Монгол Улс 2003 оноос хойш ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 11 удаагийн нийт 50 сая ам долларын төсөл батлуулан хэрэгжүүлсний 16,5 сая ам.долларыг ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулаад байна.
Үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээнд зарцуулж буй нийт хөрөнгийн 70 хувийг Глобаль сангийн санхүүжилтээр буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог.
“Глобаль сан”-гийн санхүүгийн дэмжлэгээр нийт хүн амын дундах ХДХВ-ийн халдварын тархалтынг бага түвшинд нь тогтоон барьж чадсан юм.
Шинээр батлагдсан 2015-2017 онд ДОХ-ын чиглэлээр хэрэгжүүлэх 5 сая ам. долларын санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлэхээр ХӨСҮТ, Залуус эрүүл мэнд, Төгс бүсгүйчүүд, Гал голомт, Шинэ өөдрөг амьдрал, Хүүхэд өсвөр үеийг ивээх төв, Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагуудтай өнөөдөр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба гэрээ байгууллаа. Төслийн санхүүжилтийг ирэх жилүүдэд ХДХВ,ДОХ-оос сэргийлэх арга хэмжээ хүн амын тодорхой бүлгийнхэний дунд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, бүх шатлалын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хөтөлбөрийн хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлд зарцуулах аж.
Дашрамд мэдээлэхэд: 2001 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан жил тутам 6 сая гаруй хүний амь насанд хүрч буй Дархлалын олдмол хомсдол (ДОХ), сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд зарцуулах хөрөнгө дайчлах, үйл ажиллагааг нягт уялдуулах боломжтой санхүүжилтийг бүрдүүлэх санаачлага гаргасны дагуу 2002 оны 1-р сард Женев хотноо ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль сан анх байгуулагдсан байна. Үүнээс хойш нийт 140 гаруй оронд 30 тэр бум ам.долларын санхүүжилт олгоод байна. 2014 оны байдлаар тус сангийн дэмжлэгтэйгээр дэлхийн хэмжээнд 7.3 сая хүн ДОХ-ын ретровирусын эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж, 12.3 сая халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнүүдийг илрүүлэн эмчилж, хумхаагийн тохиолдлыг 17 хувиар, нас баралтыг 26 хувиар тус тус бууруулж чадсан байна.