Олон улсын валютын сангийн хаврын уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн. Энэ үеэр яригдсан нэг чухал сэдэв нь Хятадын юань Азийн бүс нутгийн, цаашлаад дэлхийн нөөцийн валют болоход ойрхон болсон тухай байлаа.
ОУВС анх Зээлжих тусгай эрх хэмээх “зохиомол” нөөцийн валютыг 1969 онд гаргасан байдаг бөгөөд түүний багцад олон улсын хөрвөх чадвартай валютууд ордог. Тухайлбал, 1973 онд Бреттон Вүүдсийн систем задран унасны дараа ЗТЭ-ийн сагсанд америк доллар 48.2 хувь, евро 32.7хувь, английн фунт стерлинг 11.8 хувь, японы иен 7.3хувийг тус тус эзлэх болжээ.
ОУВС таван жил тутамд зээлжих тусгай эрхийн сагсаа шинэчилж, шинээр валют оруулах эсэхийг гишүүн орнуудын 70 хувийн санал авсан тохиолдолд зөвшөөрч баталдаг байна. Хуваарийн дагуу энэ онд ЗТЭ-ийг бүрдүүлдэг валютын сагсаа эргэн харж, бүтцэд нь Хятадын юанийг оруулах эсэхээ шийдвэрлэх болсон аж. Хамгийн сүүлд тэд 1999 онд уг сагс дотроо еврог оруулж, францын франк, германы дойче маркийг хасч байснаас хойш нэг ч удаа өөрчлөлт оруулж байгаагүй юм байна.
Тэгвэл ОУВС-гийн зээлжих тусгай эрхийг бүрдүүлдэг сагс дотор Хятадын юань яагаад орох магадлал их болов? Үүний тулд хоёр шалгуур тавигддаг байна. Нэгд, дэлхийн гадаад худалдаанд эзлэх байр суурь. Хоёрт, дэлхийн гадаад валютын урсгалд эзлэх байр суурь. Хятад улс эхний шалгуурыг төвөггүй хангажээ. Дэлхийн худалдааны байгууллагын 2014 оны мэдээгээр Хятад улс дэлхийн нийт экспортын 12.4 хувийг эзэлж байна. Энэ нь АНУ (8.6 хувь), Герман (8 хувь), Япон (3.6 хувь), Их Британи (2.7 хувь)-иас хол давсан үзүүлэлт болсон бөгөөд юань дэлхийн нөөцийн валют болох эхний шалгуураа тун төвөггүй хангасан байх юм. Харин хоёр дахь шалгуурыг хангана гэдэг нь юань дэлхийн гадаад худалдааны төлбөр тооцоонд чөлөөтэй ашиглагддаг, бусад чөлөөт валютад асуудалгүй хөрвөдөг байх ёстой аж.
Үүний тулд Хятадын төв банк хил хоорондын хөрөнгө оруулалтыг дэмжих, төлбөрийн тэнцлийн хөрөнгө, санхүүгийн дансаар орж гардаг валютын урсгалыг илүү чөлөөтэй болгон либералчлах, валютын гүйлгээнд тавьдаг хяналт зохицуулалтаа өөрчилж, илүү энгийн бөгөөд ил тод болгох эрх зүйн зохицуулалт хийх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
Нөгөө талаас Хятадын төв банк бусад орнуудын төв банктай үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл байгуулж, гадаад худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтийг түлхүү ашиглах болсон билээ. Тухайлбал, Хятадын төв банк дэлхийн 30 гаруй төв банктай 3.2 их наяд юаньтай тэнцэх хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл байгуулсан байна. Жэй Пи Морганы мэдээнд энэ тоо бүр 9.9 их наяд юань болж нэмэгдсэн гэжээ. Эдгээрээс хамгийн том нь Хонг Конгтой 400 тэрбум, Солонгос улстай 360 тэрбум, Европын холбоотой 350 тэрбум, Сингапуртай 300 тэрбум, Австрали, Англи, Канад улстай тус бүр 200 тэрбум, Бразилтай 190 тэрбум, Малайзтай 180 тэрбум, ОХУ болон Швейцарьтай тус бүр 150 тэрбум, Индонезтэй 100 тэрбум юанийн своп хэлцэлтэй байна. Үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл нь улсын гадаад өр гэж тооцогддоггүй аж. Учир нь үүнийг хоёр орны гадаад худалдааг дэмжих, худалдаа, эдийн засгийг тогтвортой байлгах зорилгоор хэрэглэдэг бөгөөд юанийг дэлхийн валют болгох Хятадын урт хугацааны бодлогын нэг элемент гэж үздэг юм байна. Энэ ч утгаараа дэлхийн 30 гаруй орны төв банк Хятадын төв банктай байгуулсан своп хэлцлийн хугацаагаа байнга сунгаж байдаг ажээ.
Товчхон дүгнэхэд дэлхийн улс орнууд Хятад улстай гадаад худалдаагаа тэлэх тусам үндэсний мөнгөн тэмдэгтийн своп хэлцлийн хэрэглээ нэмэгддэг нь жам ёсны, хэвийн үзэгдэл болж байна.
Одоогоор дэлхийн 30 гаруй төв банк 300-400 тэрбум юанийн актив хөрөнгөд хөрөнгө байршуулсан мэдээтэй байна. Хятадаас гаднах оффшор бүсэд нийт 2 их наяд юанийн хадгаламж байдаг, олон улсад юанийн төлбөр тооцоог хийдэг 14 том төв байдаг байна.
Эдгээрээс үзэхэд Хятадын юань дэлхийн гадаад худалдаанд томоохон байр суурь эзэлдэг чухал валют болжээ. Жэй Пи Морганы үзэж байгаагаар юаниар төлбөр тооцоо хийдэг оффшор банк бүхий Герман, Франц, Англи, Канад зэрэг орнууд, Хятадын төв банктай своп хэлцэл байгуулсан ОХУ, Итали зэрэг орнууд юанийг дэлхийн нөөцийн валют болохыг дэмжих нь тодорхой гэж үзэж байна. Эдгээр 6 орон л гэхэд ОУВС-гийн гишүүн орнуудын нийт саналын 24 хувийг бүрдүүлдэг байх юм.
Хятадын юань дэлхийн нөөцийн валют болбол ямар нөлөөлөл бий болох вэ? Нэн тэргүүнд ам.доллараас хамаарах хамаарал дэлхийн улс орнуудад буурч, Хятадтай худалдаа хийдэг орнуудад эерэг тусах юм байна. Учир нь дэлхийн санхүүгийн зах зээлд Хятадын үүрэг, оролцоо их болсныг олон улсад хүлээн зөвшөөрч, хятадын юанийг гадаад худалдааны төлбөр тооцоонд хэрэглэх хандлага цаашид улам нэмэгдэх ажээ. Азийн бүс нутгийн интеграцчилал, БРИКС орнуудын Хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд Хятадын гүйцэтгэж буй үүрэг, манлайлал асар их байгаа билээ. Энэ ч утгаараа юань дэлхийн нөөцийн валют болбол Хятадтай худалдаа хийдэг орнууд, тэр дундаа хөгжиж буй орнуудын эдийн засагт, Азийн бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдалд урт хугацааны эерэг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид онцолж байна.
Эдгээрээс дүгнэхэд Хятадын юань дэлхийн нөөцийн валют болоход тун ойртжээ. Энэ онд болох уу, эсвэл 2020 онд уу гэдэг нь харин асуулт болон үлдэж байна.
Мэдээллийн эх үүсвэрүүд: Хонг Конгийн Жэй Пи Морган банкны тайлан, Стандарт Чартеред банк, Сити Групп, ОУВС, Блүмберг.
Юань нөөцийн валют болох асуудалд хэн юу хэлэв?
ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард: “Хятадын юань Зээлжих тусгай эрхийн сагсанд орж чадах уу гэсэн асуулт байхгүй. Харин хэзээ орох вэ гэдэг л асуулт бий. Юань ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн сагсанд орох нь тодорхой асуудал. Хятадын Засгийн газар, Төв банкнаас энэ чиглэлд авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг ОУВС-гийн зүгээс талархан дэмжиж, тэдэнтэй нягт хамтран ажиллана” (2015 оны 3 дугаар сар).
Хятадын Ардын банк (Төв банк)-ны Ерөнхийлөгч Жоу Шиаочуан: “Олон улсын гадаад худалдаа, шууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаанд юанийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлогоо бид тууштай үргэлжлүүлнэ. Үүний зэрэгцээ юанийн ханшийг илүү уян хатан болгох, хөрөнгө ба санхүүгийн дансыг илүү либералчлах, хил хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн дэмжих, эдийн засгийн харьяат бус этгээд Хятадын зах зээлд санхүүгийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, институциональ хөрөнгө оруулагчдыг Хятадын хөрөнгийн зах зээлд оролцохыг дэмжих зэрэг арга хэмжээг цогцоор нь авах болно”(2015 оны 4 дүгээр сар).
Citigroup хөрөнгө оруулалтын банкны EM хариуцсан захирал Дэвид Любин: “Энэ онд ОУВС-гийн Зээлжих тусгай эрхийг бүрдүүлэгч валютын сагс дотор Хятадын юанийг оруулах магадлал маш өндөр байна. Хэрэв ийм зүйл болбол Хятадын юань чөлөөтэй хөрвөдөг валют гэж бүрэн утгаараа тооцогдохгүй ч, дэлхийн нөөцийн валют болно гэсэн үг.”
Б.ХОНГОР
Эх сурвалж: www.news.mn