Хэн нэгний хайхрамжгүй үйлдлээс улбаалан Монголын зүүн бүс нутагт гал түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрч байна. Одоогийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага сумдад гарсан түймэр өнөөг хүртэл бүрэн унтраагүй байна.
Түймрийн бүс нутагт нутгийн иргэд, ОБЕГ-ын албан хаагчдаас гадна сайн дурын гээд 1600 орчим иргэд гал унтраах ажилд оролцож байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225.273 га ой, хээрийн бүс шатсан. Энэ хугацаанд гарсан 71 түймрийн 35 буюу тал хувь нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна. Дорнод аймагт 17 удаа, Хэнтий аймагт 8 удаа, Сүхбаатар аймагт 10 удаа тус тус гараад байна.
Түймэрт одоогоор 44 айл өрх орон гэргүй болж, 3000 орчим мал хорогдсон мэдээлэл байна.
Хээрийн түймэр гамшгийн хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан нийслэлд тухайн бүсэд амьдарч байгаа иргэдэд туслах тусламжийн цуваа хөвөрч байна. Эл санаачилгыг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас эхлүүлж, харьяа байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа түймэрт өртсөн сумдад өгөхөөр болсон.
Энэхүү санаачилга, уриалгаа хэрэгжүүлж, Хүнс хөдөө аж ахуйн яамнаас сайд Р.Бурмаагаар ахлуулсан тусламж хүргэх цуваа өнөөдөр зүүн аймгийг зорилоо.
Яам,харьяа байгууллагын ажилчдын цалин, төсвөөс гаргасан мөнгөн зардал болон 5 төрлийн малын эм бэлдмэл бүхий 18 сая төгрөгийг гаргасан бол яамны санаачилгыг үндэсний үйлдвэрлэгчид ихээхэн дэмжиж ажиллажээ. Тухайлбал Өгөөж чихэр боов, Оег ХХК, Тэнгэрийн хишиг, Грийн сити, Алейкс импэкс, Дөрвөн Өлзий, Мон вурст, Суман гүн, Од групп, Баясах фүүдс, Есөн од интернэйшнл, Баатрууд тэнгэр, Монгол эко мах, Тэнгэр плаза зэрэг компани аж ахуйн нэгжээс бэлэн мөнгө болон бараа материал, хүнсний тусламж үзүүлсэн байна.
Мөн малын эмийн худалдааны компаниуд хандив өргөсний зэрэгцээ Тогтвортой амьжиргаа, Хөдөө аж ахйу маркетинг, Азийн хөгжлийн банкны 9164 төсөл, малын эрүүл мэнд, Зах зээлийн бэлчээрийн удирдлага зэрэг төсөл, хөтөлбөрийн байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа буюу 3,45 сая төгрөгийг түймэрт нэрвэгдсэн сумдад илгээж байна.
Р.Бурмаа сайд түймэр гарсан сумдад эдгээр тусламжийг хүргэж өгөхийн зэрэгцээ газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллах юм байна.