толгойгүй”-н үлгэрээр Мянганбуугийн Наранбаатар “өөрийн хүсэлтээр” нэртэйгээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, хэвлэлийн хуудсаар дамжуулан уучлалт гуйснаар намжсан.
Тэгвэл олон жил МҮОНРТВ-ийг удирдсан М.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболдыг “эрэн сурвалжилж байгаа”-гаа зарлаад “хэлгүй ард түмэнтэй ардчилсан орон гэж дэлхийд хаана ч байдаггүй”-г хатуухан анхааруулав.
М.Наранбаатарын “үг” олныг цочроолоо. Үнэхээр ч Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр хамгийн туйлдсан орон гэдэг нь туйлын үнэн болой. Эрх мэдэлтнүүд, улс төрчид хэвлэлийн “эзэн” сууж, өнөөг хүртэл хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн орчин дэндүү сул, дэндүү хангалтгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг эдэлнэ” гэж заасан.
Үндсэн хуульд заасан энэхүү эрх, эрх чөлөөг бодитой хангах үүднээс УИХ-аас 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг баталжээ. Уг хуулиар хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг дэмжих, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль төрөөс батлан гаргах, төрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох, түүнчлэн олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тавихгүй байх асуудлыг хуульчилж, чөлөөт хэвлэлийн эрх зүйн суурь харилцааг зохицуулах алхам хийжээ. Гэвч энэ алхам өнөөг хүртэл нэг ч урагшилсангүй.
Монгол Улсад 130 гаруй сонин, 90 гаруй сэтгүүл, 150 орчим телевиз, 80 радио, 90 гаруй цахим хэвлэл үйл ажиллагаа явуулж байгаа судалгаа бий. Мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа, хамрах хүрээ, цацалтын хэлбэр, нэр төрөл олон, маш өргөн хүрээтэй болж хууль эрх зүйн нарийн зохицуулалтыг шаардаж байгаа хэдий ч УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй “дуншсаар” өнөөг хүрсэн.
Төрийн эрх бүхий албан тушаалтан сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, өөрсдийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах, буруутай үйлдлийг нуун дарагдуулах шаардлага тавих, нууц эх сурвалжаа илчлэхийг албадах, хуулийн байгууллагаар дамжуулан дарамт үзүүлэх явдал даамжрах хандлагатай байгааг холбогдох судалгаа харуулж байна. “Фрийдом хаус” олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс өнөөг хүртэл хэвлэлийн хагас эрх чөлөөтэй оронд тооцогдож байна.
Сэтгүүл зүйн хараат бус байдал алдагдаж байгаа нь иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөө хумигдах, нийгэмд ёс суртахууны доройтол, хямрал, тогтворгүй байдал үүсч гүнзгийрэх зэрэг олон сөрөг үр дагаврыг буй болгож байна. Ийм нөхцөлд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гарсан гомдол, маргааныг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хомс, сэтгүүл зүйн салбарт өөрийн зохицуулалтын механизм байхгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж буй билээ.
Гэвч М.Наранбаатар МҮОНРТВ-ийг биш хэвлэлийн эрх чөлөөг төлөөлж “ноёны өөдөөс хуцаж” чадлаа. Харин ардчилсан Монгол Улсын Их хурлын даргаас ямар “сөрсөн базаа” ирэхийг харж л сууя.
Г.Эрдэм