“COAL MONGOLIA-2015” Олон улсын чуулга уулзалт эхэллээ

f94a793f808351ac04bfb1802b3cb906Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “COAL MONGOLIA-2015”Олон улсын чуулга уулзалт  Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалт энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд гадаад зах зээл дээр нүүрсний салбарын  анхдагч хувьцаа гаргасаны таван жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

Чуулга уулзалтад оролцогчдод хандаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ирүүлсэн илгээлтийг  Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа уншиж, гардууллаа.

Уг илгээлтэд “Нүүрсний салбар нь Монгол орны уул уурхайн үйлдвэрийн анхдагч гэдгээрээ ялгардаг бөгөөд манай нүүрсний нөөц 173.5 тэрбум тонн орчим байгаа. Энэ нь Монгол Улс нүүрсний салбарын олон улсын зах зээлд томоохон тоглогч болох боломжтойг харуулж байгаа юм.

Хэдийгээр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уналттай байгаа ч өнгөрсөн онд манай улс 19.5 сая тонн нүүрс экспортод гаргаж улсын төсөвт 272 тэрбум төгрөгийн татварын орлого оруулсан юм. Энэ нь чамлашгүй амжилт бөгөөд манай нүүрсний салбарт ажиллаж байгаа уурхайчид, аж ахуйн нэгжүүдийн хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон хэлэхэд таатай байна.

Монгол Улс нүүрсний чамгүй баялаг нөөцтэй орны хувьд тус салбар дахь хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын гол цөмд байдгийг Та бүхэн мэднэ.

Шивээ овоо, Багануур, Чандгана, Төгрөг нуур, Адуунчулуун, Тэвшийн говь зэрэг эрчим хүчний нүүрсний арвин нөөцтэй ордуудад шинээр цахилгаан станц барьж байгуулах боломжтой бөгөөд энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар эрчимтэй ажиллаж байна.

Монгол Улсын Таван толгой, Нарийн сухайт, Хөшөөтийн нүүрсний сав газрын бүлэг ордууд нь хайгуул судалгааны түвшинд сайтар судлагдаж, сайн чанарын коксжих болон чулуун нүүрсний экспортын гол үйлдвэр, уурхай болон хөгжиж байна.

Таван толгойн ордыг хөгжүүлэх хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах гэрээг Засгийн газраар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд Монгол Улсын Их Хурлаар хөрөнгө оруулалтын гэрээгээ хэлэлцүүлнэ. Ийнхүү олон жил гацсан Таван толгойн төсөл хөдлөх болно.

Байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологид суурилсан, өрсөлдөх чадвар өндөртэй, Азийн бүс нутагт төдийгүй дэлхийн нүүрсний зах зээлд өөрийн байр сууриа эзлэх стратегийг бид нүүрсний үйлдвэрлэлийн салбарт хөгжлийн чиглэлээ болгож байна.

Өнөөдөр нүүрсний үйлдвэрлэлийн салбар Монголд төдийгүй дэлхий дахинд хүнд шалгалт, сорилттой тулгарч байгаа хамгийн эргэлтийн шинжтэй мөчлөгийн үед бид амьдарч байна. Энэ нь бидэнд таамаглаж байгаагүй шинэ сорилтуудыг нэг талаас бий болгож байгаа хэдий ч, нөгөө талдаа асуудлыг бодитоор харж үнэлэх, тулгарсан шалгалт, сорилтуудыг даван туулахад дэлхий дахины туршлагаас суралцах, алдаа багатайгаар асуудлыг шийдэх боломж олгож байгаа нь хөрөнгө, мөнгө хэмнэх, цаг хугацаа хожих илүү боломжийг бас олгож байна.

Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, хөрөнгө оруулалтын орчныг хөрөнгө оруулагч нарт сурталчилан таниулах, тус салбарт илүү их хөрөнгө оруулалт татах, нүүрсний экспортын орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү олон улсын чуулга уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Энэ удаагийн чуулга уулзалтад хайгуул, олборлолтын компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк, санхүүгийн байгууллагууд, ханган нийлүүлэгчид, мэргэжлийн холбоод болон АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 20 гаруй орны 600 гаруй төлөөлөгчид оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …