2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчин:
4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1404 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Одоо ХӨСҮТ-д нийт 246 хүн эмчлэгдэж байгаагаас 41 өвчтөн шинээр хэвтэж, 41 хүн эмчлэгдэн гарч, 70 өвчтөний биеийн байдал хүндэвтэр үүнээс 14 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Осол, гэмтлийн мэдээ:
4 дүгээр сарын 8-аас 14-нд нийт 1792 хүн хандсан ба 63,4% нь эрэгтэйчүүд, 25,3%-ийг 0-15 насны хүүхэд эзэлж, 9,3% нь хэвтэн эмчлэгдэж, 9.5% нь согтуугаар осолд өртжээ. 37,9% нь уналт, 17.9% нь хүчирхийлэл, 12.8% нь зам тээврийн осолд өртжээ.
Эх сурвалж: ГССҮТ
Мал, амьтны галзуу өвчин:
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Зүүнбаян-Улаан, Булган аймгийн Баян-Агт, Орхон, Төв Эрдэнэсант сумдад нийт 7 амьтан (үхэр, үнэг, адуу) галзуу өвчнөөр өвчилж, тухайн газруудад хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ:
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 64,6%, цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хам шинж 27,1%-ийг тус тус эзэлж байгаа нь сүүлийн 5 жилийн дундажаас өндөр үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
4 дүгээр сарын 15-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25826 хүн өвчилж, 10704хүн (41.4%) нас барсан байна. 4дүгээр сарын 08-аас хойш нийт 37 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 28, Сьерра-Леонд 21 тохиолдол, Либерит сүүлийн 6 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