Тэр эхлээд ээжийнхээ, дараа нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлсэн. Харин одоо Монголын зэвсэгт хүчний мөрөөдлийг биелүүлж, чадварлаг залуусын тэр зүгт тэмүүлсэн анхны шанг татахаар НҮБ-ыг өнөө маргаашгүй зорих гэж байна. Тэрбээр НҮБ-ын Энхийг сахиулах газарт ажиллах хүсэлтэй цэргийн эрдэмд мэргэшсэн, мэдлэг чадвартай олон орны залуустай өрсөлдөж, тэнцээд Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицер гэсэн албан тушаалд томилогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ганболдын Болор гэх дайчин, хөдөлмөрч энэ эмэгтэй Монголын Зэвсэгт хүчний салбарын алба хаагчдын дундаас НҮБ-д үндсэн ажилтнаар очиж буй анхны хүн юм.
17 настайдаа цэргийн хүн болсон, Цэргийн шинжлэх ухааны бакалавр, Техникийн шинжлэх ухааны магистр, дэд хурандаа цолтой, АНУ-ын Алабама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй цэргийн алба хаагч, Энхийг сахиулах ажиллагаанд хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн зэрэг баргийн хүн сүрдмээр алдар, цолноос нь болсондоо ч тэр үү гирэвшингүй орсон намайг үргэлжийн инээмсэглэл тодруулсан намуухан төрх, хэнтэй ч амархан ойлголцож, үнэн сэтгэлээсээ яриа дэлгэдэг энгийн байдал нь тайвшруулсан юм.
Бидний яриа “Эмэгтэй хүн цэргийн хүн болж, алба хаана гэдэг таныг Цэргийн их сургуульд элсэж байх үед нүдний гэм байсан байх. Үеийн охидоосоо тэс өөр шийдвэр гаргаж, эрчүүдтэй мөр зэрэгцэх болсон шалтгаан тань юу байсан бэ” гэснээр эхэлсэн юм. Тэрбээр “Энэ бол ээжийн минь сонголт. Би эмч болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө элсэлтийн шалгалтад өдөр шөнөгүй бэлддэг, өөрийгаа чагнуур зүүж, хүмүүсийг эмчилж байгаагаар зүүдэлж сэрдэг охин байлаа. Сургуулиа төгсөж, шалгалтдаа орох гэж байтал миний эргэн тойронд “Эгчдээ захисан, ахаараа яриулсан” гэсэн олон хүүхэд байсан. Тухайн үед “Бүтэн хоёр жил бэлдчихээд Болор Анагаахад тэнцээгүй” гэх байх гэж бодоод шалгалтынхаа дундаас гараад ирсэн. Ийм юм ярьсаар гэртээ ортол ээж намайг “Цэргийн их сургуульд шалгалт өгчих. Тэнд анхны эмэгтэй элсэгч авах гэж байгаа гэж байна” гээд аргадаж, уурлаж янз янзаар гуйгаад эхэлсэн. Тэгээд л шалгалт өгсөн. Гэхдээ дотроо бол унаад, ирэх жил Анагаахад элсэх юм бодчихсон явж байгаа. Цэргийн их сургуулийн эмэгтэй элсэгчтэй анхны ангид зургаан эмэгтэй тэнцсэний нэг нь би. Ээж минь их баярлаж байх шиг харагдсан. Одоо “Би чамд зөв юм хэлдэг биз” гэж ам асуудаг юм. Ээжийн минь заасан зам бүр зөв байдгийг өдөр ирэх бүр мэдэрч байгаа” гэсэн юм.
Үргэлжлэлийг: http://gsmaf.gov.mn/index.php?id=403