Хуралдаанд Эмч эмнэлгийн байгууллага, ажилтнуудад урамшуулал олгох журам шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцуулав.
Уг журам нь нийслэд үйл ажиллагаа явуулж байгаа Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт, тохижилт үйлчилгээг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хөдөлмөрийг бодитой үнэлэх, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах, мэргэжлийн ур чадвар, ажлын харицлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Шинэ журмын төсөлд Тэргүүний тохижилт, үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагыг шалгаруулах болзол шалгуурыг Гадаад орчны тохижилт, дотоод орчны тохижилт, үйлчилгээний соёл, тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, арга, аргачлал гэсэн үзүүлэлтээр дүгнэх юм.
Шалгаруулалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит бүх эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, тэдгээрт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд хамрагдах боломжтой.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд тэргүүний тохижилт, үйлчилгээтэй төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн шилдэг ажилтанг шалгаруулж, урамшуулал олгох ажлыг зохион байгуулалттай хэрэгжүүлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.