Монголын фанатуудыг Олон улс даяар мэддэг боллоо

liverpoolfc Дэлхий дахин Монголын Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийг мэдсэн сайхан үйл явдал дөнгөж сая тохиолоо. Манай фэн клубын тэргүүн О.Амарсайханы ярилцлага Ливэрпүүлийн үндсэнцахим хуудсын “Global LFC Family” буланд дөнгөж сая тавигдаад байна. Энэ бол дан ганц Ливэрпүүлийн фэнүүдийг төдийгүй Монголын хөлбөмбөгийн фанатуудыг дэлхийд таниулсан сайхан үйл явдал боллоо. Ливэрпүүлийн болон Монголын хөгжөөн дэмжигчдийг Олон улс даяар ийн сурталчлах боломж гаргасан Амараа ахдаа баярласнаа илэрхийлье. YNWA!!

Жич: Ливэрпүүлийн үндсэн вэбсайтад энэхүү ярилцлага тавигдахдаа зарим нэг зүйлс хасагдсан бөгөөд Монгол хэл дээрх анхны бүрэн эхээрээ бичигдсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байгаа болно.

Нэр: Орсоогийн Амарсайхан
Нас: 42
Хот/Улс: Улаанбаатар хот, Монгол улс
Ажил: Монгол дахь “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб”-ын тэргүүн,
www.liverpoolfc.mn –ийн админ

–          Та яагаад Ливэрпүүлийг сонгох болсон бэ?  

Миний хувьд 1982 онд 11 настай байхдаа анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-г хар цагаан зурагтаар үзэж энэ гайхалтай спортод дуртай болсон юм. Тэр үед Монголд коммунист нийгэм оршин тогтнож байсан болохоор Монголын үндэсний ТВ-н суваг мөн Оросын төв ТВ-н гээд 2-хон суваг л гардаг байлаа. Хэлийг нь бүрэн ойлгохгүй ч Оросын ТВ-гээр шууд дамжуулсан тоглолтуудыг үзэж гайхан биширч байсан даа. Тэр ДАШТ-ийг үзээд л Английн шигшээ багийг дэмжих болсон…яагаад гэдгийг сайн тайлбарлаж чадахгүй юм. Ах нар, найзууд маань дэлхийн аварга болсон Итали, хүн бүхний мэдэх Бразил, тэгээл Аргентин Герман Франц гээл тус тусдаа өөрийн гэж сонгосон багуудаа дэмжицгээж байсан ч би л ганцаараа Английг дэмжих болсон доо. Тэр үед Монголд Дэлхий Европын АШТ-ээс өөр хөлбөмбөгийн тоглолт бараг ТВ-гээр гардаггүй байлаа. Оросын ТВ-гээр тэдний өөрсдийн багуудын тоглолт хааяа гарах ч нэг  их сонирхол татахгүй…тийм ч учраас баг гэхээсээ илүү шигшээ багуудыг дэмждэг байлаа. Ингээд Английн шигшээ багийн дэмжигч миний бие 2003 онд нэгэн компанид ажилд орж Карлсберг шар айраг хариуцсан брэнд мэнэжэрийн ажлыг хийх болсон. Тус шар айргийг Данийн Копэнхагэн дэх үйлдвэрээс нь гэрээлэн Монгол руу нийлүүлэх ажлыг хариуцах болсон минь Ливэрпүүлтэй намайг холбосон гэж хэлж болно. Учир нь тэр үед Карлсбэрг Ливэрпүүлийн үндсэн спонсор байсан юм. Тэр цагаас хойш одоог хүртэл онлайн форумуудад карлсбэрг мжл гэсэн айди-гаа хэрэглэсээр байна даа.

–          Ливэрпүүлтэй холбоотой хуучны дурсамж юу вэ?

