Энэ хаврын өвөрмөц парти болох “Домбыра парти-2015” энэ сарын 26-нд буюу маргааш 19.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Уг арга хэмжээний зохион байгуулагчаар казах түмэн үндэсний домбор хөгжмөө суртачлахаар зорьж яваа хэсэг залуус ажиллах юм.
Өөрөөр хэлбэл, домбор хөгжмийг олон нийтэд суртачлах, уг арга хэмжээгээр дамжуулж заавал мэргэжлийн хөгжимчин гэхгүйгээр оролцогч бүр домбор хөгжим тоглож чаддагаа харуулах боломжтой гэнэ.
“Домбыра парти” Казахстан улсын бүх хотуудад долоо хоног болгон зохиогддог бөгөөд өдгөө тус улсын залуучуудын хамгийн идэвхтэй оролцдог арга хэмжээ болсон байна. Харин Улаанбаатар хотноо анх удаагаа зохиогдож байгаагаараа онцогтой аж. Урлагт хайртай залуучуудаа “Домбыра парти”-нд ирэхдээ домбор, гитараа авч ирэхээ мартуузай хэмээн зохион байгуулагчид сануулж байсан. Үдэшлэгт ирсэн хүн бүхэн казах түмний ардын сайхан дуунуудыг сонсож, домбор хөгжмийн гайхамшгийг мэдрэх боломж бүрдэх юм.
Сонирхуулахад, XIX зууныг домбор хөгжим дэлхий дахинд алдаршсан үе хэмээн нэрлэдэг байна. Казах ардын хөгжмүүдийг хэд хэдэн төрөлд ангилж үздэг. Тухайлбал казах үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсгийн төрлөөс хамгийн түгээмэл тархсан зэмсэг бол домбор юм.
Домбор хөгжмийн 20 гаруй төрөл байдаг. Харин домбор хөгжмийн аялгууг шертпе буюу зөөлөн ритмтэй, төкпе буюу нилээд ширүүн ритмтэй гэж ангилдаг. Хамгийн эртний домбор хөгжмийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Л.Н.Гумилевийн нэрэмжит Евразийн Үндэсний Их сургуулийн эрдэмтэд олж илрүүлж, “Ата домбыра” буюу “Өвөг домбыра” хэмээн нэрлэсэн бөгөөд одоогоор тус сургуулийн музейд хадгалагдаж байна.