Сүүлийн үед цагдаа тагнуул, гэх мэт Хууль хүчний байгууллагуудын нэр хүнд унаж, алдаатай хууль, шударга бус хуульчдын балгаар олон хүн хэлмэгдэж, нэр хүнд эрүүл мэнд, ажил төрөл, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь нууц биш. Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн шинэчлэлийн хүрээнд томоохон өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Тэрээр суурь хуулиуд болох Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийг эцэслэн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ. Үүнээс гадна хууль, тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна. Эдгээр хуулиуд батлагдснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай хуулиуд шинэчлэгдэх юм байна. Эрүүгийн хуулийг 2002 онд баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Харин өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн давуу болон сул талууд, үр нөлөөтэй хэрэгжиж байгаа зүйл заалтыг судлан үзэж хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судалж үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Энэ хуулинд хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял гэсэн шинэлэг заалтыг оруулжээ. Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулахын зэрэгцээ ялын үр нөлөө дээшилнэ гэж хуульчид ярьж байна. Эрүүгийн хуулийг хэрэглэдэг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн түгээмэл шүүмжилдэг, хэрэглэхэд бэрхшээлтэй, зүйлчлэхэд эргэлзээ учруулдаг гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүний шинж байдлын ялгааг гаргах үүднээс гэмт хэргийн бүлгийг шинээр эрэмбэлж оруулсан аж. Үүний зэрэгцээ Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээд нэг зөрчлийг байнга, эсхүл 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол тухайн зөрчилд заасан хэмжээг нэмэгдүүлж шийтгэл хүлээлгэдэг байхаар заажээ. Зөрчлийн тухай хуулийн төсөл шинээр боловсруулсантай холбогдуулан захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан нийт 200 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.Мөн Хохирлын сангийн тухай хуулийг батлуулахаар өргөн байриад байна. Хуулийн төсөлд хохирлын сангийн эх үүсвэрээс төвлөрсөн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлөх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэсэн 4 төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгаж үүнтэй холбоотой Төсвийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгажээ. Мөн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлжээ.Хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хохирлын сангийн тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай, Мөрдөх албаны тухай, Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ойрын үед УИХ-д Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн мэдүүлэх юм байна.
эх сурвалж: http://www.fact.mn/216938.html