 1982 оноос хойш хөлбөмбөгт ухаангүй дурлан өдөржин гадаа бөмбөг өшиглөх болсон тэр үед Монголд хаалттай нийгэм оршиж байсан болохоор Оросын ТВ. Сонин хэвлэлээс өөр гадаад ертөнцөөс мэдээлэл олж авах суваг байгаагүй юм. Монголд 10 жилийн сургуульд гадаад хэлний хичээл гэхээр Орос хэлнээс өөр сонголт байгаагүй болохоор 4-р ангиасаа хичээнгүйлэн сурч ойр зуур ойлгохтойгоо болсон байлаа. Манай аав үйлдвэрчний эвлэлийн гайгүй дээгүүр алба хашдаг байсан болохоор тэр үеийн коммунистуудын даалгавар ч юмуу заншил ч юмуу Орос хэвлэл захиалдаг байв. Намын холбоотой сонин сэтгүүлээс гадна өдөр тутмын Советский спорт, 7 хоног тутмын Футбол и Хоккей сонингууд захиалдаг байсан нь миний Орос хэлний мэдлэг болон Хөлбөмбөгийн гадаад ертөнцийн мэдээ мэдээллийг авахад маш их тус нэмэр болсон юм. Ялангуяа 7 хоног тутмын Футбол и Хоккей сонинд Европын орнууд түүн дотор Английн АШТ-ий тоглолтын үр дүн, товч тойм гардаг байсан нь миний хамгийн унших дуртай хэсэг байж билээ. Тэндээс анх Англид Ливэрпүүл гэж бусдаасаа хол тасархай баг байдаг, тэдний бүрэлдэхүүнд Иан Раш гэж гоолын машин болсон тоглогч байдгийг анх уншиж мэдэж авч байсан даа. 7 хоног бүр шинэ сонингоо аваал харахад Ливэрпүүл өрсөлдөгчөө хожсон…Раш гоол оруулсан л байдаг байсан.

–          Танай орны хөгжөөн дэмжигчид ямар учраас Ливэрпүүлийг дэмждэг вэ?

1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялж коммунист нийгмийг халан чөлөөт ардчилсан нийгэмд шилжсэн тэр цагаас хойш бидэнд эрх чөлөө, гадаад ертөнц нээлттэй болж эхэлсэн. Шинэ нийгэмд шилжсэн эхний 10 гаруй жилд том багагүй хөлөө олох гэж хөдөлмөрлөсөөр спорт, тэр дотор хөлбөмбөг сонирхох завтай хүн ч бараг байгаагүй болов уу…2000 оны эхээр хүмүүсийн амьдрал арай тогтворжиж ирсэн тэр үед Ази тивд хөлбөмбөгийн ДАШТ болсон юм. 2002 онд Солонгос Японд болсон ДАШТ-ий тоглолтууд ТВ-ээр Монголчуудын хувьд маш тохиромжтой цагуудаар гарч байлаа. Учир нь цагийн зөрүү бараг байхгүй тул өдрийн 15-16 болон оройн 20-21 цагуудад тоглолтууд болж байсан юм. Ийнхүү Монголд хөлбөмбөг сонирхогчид эрс нэмэгдэж нэг үгээр хэлбэл бум болох эхлэл тавигдаж эхэлсэн гэж хэлж болно. 2004 оны Европын АШТ мөн Монголчуудын анхаарлыг маш ихээр татаж сонирхогчдын хүрээг тэлж байлаа. 2005 оны 5 сарын 25, Туркийн Истанбул хотын Ататурк цэнгэлдэх хүрээлэн. Аваргуудын лигийн шигшээ тоглолт. Английн Ливэрпүүл Италийн Милан багуудын шийдвэрлэх тулаан. Энэхүү гайхамшигт тоглолт олон мянган Монголчуудыг Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигч болгосон доо. Манай фен клубын гишүүдийн дотор 1998 оны ДАШТ-ээр Майкл Оуэний гайхалтай тоглолтыг үзээд Ливэрпүүлийн фен болсон залуус бас нэлээн байдгийг бас дурдах хэрэгтэй байх. Одоогоор миний мэдэж байгаагаар Монголд Ливэрпүүлийг хамгийн эртнээс дэмжиж эхэлсэн хүн гэвэл МҮОХ-ны генсек Ж.Отгонцагаан. Манай фен клубын гишүүн тэрээр 1970-аад оны дундуур Кевин Киганыг дэмжиж Ливэрпүүлийн фен болсон гэдэг.

–          Мэдээ, мэдээлэл авах болон тоглолт үзэхэд хүндрэл учирдаг уу?

Коммунист нийгмийн үед бол Орос сонингоос өөр мэдээлэл авах ямар ч суваг, боломж байгаагүй. Оросын ТВ-ээр Ливэрпүүлийн тоглолт ч гардаггүй байсан. Харин ардчилсан нийгэмд шилжсэнээр гадаад ертөнц нээлттэй болж мэдээлэл авах бололцоо нээгдсэн. 2000 оны эхээр Оросын ТВ суваг Английн ПЛ-г шууд дамжуулах болсноор тоглолт үзэх сайхан боломж нээгдсэн дээ. Харин цагийн зөрүүнээс болж Монголд ихэвчлэн шөнийн цагаар тоглолтууд гардаг болохоор гэрийнхнийгээ сэрээчихгүйхэн шиг үзэх гэдэг амаргүй байдаг байж билээ. Улаанбаатар Лондон хоорондоо 7 цагийн зөрүүтэй болохоор Монголд хамгийн эртдээ оройн 20цаг, хамгийн оройдоо шөнийн 4 цагаас тоглолтын шууд нэвтрүүлгүүд гардаг ч бид байнга үздэг дээ.

–          Таны анхны Ливэрпүүлийн баатар хэн байв? Яагаад?

 Энэ бол маргаангүй Иан Раш. 10 хэдхэн настай хүүхэд байхдаа 10 жилийн сургуульд заалгасан орос хэлнийхээ ачаар орос сонингоос Английн хөлбөмбөг, түн дотор Ливэрпүүлийн тухай мэдээ мэдээллийг олж уншдаг байсан тэр үе бол Иан Рашийн оргил үе байсан бөгөөд тэр үнэхээр гоолын тэнгэртэй тоглогч байсан юм. Европын орнуудын АШТ-д хамгийн олон гоол нэг улиралд оруулсан тоглогчийг шагнадаг Алтан пүүзийн эзэн болж байсан тэр л Иан Раш миний Ливэрпүүлийн тухай сонсож мэдсэн анхны баатар маань яриангүй мөн.

–          Ливэрпүүлтэй холбоотой хамгийн сайхан дурсамж чинь юу вэ?

2011 онд Гуанжоуд Ливэрпүүл Азийн аялан тоглолтоор ирэхэд AIPS –н гишүүнийхээ хувиар уг тоглолтыг сурвалжлах эрхийг авч талбайн хажуугаас хайртай тоглогчдоо хэдхэн метрийн зайнаас харж, Хаан Кэннигийн хэвлэлийн бага хуралд оролцсон тэр мөч гайхалтай байсан.

Монгол дахь Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид 2009 оноос хамтдаа цуглаж багийнхаа тоглолтыг үзэх болсон. Түүнээс өмнө ихэвчлэн гэртээ ганцаараа л үздэг байсан болохоор сэтгэл хөдлөл баяр гунигаа дотроо тээгээд л өнгөрдөг байлаа. 2012 оны Лигийн цомын финалыг бараг 150 гаран Копууд хамтдаа цуглаж нэгэн пабд үзсэн. Ливэрпүүлийн хувьд 2006 оны ФА капаас хойш цом хүртээгүй байсан болохоор Хаан Кэннид маш их итгэж байсан маань талаар өнгөрсөнгүй 6 жилийн дараа цом хүртсэн болохоор бид маш их баярлалдаж бараг үүр цайтал болтол тэмдэглэж байлаа.

Түүнээс гадна сар гаруйхны өмнө 5 сарын 5-нд мөрөөдлийн маань нэг болох Анфилдад тоглолт үзэх хүсэл маань биелсэн тэр өдөр бол үнэхээр миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан өдөр. Мэрсисайдын дэрбиг нүдээр үзэж, Жэйми Каррагэр Стивэн Жэррард 2-н хамтдаа талбайд гарч тоглосон сүүлчийн тоглолтын амьд гэрч болсон маань үгээр илэрхийлэшгүй сайхан байлаа.

–          Ливэрпүүлийн аль мэнэжэр танд илүү таалагдаж байв? Яагаад?

 Рафаэль Бэнитэс. Тэр Ливэрпүүлийг Европын тавцанд дахин хүчирхэг баг болгон эргүүлж авчирсан ч тухайн үеийн багийн эздийн буруу бодлогоос болж эхэлснээ дуусгалгүй явсанд нь харамсаж явдаг. Дашрамд хэлэхэд манай залуус намайг Рафатай төстэй гэцгээдэг нь надад сайхан санагддаг шүү.

