Янзаганы талаарх зарим сонин хачинаас …

11156310_833571823356607_3708284745309521382_nГовь-Алтай аймгийн Дарив сумын байгаль хамгаалагч Т.Буянбат хэдийгээр математикийн багш мэргэжилтэй нэгэн ч бөхөн гэдэг энэ амьтныг хайрлан хамгаалах, судлан таних ажилд олон жил зүтгэж яваа хүн. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ажигласан сонин хачин зүйлсийнхээ заримаас уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.
1. Бөхөн хэмээх энэ ховор амьтан үр төлөө зуны эхэн сард төрүүлэхдээ аль болох нам дор газар, хүн малын хөл хөдөлгөөнтэй улаан зам газар сонгодог. Энэ нь магадгүй янзаганы гол аюулуудын нэг болох махчин шувуу, үнэг г.м махчин амьтдын дайралтаас зайлсхийх амьтны нэг арга болов уу. Нэгэн удаа тэрээр WCS-ийн судлаач н.Бүүвэйбаатар, бөхөнгийн байгаль хамгаалагчдын сүлжээ багийн ахлагч Д.Батсайхан нартай янзага хүзүүвчлэх судалгааны ажлаар явж байв. Тэд бөхөнгийн төллөлтийн энэ онцлогийг мэддэг учир байн байн зогсон дурандаж шинэхэн төрсөн янзага эрэн байлаа. Ийн явж байтал гэнэт тэдний сууж явсан УАЗ-469 машины яг халз урдаас нэгэн янзага учиргүй давхин ирж дугуйн дор орчихоо дөхлөө. Тэд ч сандран рулээ хажуу тийш мушгин эргэсэн боловч нөгөө янзага даган дахин машинд дайрагдах шахав. Тэд хэсэгтээ л сандарч сүүлдээ янзага хүнээс биш, хүн янзаганаас айсан хэрэг болж байсан гэдэг.
2. Бас нэгэн удаа тэрээр сар бүрийн мониторинг судалгаандаа гаран Төхөмийн голын орчимд Тунгалагт явж байлаа. Телескоп тавин ойр орчмыг ажиглан сууж байтал дуранд гэнэт нэг сонин зүйл ажиглагдах нь тэр. Эм бөхөн нэгэн үнэгийг мөргөх гээд хөөх бөгөөд харин үнэг тойрог хөдөлгөөнөөр зугтаад байлаа. Гэхдээ аажим аажмаар тойргоо багасгаад байв. Тэгж тэгж тойргийн дунд байгаа нэг юм руу (янзага бололтой) дайраад зугтав. Энэ байдал 2 удаа давтагдсаны дараа үнэг зугтан алга болжээ. Харин нөгөө бөхөн хэсэг зогсож байснаа бас яваад өгөв. Т.Буянбат үүнийг үнэг зальт аргаараа янзагыг нь гэмтээлээ гэж бодон очиж үзжээ. Үнэхээр тэнд нэг янзага бараг үхэж байлаа. Түүний чамархайн орчимд үнэгний 2 шүдний ором оржээ. Хөөрхий шаргачин хичнээн хичээсэн ч харамсалтай нь үр төлөө махчинаас хамгаалж чадсангүй.
3. Бөхөн янзагаа бутны ард, хонхор гүдгэр газрыг сонгон хэвтүүлж нуугаад бэлчээрт явдаг. Гэвч зарим томоогүй, сониуч янзаганууд ээжийнхээ үгэнд орж хэвтэхгүй, дагах нь бий. Ийм тохиолдолд ээж нь хэвтүүлэх гэж хэд хэд оролдсоны эцэст шууд зугтаадаг. Янзага мэдээж ээжийнхээ араас хэд харайх боловч удалгүй ээжээсээ хоцроно. Тэгээд хоцорсоноо мэдэхээрээ хэвтээд өгнө. Харин ээж нь алсхан очоод янзагаа ажиглаж байгаад хэвтэхээр нь тайван идээшилж эхэлдэг билээ.
4. ДБХС-гийн биологич Э.Сэргэлэн Дөргөний хүрэн талд төллөлтийн үеийн судалгаа хийж явахдаа машинд дайрагдан үхсэн янзагатай таарч байжээ. Иймд тэрээр хөдөө хээр аян замд явахдаа амьтны нялх үр төл санамсаргүй дайрахаас сэргийлж анхаарал болгоомжтой явахыг ард иргэддээ сануулж байна.

11173358_833571940023262_5810028468853928145_n 10407992_833571926689930_966519372553844277_n 1513821_833571860023270_2359919646546600823_n

Эх сурвалж: WWF-Mongolia

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …