Дархан-Уул аймаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн ортой эмнэлэг 13, оргүй эмнэлэг 56, эмийн сан 53, эм хангамжийн байгууллага зургаа ажиллаж, дотор, мэдрэл, уламжлалт, чих хамар хоолой, нүд, арьс, лаборатори, шүдний тусламж үйлчилгээний чиглэлээр 10-65 хувийг хүн амдаа үзүүлж байна. Цаашид аймгийн хэмжээнд төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын түншлэлийн үйл ажиллагааг хөгжүүлж, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хувийн хэвшлийн ортой 12 эмнэлгийн захирлуудтай Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл “Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ”-г байгууллаа.
Тус гэрээнд хувийн хэвшлийн эмнэлгүүд шинээр нэвтрүүлэх эмчилгээ оношлогооны технологи, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй хэвтүүлэн эмчилэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, аймгийн нэгдсэн эмнэлгийн орны хүлээгдэл ачаалалыг бууруулахад дэмжлэг үзүүлж, 10-70 хувийн хөнгөлөлттөй үнээр хүн амд үйлчилэх зэрэг асуудлуудыг тусгав.
Улсын эрүүл мэндийн байгууллагууд хувийн хэвшлийн эмнэлгүүдэд чанар, магадлан итгэмжлэл, халдвар хяналт, эмийн аюулгүй байдал, гамшиг ослоос сэргийлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх чиглэлээр дэмжлэг үзүүлэх үүргийг гэрээний дагуу гүйцэтгэх аж. Ийнхүү түншлэлийн гэрээний ач холбогдол нь хүн амын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа хуваалцах, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, улс, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар аль аль талд ашигтай хэлбэрээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.