–          Ливэрпүүлийг дэмжих үед чинь хамгийн сэтгэлд хүрээгүй үе хэзээ байсан бэ?

2008-09 оны улиралд аваргын тайтлыг алдсан тэр мөч хамгийн харамсалтай. Тэр улиралд хэрэггүй олон тэнцээ хийгээгүй бол…гэж одоо ч бодогдсоор байдаг. Мөн 2012 онд ФА капын финалд Чэлсид хожигдсон тоглолт байна. Хаан Кэнни хос цомын эзэн болоход тун ойрхон байсан даа.

–          Та Анфилдэд очиж байсан уу?

Монголчуудын хувьд Их Британий виз өндөр шалгууртай байдаг болохоор хүссэн хүн бүхэнд олгоод байдаггүй. Түүнээс гадна 6000 гаран мил хол болохоор ирж очих болон бусад зардал ч нэлээн өндөр гарах болдог. Манай фен клуб 2 жилийн өмнөөс Анфилд тур зохион байгуулах талаар төлөвлөсөн бөгөөд энэ оны 3 сард бидний 8 гишүүн Англи улсад зорчих виз мэдүүлж Их Британий консулын газар хурдан шуурхай шийдэж өгснөөр бид мөрөөдлийнхөө аяллыг хийсэн юм. 5 сарын 5-нд Анфилдад болсон Мэрсисайдын дэрби хэдийгээр хуурай тэнцээгээр өндөрлөсөн ч бидний хувьд Каррагийн сүүлчийн Мэрсисайдын дэрби болон Стивэн Жэррардтай хамтдаа талбайд гарч тоглосон сүүлчийн тоглолтынх нь гэрч болж чадсандаа сэтгэл маш хангалуун үлдсэн. Цаашид олон удаа очиж олон сайхан тоглолт үзнэ гэдэгтээ итгэлтэй байна.

–          Истанбулын финалын үед та хаана байсан бэ? (2005 оны Аваргуудын Лигийн финалын үеийн дурсамжаа хуваалцана уу)

Алдарт Истанбулын финалыг би гэртээ ганцаараа үзэж байсан. Тэр үед Монгол дахь Ливэрпүүлийн фанатууд нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй байсан үе байснаас гадна Улаанбаатарт шөнийн цагаар тоглолт үзүүлэх паб ч бараг байгаагүй дээ. Монголд шөнийн 00 цагаас хойш бар пабууд ажиллах хуулиар хориотой байдаг байв. Аваргуудын лигийн тоглолт орон нутгийн цагаар шөнийн 2.45-аас эхэлдэг болохоор хөлбөмбөгт үнэхээр дуртай хүмүүс л тоглолт үзэхээр нойроо хугасладаг байсан болов уу. Ливэрпүүл эхний минутанд л гоол алдаж тоглолтыг тун таагүй эхэлсэн ч эхний хагас дуусах хүртэл цаг хангалттай байсан болохоор миний хувьд нэг их сэтгэлээр унаагүй. Гэтэл эхний үе дуусахад тооны харьцаа 0:3 болж Миланчууд бараг цомын баяраа тэмдэглээд эхэлснийг хараад үнэхээр хүнд болж ирсэн, тэгээд ч тэдний энэ их баяр хөөрийг харж суухыг хүсээгүй юм. Ингээд тун сэтгэл дундуур унтахаар хэвтсэн дээ. Хэдхэн цагийн дараа ажилдаа явахаар босоод тоглолтын дүнг хараад шоконд орсон…үнэхээр итгэмээргүй байсан. Ажил дээр хөлбөмбөгийн сонин хачин болон шөнө үзсэн тоглолтын сайхан мэдрэмжээ хуваалцчих хүн бараг байдаггүй, хөлбөмбөг сонирхдог ганц мэнэжэр залуу л байсан…түүнтэй сэтгэл хөдлөл, баяр хөөрөө хуваалцсан даа. Миний хувьд давталтаар хэзээ ч тоглолт үздэггүй бөгөөд учир нь тоглолтын үр дүнг хэдийнэ мэдчихсэн байдаг болохоор ямар ч сонирхолгүй байдаг. Харин ганцхан тоглолтыг л давтан давтан үзэхээс хэзээ ч залхдаггүй…энэ бол Истанбулын финал. Хөлбөмбөгт жижиг зүйл гэж байдаггүй тухай Каррагийн номон дээрээс уншиж байсан л даа. Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай эргэн ирэлт болоход хүргэсэн гоолуудын 2 дахийг Шмицэр оруулсан…түүнийг бөмбөг авахад Кака хамгаалахыг оролдохын оронд шилбэний хамгаалалтаа засаад зогсож байсан, Владигийн оролт явсаар гоол болсон нь бараг тоглолтын эргэлтийн цэг байсан болов уу хэмээн Карра бичсэнтэй 100 хувь санал нийлж байна.

–          Танай оронд Ливэрпүүлийн үнэнч хөгжөөн дэмжигчид олон бий юу?

 2005 оны Аваргуудын лигийн финал Монголд олон мянган хөгжөөн дэмжигчийг Ливэрпүүлийн фен болгосон ч түүнээс хойш багийн амжилт бас тэр болгон санаснаар болохгүй… Ялангуяа сүүлийн 3 улиралд бүр сэтгэлд хүрэхгүй байгаа. Бид Аваргуудын лигийн уур амьсгалыг эргэн мэдрэхийг маш их хүсч…тэвчээртэй хүлээж байна. Истанбулаас хойш баг маань цом ховорхон хүртэж тайтлын төлөө өрсөлдөөнөөс хоцорч байгаа ч Монгол дахь Ливэрпүүлийн фенүүд улам нэмэгдсээр байгаа нь сайхан байна. Одоо бид Монгол дахь хамгийн хүчтэй фен клуб болж чадсныг бусад багийн фанатууд бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Фен клубынхээ тухай товчхон өгүүлбэл…

 Монголын Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд 2010 оны 11-р сарын 7-ны өдөр Ливэрпүүл хөлбөмбөгийн клубыг сурталчлах, Ливэрпүүлийн тухай шинэ мэдээллүүдийг Монгол дахь хөгжөөн дэмжигчиддээ эх хэлээр нь хүргэх зорилготойгоор байгуулагдсан.

Түүнээс гадна бид Монгол дахь хөлбөмбөг сонирхогчдыг, ялангуяа Ливэрпүүлийн дэмжигчдийг нэгтгэж тэдний чөлөөт цагийг идэвхтэй, сонирхолтой өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Мөн бид дэлхийн хэд хэдэн орны Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн холбоодтой харилцан ажиллаж, тэдний үйл ажиллагаанд Монголын хөгжөөн дэмжигчдээ ч оролцуулах ажлыг хийж байна.

2010 оны 12-р сарын 15-нд бид өөрсдийн албан ёсны www.liverpoolfc.mn вэбсайтаа ажиллуулж эхлэсэн бөгөөд мянга мянган хөгжөөн дэмжигичддээ клубынхээ талаарх сүүлийн үеийн шинэ мэдээллүүдийг өөрсдийн эх хэл дээрээ вэбсэйтаараа дамжуулан хүргэж эхлэсэн. Түүнээс хойш бид Монгол дахь хөгжөөн дэмжигчдээ тогтмол шинэ мэдээллээр хангаж байна. Өдрөөс өдөрт манай вэбсайт болон форум өргөжин тэлсээр байна. Одоогийн байдлаар манай форум 2000 гаруй бүртгэгдсэн хэрэглэгчидтэй болоод байгаа билээ. Манай вэбсайт зөвхөн өөрсдийн хэрэглэгчдийнхээ санхүүгийн дэмжлэг болон тэдний сайн дурын тусламжаар ажилладаг.

