Нэгэн үед Монголын улс төрд “популист” гэдэг үг моод болж байсан бол одоо “хар жагсаалт” болж солигдов. Сонгууль болох дөхөж байгаа болоод ч тэр үү, улстөрчид “хар жагсаалт”-аас битүүхэн айж байх шиг. Харин үүний нөгөө талд зарим хүмүүс “Хар жагсаалт гаргана” гэх үгээр улстөрчдийг “айлгаж” эхэлсэн бололтой.
УИХ-ын гишүүн асан Д.Энхбат “Хар жагсаалт нэрээр жинхэнэ хар жагсаалтад орох хүмүүсээс гэм бурууг холдуулдаг жишиг бий” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Хэрэв түүний хэлснээр байгаа бол улстөрчдийн хар жагсаалт гаргана гэж байгаагийн цаана ашиг, сонирхлын маш том зөрчил, улс төрийн ашиг хонжоо, шантааж явж байхыг үгүйсгэх аргагүй нь. Хар жагсаалт заавал гаргах ёстой юу, хар жагсаалтад хэнийг багтаах вэ гэх асуулт ч иргэдийн дунд бий болсоор багагүй хугацааг үджээ.
Ер нь бол үнэхээр хар жагсаалт гаргах шаардлагатай бол түүнийг ард түмэн өөрсдөө л гаргана. Ард түмний “хар жагсаалт”-д орсон улстөрч хүссэн хүсээгүй улс төрөөс арчигдаж, алга болдог “жамтай”. Түүнээс биш аль нэг төрийн бус байгууллага, залуучуудын байгууллага ч юм уу “хар жагсаалт гаргана” гэж ярих нь утгагүй гэлтэй. Ямар үндэслэлээр, ямар шалгуураар, хэнийг хар жагсаалтад оруулах вэ. Хар жагсаалт гаргалаа гээд тухайн хүний сонгох, сонгогдох эрхийг яах вэ. Гэх зэрэг олон асуудал гарч ирнэ.
“Хар жагсаалт” гаргана гээд байгаа нөхдүүд үндсэндээ тухайн хүний эсрэг зохион байгуулалттайгаар дайрч, дахиж улс төрд ойртуулахгүй байх арга хэмжээг авна гээд байгаа. Хүнийг гэм буруутайг шүүх тогтоогоогүй бол хэн ч гэм буруутан болгохгүй гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулинд зааж өгсөн. Гэтэл “Хар жагсаалт” гаргаж, ард түмэндээ туслах нэрээр хэн нэгнийг яллаж, “Монголын төрд гай болсон хүн” мэтээр ярьж, бичих нь өөрөө хэр ёс зүйтэй алхам бэ. Хууль дээдлэх ёсонд энэ үнэхээр нийцэж чадаж байгаа гэж үү. Шуудхан хэлэхэд, хар жагсаалт нэрээр хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхэнд халдах эрх хэнд ч байхгүй. Нэг талаас улстөрчийн сонгогдох эрхэнд, нөгөө талаас ард түмний сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж байгаагаас өөрцгүй хэрэг.
Мэдээж ард түмний хувьд хар жагсаалтад оруулах улстөрчдөө өөрсдөө янз бүрээр дотроо нэрлээд эхэлчихэж. Твиттер, фэйсбүүкээр ч гэсэн хар жагсаалтууд мэр сэр харагдах боллоо. Хар жагсаалт нэрээр улс төрийн хар пиарчид “харлуулах” ажлаа аль хэдийнэ эхэлчихсэн гэсэн үг.
Үнэндээ хэн нэгэн нь, тэр тусмаа залуучуудын холбоо “Таныг хар жагсаалтад орууллаа шүү” гэвэл тухайн улстөрч хамаг байдгаа шавхаад ч хамаагүй, тэр жагсаалтаас хол байхыг л хүснэ. Зарим нь нэгэн нь хэдийг ч хамаагүй төлөөд харин ч эсрэгээрээ хар биш “цагаан жагсаалт”-д өөрийгөө оруулаад байж байхыг ч үгүйсгэхгүй. Яг өнөөдрийн тухайд бол “хар жагсаалт” гэдэг үг ийм л шантааж юм шиг харагдаад байна.
Мэдээж залуучуудын байгууллага улс орноо тодорхой хэмжээнд эрүүлжүүлж, улс төрийг цэвэрлэхийн төлөө ийм санаачилга гаргаж байгаа байх. Гэхдээ улс төрийг цэвэр байлгана гэдэг эцсийн дүндээ иргэн хүн бүрийн сонголтоос л хамаарна. Сонголтоо зөв хийвэл улс төр цэвэршинэ. Түүнээс биш хар жагсаалт гаргалаа гээд улс орон сайхан болчихгүй. Харин ч эсрэгээрээ улам л их улстөржилт, хийрхлийг дагуулах биз ээ. Улстөрчид “хар жагсаалт” гэх мангасын аманд орохгүй байхын төлөө бүхий л чадлаараа ажиллана. Тэр нь үнэхээр өөрийгөө дайчлаад, шударга, сайхан ажиллана гэсэн үг биш. Бүхий л чадлаараа, мөнгө төлөөд ч хамаагүй тэр жагсаалтад багтахгүй байхын төлөө л тэмцэх байх. Нөгөөтэйгүүр үзэн ядаж, дургүйг нь хүргэсэн нэгнийгээ “хар жагсаалтад” оруулдаг жишиг тогтчихвол яах болж байна аа.
Тийм учраас өнөөгийн нөхцөлд хар жагсаалт улс төрийг цэвэршүүлэх биш, харин ч эсрэгээрээ улам л муу муухай болгох юм шиг харагдаад байна. Ер нь тэгээд үнэхээр энэ улстөрчдөөс хар жагсаалтад заавал хэн нэгнийг оруулах хэрэгтэй хэн хэнийг нь ялгах хэрэггүй. Бүгдээрээ л хар жагсаалтад байж байх ёстой хүмүүс.
Л.Энхдэлгэр
Eagle.mn