Клуб маань жил бүр тогтмол хүүхдүүдэд зориулсан буяны үйл ажиллагаа, “Улаануудын шинэ жилийн баяр”. “Red’s Cup” хөлбөмбөгийн тэмцээн, Red`s Indoor Games”, Уулын авиралт, зуны зугаалга, өвлийн амралтууд зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

Жил бүр фэн клубын бүх гишүүдийн хурлаа хийдэг бөгөөд тухайн жилийнхээ төлөвлөөг тэр хурлаараа хэлэлцэж өмнөх жилийнхээ ажлыг тайлагнан, дүгнэдэг. Тэдгээрийн нэг нь бид багийнхаа тоглолтыг амьдаар үзэх ажил тогтиол зохион байгуулагддаг болоод байна. Ливэрпүүлийн ази дахь аялан тоглолтыг 2011 оны 7-р сард манай фэн клубын 11 гишүүн Хятадын Гуанжоу хотын Тианхэ стадионд очиж үзсэн аялал тэдгээрийн нэг нь юм. Тухайн үеийн шилдэг 17 баннэрын нэгэнд бидний баннэр багтан Ливэрпүүлийн үндсэн вэбсайтад гарсанд бид маш их баярладаг.

http://thekop.liverpoolf…173471.html?enlarge=true

2012 оны 11-р сард манай 3 гишүүн Европа Лигийн хүрээнд Анжи Махачкала багтай хийсэн тоглолтыг Москва хотын Черкизово цэнгэлдэх хүрээлэнд очиж үзсэн аяллыг зохион байгуулсан.

Мөн бид дөнгөж нэг сарын өмнө 2013 оны 5-р сарын 5 –нд манай фэн клубын 9 гишүүн Анфилд руу мартагдашгүй аялал хийн домогт дэд ахлагч Жэйми Каррагэрын сүүлчийн Мэрсисайдын Дэрбиг үзэх аяллыг амжилттай зохион байгуулсан билээ.

–          Танай оронд Ливэрпүүлийн хамгийн том өрсөлдөгч багаар аль багийг тодорхойлдог вэ?

Манчэстэр юнайтэд гэхэд арай л учир дутагдалтай юм. Тэдний фанатууд цөөнгүй байдаг ч бидэнтэй ривалдахаар хэмжээнд хүрээгүй тархай бутархай нөхөд байдаг. Харин 2002 онд Азид хөлбөмбөгийн ДАШТ явагдсанаас хойш Монголд энэ спортыг сонирхогчдын тоо эрс өссөнтэй Чэлсигийн сэргэлтийн үе таарсан ч юмуу тэдний фанатууд нэлээн их бий. Рафагийн үед тэднийг Аваргуудын лигт гаргаадаггүй байсан… Сүүлийн жилүүдэд Ливэрпүүл тайтлийн өрсөлдөөнөөс хол байсан хэдий ч тэднийг лигтээ ихэвчлэн хождог болохоор Чэлсигийн хөгжөөн дэмжигчидтэй хамгийн их ривалддаг юм болов уу.

–          Интэрнэтийн хаанаас Ливэрпүүлийн талаар мэдээ мэдээлэл авдаг вэ?

Хамгийн найдвартай мэдээллийг мэдээж үндсэн сайтаас авдаг. Түүнээс гадна Скайспорт, Евроспорт… Тэгээд Оросын мэдээллийн сайтууд байна. Эндээс авсан мэдээ мэдээллээ Монгол хэл рүү хөрвүүлж сайт дээрээ тавин гадаад эх үүсвэрээс мэдээлэл авах боломжгүй бусад нөхөддөө мэдээлдэг дээ.

–          Та орон нутгийнхаа аль нэг багийг дэмждэг үү?

Монголд хөлбөмбөг сонирхогчдын тоо эрс нэмэгдэж байгаа нь сайн хэрэг ч хөлбөмбөгийн түвшин бол нэлээн хоцрогдмол байгаа гэж хэлж болно. Хөлбөмбөгийн цөөхөн талбай нь гэхэд л хиймэл зүлэгтэй стандарт зүлгэн талбай одоогоор алга байна. Мөн манайд мэргэжлийн түвшний баг гэхээсээ илүү сонирхогчийн түвшний багууд л улсын АШТ болохын өмнөхөн бэлтгэлээ базаагаал оролцдог болохоор яг дэмждэг баг бол миний хувьд байхгүй.

–          Одоо байгаа тоглогчдоос таны дуртай тоглогч хэн бэ? Яагаад?

Багийн ахлагч Стивэн Жэррард. Багаа гэсэн сэтгэл, зүтгэлээр түүнийг давж гарах хүн ховор болов уу. Түүнд мөнгөний төлөө ч юмуу…авч амжаагүй цом болох ПЛ-н аваргын тайтлын төлөө ч юмуу өөр баг руу явах боломж байсан ч тэр Ливэрпүүлдээ үнэнч үлдсэн. 33 настай хэдий ч ийм өндөр түвшний тоглолтыг үзүүлж буй түүнийг хүндлэх хайрлахаас өөр аргагүй.

–          Та өнгөрсөн ба одоогийн Ливэрпүүлийн холбоотой хэн нэг хүнтэй уулзах боллоо гэвэл хэнийг сонгох вэ? Яагаад?

Ганцхан хүнтэй уулзах ёстой гэвэл мэдээж ахлагчтай л гэж хэлнэ. Миний хувьд ахлагчийнхаа тоглолтыг үзэх гэж хаа холын Африк хүртэл явж байлаа… 2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-д Английн шигшээ багийг хэсгээсээ 1-ээр гарна гэж тооцоолон Рустэнбург хотод болох 1/8 шигшээ тоглолтын тасалбарыг худалдан авч очсон боловч тэд хэсэгтээ 2-р байрт орон Блумфонтэйн хотод тоглохоор болсон доо. Рустэнбургд АНУ-Гана улсын шигшээ багууд тоглоход цэнгэлдэхийн нэлээд хэсэг нь Английн фанатууд байж билээ. Дараа жил нь Ливэрпүүл Азид аялан тоглолтын хүрээнд хөрш Хятад улсад хүрэлцэн ирэх болсон нь бидний хувьд тун сайхан мэдээ байлаа. Ингээд бидний 11 хүн Гуанжоу хотод болсон тоглолтыг очиж үзсэн ч харамсалтай нь Ахлагч маань ирж чадаагүй юм. Тэгээд сая 5 сард Анфилдад очиж Мэрсисайдын дэрбиг үзэхдээ л Ахлагчаа амьдаар нь ойроос харж, тоглолтын дараа машиндаа суугаад явахад нь гараараа даллаж мэндчилсэн дээ. Одоо харин түүнтэй бүр биечлэн уулзаж хэдэн үг солихыг хүсч мөрөөдөж байна. Мөн хүүхэд байхад Ливэрпүүл гэхээр л санаанд ордог болтол хоногшуулсан Иан Раштай уулзаж ярилцвал бас тун дажгүй шүү. Түүнийг Гуанжоуд зочдын индэр дээр Фил Томпсонтой сууж байхад нь дэргэдээс нь харж байлаа.

–          Юу таныг Ливэрпүүлийн дэмжигч гэдгээрээ бахархуулдаг вэ?

Ливэрпүүл бол дэлхийд алдартай, агуу баг. Зөвхөн үзүүлсэн амжилт, гайхалтай түүх нь түүнийг дэмжихэд хүргэсэн гэвэл худлаа болно. Миний хувьд Ливэрпүүлийг сонгосондоо өөрийгөө маш их азтайд тооцож явдаг. Одоо АПЛ-н топ багуудаас уламжлалаа хамгийн сайн хадгалж үлдсэн баг гэвэл Ливэрпүүл гэж хэлж болно. Хэдийгээр сүүлийн жилүүдэд багийн амжилт санасанд хүрэхгүй, шинэчлэлт өөрчлөлтийн үе явагдаж байгаа ч тун удахгүй Ливэрпүүл Европын тавцанд дахин хүчтэйгээр эргэн ирэх болно гэдэгт эргэлздэггүй. Тийм болохоор Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигч байгаадаа, Монголдоо Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн армийг бий болголцох ажилд оролцож яваадаа тун сэтгэл хангалуун явдаг.

–          Эцэст нь, “Liverpool Way” гэж таны хувьд ямар утгатай вэ?

Ливэрпүүл миний хувьд амьдралын минь хэмнэлийн нэг хэсэг, тэгэхдээ тун их баяр баясал сэтгэлийн таашаал өгдөг хэсэг минь болж дээ. Сая Ливэрпүүлд очоод өөрийн нүдээр үзэж хараад энэхүү мэдрэмж минь улам нэмэгдэх шиг болсон. Өглөө сэрээд л хамгийн түрүүнд Ливэрпүүлийн сайтуудаа нээж шинэ мэдээ мэдээлэл харах нь хэвшил болсон гэж хэлж болно.

эх сурвалж: ливерпүүлфс.мн

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …